|

“Хүн бүрийг ажил эрхлүүлэхээр хуульчилж өгөөч…”

zulaa 2018/04/03 804 0

“Хүн бүрийг ажил эрхлүүлэхээр хуульчилж өгөөч…”

 

Бүгд Найрамдах Монгол Улсын Дээд  хуулийг батлах гарын үсэг цуглуулах аян Орхон, Дархан-Уул аймагт өнгөрсөн амралтын өдрүүдэд үргэлжлэв. Намын дарга Н.Энхбаяр, дэд дарга С.Ганбаатар, Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Тулга нарын ахалсан Ажлын хэсэг орон нутагт ажиллахдаа   уулзалт зохион байгуу­лахаас гадна айл өрх, худалдааны төвүүдээр орж Дээд хуулийн зүйл заалтуудыг тайлбарлаж санал солилцсон юм. Очсон газар, айл өрх, иргэн бүр амьдрал өдрөөс өдөрт доройтож, цалин, тэтгэвэрийн зээл, өрийн дарамтад орж байгаагаа ярьж байна. Иргэдийн дунд нэг саяас дээш төгрөгийн орлоготой хүн байхгүй, ажилгүй учраас ипотекийн зээлд хамрагдах боломжгүй. Тав тухтай амьдрах хүсэл нь  мөрөөдөл төдий, ирээдүйд үр хүүхдүүдээ сайхан амьдруулах төсөөлөл бүрхэг байна гэв. Энэ нь муу нам, шударга бус сонгууль, муу улстөрчидтэй холбоотой гэхчлэн хүн бүр өөр өөрийн бодлоор дүгнэдэг. Гэтэл энэ бүхэн нь муу тогтолцооны уршиг гэдгийг хүмүүс хэлж байгаа. Тиймээс  тогтолцоог шинэчлэхэд  Үндсэн хуулийн өөрчлөлт зайлшгүй гэцгээв. Хямралт байдлаас гарах гарцыг тэд Дээд хуулиас хайж, асуулт асууж,  санал дэвшүүллээ.
Орхон аймгийн "Уурхайчин” соёлын ордонд хийсэн иргэдийн уулзалтад 400 орчим хүн оролцож, МАХН-ын дарга Н.Энхбаяр "Ард түмэн бол бурхан”, дэд дарга С.Ганбаатар  "Оюутолгойн ХОГ”, Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Тулга "Эрдэнэт”-ийн 51 хувь бүрэн бүтэн байна уу”, нарийн бичгийн дарга, Эрүүл мэндийн сайд асан Н.Удвал "Амьдралын чанар”, Орхон аймгийн МАХН-ын Түмтийн дарга Э.Эрдэнэжамъян "Эрдэнэт”-ийн 49 хувийн асуудал”, Гүйцэтгэх  товчооны гишүүн, хуульч  Л.Мөнхсайхан "Ард түмний өмчийг хувийн бизнест барьцаалсан хариуцлагыг хэн саарал толгойгоор хариуцах вэ”   зэрэг сэдвээр илтгэл тавьж хэлэлцүүлэв.
Уулзалтын дараа Ажлын хэсэг айл өрхүүдээр ороход Даваат багийн иргэн Б.Нацаг "Би социализмын үед худалдааны салбарт ажиллаж ирсэн. Тэр үед ажлын байр нээлттэй, хүн бүхэн ажилтай байлаа. Таван жилээр ажлаа төлөвлөдөг байсан үе. Гэтэл 1990 оны ардчиллын үед үйлдвэр, аж ахуйн газруудын хаалгыг барьж, хүмүүсийг олноор нь ажилгүй болгосон. Удалгүй 1992 оны Үндсэн хуулиар өмчийн хэлбэр төрийн болон  хувийн өмч байна гэснээр аль ч үгүй болгосон. Хүмүүс ажлын байргүй болж, "гахай” чирдэг болсон. Тэр байдал одоо ч үргэлжилж байгаа. Юм бүтээдэг хүн цөөрч, энд тэндээс бараа зөөж, тав арван төгрөг нэмж зардаг боллоо. Юм бүтээдэггүй ард  түмэн мөхдөг. Уул уурхай хаа сайгүй газар авлаа. Гэтэл гадаадын компаниудад  нь зөвлөх, дарга, захирлын өндөр цалинтай ажлыг    гадныхан л хийдэг. Оюутолгой, Тавантолгойн гэрээ гэхэд 60-70 жилээр гадныхан ашиг олох муу гэрээ болсон. Ашигт малтмалын баялаг ард түмний өмч гэчихээд эрх баригчид хуйвалдаад зараад идчихдэг. Монголчууд тэнд шороо зөөх, тоос арчих, хог цэвэрлэх, манаач, харуул хийх  зэрэг  цалин хөлс багатай ажил хийдэг. Үүнийг өөрчлөх тогтолцоог  Дээд хуульдаа хуульчлан тусгаж өгнө үү” хэмээн саналаа илэрхийллээ.  МАХН-ын дарга Н.Энхбаяр, Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Тулга нар уул уурхайн салбартай уялдуулан ажлын байр бий болгох асуудлыг  шийдвэрлэх боломж Монгол Улсад бий. "Монгол хүн бүр ажлын байраар хангагдах эрхтэй”-г хуульчлах боломжийг иргэдэд  тайлбарлав.
 
