|

Элчин сайд М.Энхсайханыг хуулийнхан онилжээ

saikhnaa 2018/03/10 535 0

Элчин сайд М.Энхсайханыг хуулийнхан онилжээ

 

Монгол Улсаас Шведийн Вант улсад суугаа Элчин сайд М.Энхсайханыг АТГ шалгахаар болсон тухай мэдээлэл анхаарал татаж буй. Хилийн чинадад дипломат алба хашихаар одсон түүнийг Монголдоо байхдаа хууль зөрчсөн үйлдлүүд хийсэн гэж хуулийнхан онилжээ. М.Энхсайхан Монгол Улсын Сайдаар ажиллаж байхдаа Тавантолгой нүүрсний ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээг бэлтгэхдээ Монгол Улсын холбогдох хэд хэдэн хууль тогтоомжуудыг зөрчсөн асуудалд холбогджээ.Тодруулбал, "Таван толгойн ордыг ашиглах Хөрөнгө оруулалтын гэрээ”, "Ухаа-Худаг-Гашуун-Сухайтын чиглэлд төмөр замын суурь бүтэц барих-ашиглах-шилжүүлэх концессын гэрээ”-ний төслүүдийг бэлтгэх явцдаа Монгол Улсын холбогдох хууль тогтоомж, Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, Улсын Их хурлын болон, Засгийн газрын холбогдох тогтоолууд, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмжийг илтэд зөрчиж, Төрийн нууцад хамаарах баримт бичгүүдийг гадаадын хүмүүст танилцуулан гэрээний төсөл бэлтгүүлсэн” гэх мэдээллийг   "Жудагт Монгол” Холбооны дээд зөвлөлийн гишүүн, Аюулгүй байдлын судлаач Б.Чулуунбат хийсэн нь хуулийнхны анхааралд орсон гэж байгаа юм.

Ер нь М.Энхсайханы тухайд элчингээр явснаасаа хойш хэл ам араасаа дагуулсаар байсан. Ерөнхийлөгчийн Тамгын газраас зарим Элчин сайдуудыг эргүүлэн татах асуудлаар УИХ-тай зөвшилцөх албан бичиг хүргүүлсний дотор, тодорхой хоёр хүний нэр байв.  Тэд бол М.Энхсайхан, С.Баяр нар байсан билээ.

М.Энхсайханы тухайд Монгол Улсаас Шведийн Вант Улсад суух Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайдын хувиар  Шведийн Вант Улсын Цог Жавхлант Хаан Карл XVI Густафт 2017  оны 4 дүгээр сарын 27-ны өдөр Итгэмжлэх жуух бичгээ өргөн  барьсан юм. Одоо яг нэг жилийн нүүр үзэх гэж байна. Болж өнгөрсөн Ерөнхийлөгчийн сонгуулиар М.Энхболдыг балиашиглан, жиргэж байсан М.Энхсайхан шинэ Ерөнхийлөгчийн Тамгын газрын дайралтад өртсөн. Гэхдээ элчин хэвээрээ л байгаа.

Тэрээр Монголын Төмөр Зам ТӨХК-ийн захирлаар ажиллаж байхдаа албан тушаалаасаа халагдсан явдал нь Чингис бондын мөнгөний  тодорхой хэсгийг  Тавантолгойгоос Гашуун сухайтын чиглэлд тавих төмөр замын бүтээн байгуулалтад  зарцуулахдаа, эдийн засгийн  алдагдалгүй хувилбар болох нарийн царигтай замыг сонгох нь зөв хэмээн шийдвэрлэснээс болж байв. Дараа нь Монгол Улсын сайд гэх албан тушаалд суухдаа Тавантолгой гэдэг мега төслөөр занималдсан гэхэд болно. Амнаас нь унасан үг болгон тийш чиглэж, эмзэгхэн мега төслийн тухай ярьж байв. Гэхдээ З.Энхболд дараа нь  "Ч.Сайханбилэг, М.Энхсайхан нарын тухайн үед оруулсан ирж байсан хувилбар бол бантан байсан. Гэтэл Ж.Эрдэнэбатын Засгийн газрын оруулж ирж буй хувилбар Ч.Сайханбилэгийн оруулж ирсэн хувилбараас дээрдэх бус дордсон байгаа нь өнөөдрийн хийх гэж байгаа гэрээ ямар вэ гэдгийг харуулж байна” гэхчлэн ярьсан билээ.

