|

ӨМЧИЛСӨН ГАЗРАА ЗОРИУЛАЛТААР НЬ АШИГЛААГҮЙ БОЛ ХУРААНА

zulaa 2018/04/02 858 0

ӨМЧИЛСӨН ГАЗРАА ЗОРИУЛАЛТААР НЬ АШИГЛААГҮЙ БОЛ ХУРААНА

 

Орхон /МОНЦАМЭ/ Газар өмчлүүлэх тухай хуулийн хэрэгжих хугацаа ирэх тавдугаар сарын нэгэнд дуусах гэж байгаатай холбоотой өмчилсөн газраа зориулалтын дагуу ашиглаагүй айл өрхийн судалгааг Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар,  Баян-Өндөр сумын ЗДТГ-тай хамтран гаргах гэж байна.
Судалгаагаар, газраа зориулалтын бусаар ашигласан буюу хашаа хатгаж, байшин бариагүй газрын байршил, иргэдийн тоог тодорхой болгоно. Үүний дараа зөрчилтэй байгаа газрын талаар тухайн эзэнд нь мэдээлж тодорхой хугацаанд зориулалтын дагуу ашиглах үүрэг өгөх аж. Хэрэв тавдугаар сарын нэгэн хүртэл зөрчлөө арилгахгүй бол газрыг нь хураах гэнэ.
Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрт 2008 оноос иргэдэд олгох газар дууссан бөгөөд үүнээс хойш зориулалтын бусаар ашиглаж байгаа газруудыг хураан авч иргэдэд олгож байгаа  гэдгийг ч  ГХБХБГ-ын дарга Д.Цолмон мэдээллээ.
Мөн "Газрын тухай” хуульд орсон нэмэлт өөрчлөлтөөр, газар эзэмших эрхийг шилжүүлэх тохиолдолд иргэнээс 10 хувь, ААНБ-аас 30 хувийн татвар авахаар болжээ. Ингэхдээ тухайн газрыг анх эзэмшүүлэхэд дуудлага худалдаагаар зарласан анхны үнээр тооцож татварыг авахаар гэнэ.
Б.Оюун-Эрдэнэ

Санал болгох

Сэтгэгдэл

top