|

Ерөнхийлөгчийн засаглалтай болцгооё

saikhnaa 2018/02/21 172 0
Парламентын засаглал 
 

Ерөнхийлөгчийн засаглалтай болцгооё

 

1992 оноос хойш Монгол улс парламентийн засаглалтай болсон. Түүнээс хойш 2017 оны байдлаар ямар үр дүнд хүрэв гэдгийг дүгнэж үзэхэд:
Монгол орны эрт дээр үеээс уламжлан ирсэн хуульт ёсыг сэргээн, шудрага ёсыг бий болгох талаар Ц.Нямдорж тэргүүтэй хуульчид асар их хөдөлмөр, хүч чармайлт гарган 500 гаруй хуулийг гарган мөрдүүлснийг үгүйсгэж ерөөсөө болохгүй. Цаашид ч хууль эрхзүйн акт баримтыг сайжруулан, улс орны аюулгүй байдлыг хангах, хөгжүүлэх, хүмүүсийн аж амьдралыг дээшлүүлэхэд чиглэсэн арга хэмжээг хуульчлан, түүний хяналтыг тавьж ажиллах нь зүйтэй. 
Харин хувийн эрх ашгийг Улс орныхоос илүүд үздэг хүмүүс, мөнгө ихтэй баячууд олноор Парламентад орсноос  түүний засаглалыг ашиглан үндэсний баялгаа хувааж идэн, ядууруулах  алхамыг хийж байгааг өөрчлөх зайлшгүй хэрэгтэй боллоо.
3 сая хүн амтай 70 орчим сая малтай, маш их баялагтай, өдий төдий уул уурхайн үйлдвэрүүдтэй, барилгажилт өндөр хэмжээнд хөгжсөн Монгол Улсын иргэд дэлхийн хамгийн жаргалтай, баян орон байх боломжтой билээ. 
Гэтэл Парламентийн засаглалын үр дүнд гадаадаас их хэмжээний зээл авч /23 их наяд төгрөг/, үндэсний орлогоосоо хэд дахин давсан өрөнд орж, уг зээлээр цөөхөн хүн баяжиж, хувааж иддэг болсноор хүн амын дийлэнх нь ядуурч,  амьдрахад бэрхшээлтэй болсноор гадаад орон руу олноор дүрвэн гарах боллоо. 
Хэн хуваан авч байна гэхээр нөгөө Парламентийн гишүүд, тэдний намын зүтгэлтнүүд. 
Өөрөөр хэлбэл Монгол Улсыг их өрөнд оруулж, эргэн төлөгдөх найдвар багатай зээлээр янз бүрийн төслүүдийг санхүүжүүлэх нэрээр дээрх парламентийн гишүүдийн компаниуд хуваан авчээ. Үүний нэг тод жишээ УИХ-ын гишүүн асан Гарамгайбаатарын үйлдэл. Түүнтэй төстэй олон үйлдлээр дийлэнх Их Хурлын гишүүд, тэдний гэр бүл, компаниуд баяжсан байдаг. 
Засгийн Газар нь УИХ-ын гишүүдийн бизнесийг дэмждэг үйлчилгээний байгууллага болж хувирсны дээр, улс орны эрх ашигт нийцсэн арга хэмжээг төлөвлөн гэрээ хэлэлцээр байгуулахаар УИХ-д хандахад УИХ-н гишүүдэд ашиг орлого оруулахгүй бол томоохон төслүүдийн саналыг унагааж, улс орны хөгжилд саад хийдэг боллоо.  
Их Хурлын гишүүд яамны сайдад үүрэг өгөх эрхтэй, хэрэв тэдний бизнесийг дэмжихгүй бол ямар нэг шалтгаан олж сайдыг огцруулах асуудлыг тавьж дарамлана. Их хурлын гишүүнд өрсөлдөхөөр их мөнгө зарцуулснаа нөхөхийн тулд төсөл нэрээр төрөөс тэрбум тэрбумаар мөнгийг авч идэн баяжихыг эрмэлздэг удирдлагын системтэй засаг төр ажилладаг болсон нь үнэхээр харамсмаар.