 М.Энхсайхан мега төсөл эмзэг,  хатуу хүрвэл хагарчихна гэдгийг мэддэг л юм бол тэгж бантагнасан юм оруулж ирсэн нь ямар ч учиртай юм.  Ямартай ч тэрбээр news.mn сайтад өгсөн ярилцлагадаа Тавантолгойн талаар ярихдаа "Тавантолгой төсөл урагш ахиж байгаа шинж тэмдэг надад харагдахгүй байгаа. Өнөөх л хуучин хэрүүл уруулын шинжтэй явган яриаг л хэвлэл мэдээллээс харах юм. Тавантолгой болон бусад мегатөсөлд хандахдаа "ил тод байх”-ыг ажил хариуцаж байгаа хүмүүст зөвлөмөөр байна. "Ил тод бусаар хийгдэж байгаа аливаа мегатөсөл унах тавилантай” гэдгийг хатуу ойлгомоор байна. Энэ бол миний зөвлөгөө бишээ. Мегатөслийн шинжлэх ухаан ингэж зөвлөөд байгаа юм. Том төсөл мега гэж хэлэгдэхийн учир нь улс төржилт заавал дагуулдаг, хардлага, сэрдлэг дагуулдаг, хүний ааш араншинтай сүлэлдэж байдаг, олон сонирхлын уулзвар дээр оршдогт байгаа. Мегатөслийг амжилтанд хүргэх арга зүйд нь "ил тод байх” явдал заавал ордог. Үл тоовол мегатөсөл дэмий цаг, хөдөлмөр, мөнгөний гарз болох аюултай. Мегатөсөл бол хөгжлийн загвар модель юм. Дараа дараачийн мегатөсөлд Засгийн газар сэтгэлээ чилээгээсэй гэж бодож байна.

Тавантолгойн цахилгаан станцын төсөлд Японы Марубени компани хөрөнгө оруулагчаар тодорсон. Төслийн санхүүжилтийг бүрэн босгох их ажлыг банкуудтай амжилттай хийж байгаа гэсэн мэдээлэлтэй байгаа. Мөдхөн шаваа тавих байх гэсэн итгэлтэй байгаа. Энэхүү төсөл энэ цаг үед манай эдийн засагт тун тус болохоос гадна гадаадын хөрөнгө оруулалтад монголчууд хэрхэн хандах вэ гэдгийг харуулах жишэг төсөл болоосой гэж бодож байгаа. Улс төрчид яаруулах, төслийг түргэвчлэхийг шаардаж элдэв араншин гаргах явдал байлгүй яахав л гэж бодож байгаа. Японы хөрөнгө оруулалтыг битүүхэндээ эсэргүүцэх улс төртэй битгий хутгаасай гэж заримдаа санаа зовж байгаагаа шуудхан хэлчихье.” гэсэн байдаг.  Мөн тэрбээр  "Жижигхэн хэмжээнд довоо шарлуулах хэмжээнд төр өөрөө бүгдийг хийнэ гээд байж болно оо. Дэлхийд өрсөлдөхүйц хэмжээнд гэвэл үнэндээ манай төр дангаараа чадахгүй. Мегатөсөл асар их хөрөнгө мөнгө шаардана. Их мөнгө олохын тулд эхлээд их мөнгө зардал болгон гаргах шаардлагатай. Үүнийг манайхан ойлгодоггүй. Их хэмжээгээр нүүрсээ олборлохын тулд их том хэмжээний хэрэглэгчидтэй байх ёстой. Үүнийг бас манайхан ойлгодоггүй. Нүүрсийг нь гаргангуут гадныхан булаалдаад авах шахуу юм бодоод байж байдаг. Тогтвортой зах зээлээ олж баталгаажуулахгүйгээр том олборлолт хийхийн арга байхгүй. Монголчууд өөрсдөө мегатөсөл хэрэгжүүлж үзээгүй байна. Эрдэнэтийг оросуудаар, Оюутолгойг гадныхнаар хийлгэсэн, бидэнд мэдлэг, туршлага дутагдана. Гол нь санхүүгийн хувьд манай төр мегатөсөл хийх их хэмжээний хөрөнгө мөнгө гаргаж чадахгүй. Өр зээлийн дарамтанд байгаа Монгол Улсад банкуудаас төрийн нэр дээр зээл босгоно гэдэг бол худлаа гэдгийг ойлгох цаг болсон байхаа.” хэмээн ярьсан байдаг.

Тэгвэл тэр өнөөдөр АТГ-т шалгагдах хэмжээнд хүрсэн байна.

Эх сурвалж: Hunnu.mn

Санал болгох

Сэтгэгдэл

top