Орхон/МОНЦАМЭ/ БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа Орхон аймагт ажиллах үеэрээ ерөнхий боловсролын сургуулийн багш, эцэг, эхийн төлөөлөлтэй уулзлаа. Уулзалтын үеэр "Орхон аймгийн эцэг, эхийн холбоо” ТББ-аас хэд, хэдэн асуудал дэвшүүлсэн шаардлагыг Ц.Цогзолмаа сайдад өгсөн юм. Тэд, "Хүүхэд хөгжил 2020” хөтөлбөрийг дэмжих, сургалтын ачааллыг багасгах, сурах бичгийг олон дахин солихгүй байх, агуулгад анхаарах, гүнгийрүүлсэн сургалттай гэх төлбөртэй ангийн асуудлыг шийдвэрлэх хүсэлт тавьжээ.
Эдгээр асуудлыг гаргахдаа таван сургуулийн 300 гаруй хүүхдээс авсан судалгааг үндэслэсэн гэдгээ тус ТББ-ын нарийн бичгийн дарга Б.Рэгзэнбазар хэллээ. Уулзалтын дараа Ц.Цогзолмаа сайд ТББ-ын төлөөлөлтэй уулзахаар болсон байна.
Уулзалтын үеэр Орхон аймгийн боловсролын салбарыг өндрөөр үнэлж байгаагаа сайд хэлээд сүүлийн таван жилд ЭЕШ-ын нийт дүнгээр эхний тавд бичигдэж байгаа нь ур чадвартай багш нар олон байгаатай холбон яриад аймгийн ЗДТГ-аас хэрэгжүүлж буй "Багш” дэд хөтөлбөр үр дүнтэй, ач холбогдолтой байгааг онцолсон юм.
БСШУС-ын сайдын багцад нэг жилд дунджаар 1.6 их наяд төгрөг ноогддог бөгөөд үүний 60 хувь нь сургууль, цэцэрлэг барих болон урсгал засварт, багшийн цалин, урамшуулалд 30 хувийг нь зарцуулдаг байна. Үүнийг эсэргээр нь хуваарилж багш нарын нийгмийн хангамжийг сайжруулж нэр хүндийг нь өсгөх хэрэгтэйг хэллээ.
Мөн цэцэрлэгийн багш нар 07-19.00 хүртэл ажиллаж байгаа ч цалин, урамшуулал бага тул үндсэн цалинг нь 50 хүртэлх хувиар нэмэх, "Үдийн цай” хөтөлбөрийн хүрээнд өгч буй хоол, тэжээлийг судлах, өвлийн ид хүйтэнд сурагчдыг амраах хуваарийг хичээлийн шинэ жилийн эхэндээ төлөвлөх зэрэг ажлыг судалж байгаа гэлээ. Түүнчлэн төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус олимпиадыг цэгцлэх, багш, сурагчдын ачааллыг багасгах, бага, дунд, ахлах ангийн сурагчдын ширээ, сандлын стандартыг гаргаж, мөрдүүлэхээр ажиллаж байгаа гэнэ.
Ц.Цогзолмаа сайд Орхон аймагт ажиллах үеэрээ 15 багшийг гадаадад мэргэжил дээшлүүлэх, Биеийн тамир, спортын газрын "Б” заалны засварт шаардлагатай 13.4 сая төгрөг, "Наран” цогцолбор сургуульд хими, физикийн ухааны танхим байгуулах асуудлыг шийдвэрлэлээ.
Б.Оюун-Эрдэнэ