Сум орон нутгаас их хуралд сонгогдсон гишүүд дахин сонгогдохын тул 70 сая мал бүхий малчид буюу Монгол Улсын ажиллах хүчний дөрөвний нэгийг бүрдүүлж буй малчдаас нэгч төгрөгийн татвар авахгүй байхыг чухалчилж, улсыг ядууруулах гол бодлогыг гаргаж, үйлдвэрлэл явуулж орлого олж байгаа хүн бүр татвар төлж байх Үндсэн Хуулийн заалтаа УИХ хэрэгжүүлэхгүй байна. 
Уг нь орон нутагт засгаас төсвийн хөрөнгө мөнгө авахгүйгээр мал аж ахуйн орлогоор бие даан хөгжих боломжтойг дээр үеийн хөдөө аж ахуйн нэгдэл, сангийн аж ахуй гэж байхад Нэгдэл, Сангийн аж ахуйн дарга нар хариуцан ажиллаж, бааз суурийн нь тавьж өгсөн жишээ байдаг.
Монгол улсын аж ахуйн нэгжүүд, хувийн хэвшлийн байгууллагуудын татвараар олсон орлого, дээр нь зээл тусламжийг нэмэгдүүлж, аймаг, сумдын төсвийг бүрдүүлж, хөрөнгө оруулалтыг хариуцан гаргаж,  малчдын эрүүл мэнд, боловсрол, малын эмчилгээг хангаж,  өвс, тэжээлийн тусламж үзүүлж, малыг өсгөн баяжих боломжийг бүрдүүлж өгсөөр байна.
Түүний үр дүнд малын тоо 70 саяд буюу 100 гаруй сая хонь толгойд хүрэн баяжиж байгаа юм шиг мөртөө мал аж ахуйгаа сүйрүүлэх бодлого барьж байна. 
Монгол орны бэлчээрийн даацийг 65 орчим сая хонь толгой байна гээд эрдэмтэд 1970-аад оны үед тодорхойлсон. Саяхан эрдэмтэд судлан бэлчээрийн даац хэтрэн, аюултай байдалд орсныг тодорхойлон гаргаж анхааруулж, сонин хэвлэлд мэдээлсэн. 
Тэхлээр 100 сая толгой мал бэлчихээр бэлчээрийн мал иддэг ашиг шим ихтэй гол өвс ургамлууд устаж, хортой, ашиг шим багатай ургамлууд үлдээд 2003-2008 оных шиг хуурайшилтай  жилүүд давтагдахаар идэх өвсгүй болж, өнгөрсөн жил шиг их цас орох үед малын дийлэнх хэсэг нь үрэгдэж, малчид ядуурах замд орохоор байгаад Парламент тодорхой арга хэмжээ авахгүй байсаар байна.
Монгол улс зах зээлийн системд шилжлээ гэж улс төрчид, эдийн засагчид дүгнэдэг боловч улс орны эдийн засгийн гол тулгуур болсон мал аж ахуй маань жалга довны гишүүдийн бодлогоор түүнд орсонгүй.
Үндсэн Хуульд өөрчлөлт оруулахаар түүвэр сонголтоор 1500 хүнийг цуглуулж, Парламентын засаглалыг бэхжүүлэх, Ерөнхийлөгчийн эрх мэдлийг хумиж, өөрийн мэдлийн дагавар хүү болгох гэсэн асуудлуудыг тулган хэлэлцүүлж, жүжиг тоглосон нь явуургүй болсон нь илт харагдаж, одоогийн засаглал Монгол Улсад тохирохгүй байгаа нь мэдэгдэж,  Парламентийг тараах эрхтэй, ард нийтээр сонгосон, хүчтэй Ерөнхийлөгчийн засаглалд орох шаардлагатай болсныг харууллаа.
Ингэж баян орныг улс төрийн аргаар ядууруулж, өрөнд оруулсан Парламентын засаглалыг Үндсэн Хуулиндаа өөрчлөлт оруулах замаар Ерөнхийлөгчийн засаглалд шилжүүлж, эх орон ард түмнээ бодсон засаг төртэй болох хэрэгтэй боллоо.
 
Ерөнхийлөгчийн засаглал
 
Бүх ард түмний сонгуулиар сонгогдсон Монгол Улсын Ерөнхийлөгч нь Засгийн Газраа бүх ард түмний сонгуулиар ялсан намаас дэвшүүлэн гаргаж ирсэн Ерөнхий сайдтай хамтран зохион байгуулна.
Ерөнхийлөгч нь Улсын Их Хурлыг тараах, дахин сонгууль явуулах эрхтэй байх ба УИХ-ын гишүүний хууль зөрчсөн үйлдлийг Улсын Дээд шүүхэд оруулан шийдвэрлүүлж байх үүрэгтэй, хяналтын механизмтэй ажиллана.
Ерөнхий сайдыг Ерөнхийлөгч УИХ-д оруулж зөвшөөрүүлэн Ерөнхийлөгчийн зарлигаар томилно. Ерөнхий сайд нь яамдыг зохион байгуулах асуудлыг  УИХ-д оруулж батлуулна.
Ерөнхий сайд Яамны сайд нарыг сонгон  Ерөнхийлөгчийн зарлигаар томилно.
Яамны сайдад тухайн салбартаа 10-аас доошгүй жил ажиллаж, салбарын үйл ажиллагаа уялдалгааг сайн мэддэг, Монгол Улсын Зөвлөх болон Магистраас доошгүй эрдмийн зэрэгтэй, олон улсын хэмжээнд хэрэглэдэг гадаадын аль нэг хэлний мэдлэгтэй хүн байхаар хуульчлах хэрэгтэй.
Яамны сайд бүрийн улс эх орны өмнө хүлээх үүрэг, хариуцлага, ард түмний аж амьдрал, ахуй соёлыг дээшлүүлэх талаар гүйцэтгэх үүргийг тодорхой зааж өгсөн байх хэрэгтэй. 
Жишээ хэлэхэд: Монгол Улсын Эрчим хүчний сайд хямд эрчим хүчээр ард түмнээ хангах үүрэг хүлээдэггүй, аль болохоор их хөрөнгөөр үйлдвэр байгуулж, өндөр үнээр эрчим хүчийг борлуулж ашиг хонжоо олоход чиглэгдсэн, ядуурлыг нэмэгдүүлсэн үйл ажиллагаа явуулж байна шүү дээ.
Одоогийн хуулиудад төрийн захиргааны төв байгууллагын бүрэн эрхийг зааж өгсөн байдаг боловч уг байгууллагын хүлээх үүргийг орхигдуулсан байдаг тул хуульд заавал үүрэг, хариуцлагыг зааж өгдөг болох хэрэгтэй бөгөөд түүний биелэлтээр төв байгууллагын болон удирдлагын үйл ажиллагааг дүгнэх боломжтой болох хэрэгтэй.
Засгийн Газар нь Улсын Ерөнхий прокурор ба Авилгатай тэмцэх газрын даргыг сонгон УИХ-д оруулж зөвшөлцөн Ерөнхийлөгч томилдог байх.
 
Шүүх засаглал
 
Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хороо Монгол Улсын Ерөнхий шүүгч, Шүүхийн ерөнхий зөвлөлийн тэргүүнийг сонгох ажлыг хариуцан явуулна.
Ерөнхий шүүгч, Шүүхийн ерөнхий зөвлөлийн тэргүүнд Улсын дээд шүүх, аймаг, нийслэл, хот, дүүргийн тэргүүн шүүгч нараас нэрээ дэвшүүлж, сонгуулийн ерөнхий хороонд материалаа бүрдүүлэн, хуулиар батлагдсан зохих шалгуурыг хангасан эсэхийг шалган нэрийг дэвшүүлнэ. 
Сонгуульд шүүгчийн эрх авсан бүх шүүгчид оролцохоос гадна Улс, аймаг, нийслэлийн Прокурорын бүрэлдэхүүн ба Өмгөөлөх эрх бүхий өмгөөлөгчид оролцон хамгийн олон санал авсан хүн Монгол Улсын Ерөнхий шүүгч, Шүүхийн ерөнхий зөвлөлийн тэргүүн болж, түүнийг сонгуулийн ерөнхий хороо УИХ-д оруулж баталгаажуулна.
Ерөнхий шүүгч, Шүүхийн ерөнхий зөвлөлийн тэргүүн нь дээд болон дунд, доод шатны шүүхийн бүрэлдэхүүнийг томилж, зохион байгуулна. 
Энэ нь Шүүх засаглалын Ерөнхийлөгч, Засгийн Газар, Их хурлаас хараат бус ажиллагааг хангана.
 
 
Б.Дагвадорж
Усны эрчим ХХК-ий ерөнхий захирал
Доктор (Ph.D), Монгол Улсын Зөвлөх инженер

Санал болгох

Сэтгэгдэл

top