"АРД ТҮМЭН БОЛ БУРХАН-МОНГОЛ  ХҮНЭЭ ТӨРИЙН ХАМГААЛАЛТАД ОРУУЛНА”    
 
Дархан-Уул аймгийн "Залуучууд” театрт хийсэн иргэдийн уулзалтад 350 гаруй иргэн оролцов. Үүний зэрэгцээ МАХН-ын дарга Н.Энхбаяр  "Ахмадын хороо”-ны  гишүүдийн спортын өдөрлөгт биечлэн очиж, Дээд хуулийн төслийг сурталчилж санал солилцсон бол Ажлын хэсэг 15 дугаар хорооны иргэн П.Чулуунгомбынд хөршүүдийн уулзалтыг  зохион байгуулсан юм.  Иргэд амьдрал хүнд байгааг, залуус ажлын байргүй, шат шатанд  намчирхал, талцал газар авсныг хэлж байв.
МАХН-ын дарга Н.Энхбаяр иргэдийн уулзалтуудад  "Ард  түмэн бол бурхан юм” сэдэвт илтгэл тавьж,  хэлэлцүүлэг өрнүүлж байгаа юм. Тэрээр "Хот, хөдөөгийн иргэд ялгалгүй нэг л зүйлийг хэлж байна. Ахмадууд нь сэтгэл шаналж, зарим нь бухимдаж ярьж байна. Өнөөдөр ард түмний амьдрал ядуу, тарчиг байгаа нь үнэн. Цөөн хүн баяжиж, Оюутолгой гэх мэт үндэсний баялаг цөөн хүний гарт орж, залуус ажилгүй, орлогогүй амьдрал маш хүнд байна. Гадаадад гарсан залуус айл нүүлгэх, аяга таваг угаах хар бор ажил хийж яваа. Эмч, багш нар цалингаа нэмүүлэх шаардлага тавьж байна. Ажил хаяхаа ч байн, байн  мэдэгдэх болсон. Тэднийг шүүмжлэх аргагүй. Гадаадад ажиллаж, амьдарч яваа залуусаа ч буруутгах аргагүй юм.  Өнөөдөр Монголд өндөр боловсрол үнэгүйдсэн. Улсын хэмжээнд 100 гаруй их, дээд сургууль байгаа ч сургалт чанаргүй болжээ. Эрүүл мэнд, боловсролын асуудал хүнд байна. Энэ бүхнийг өөрчлөхөд Үндсэн хуулийн өөрчлөлт зайлшгүй хэрэгтэй. Хүчин төгөлдөр хэрэгжиж байгаа Үндсэн хууль маань хувь хүн, компанийн эрх ашгийг нэгдүгээрт, тавьж төрд шургалсан хүмүүс өөрсдийн эрх ашгийг хамгаалж, ард түмнээ хаячихсан. Иймд хүн төвтэй нийгмийг байгуулъя. Хяналт, хариуцлагыг бий болгоё. Монгол төрийг ард түмнээс хараат болгоё. Үүний тулд Үндсэн хуулиа өөрчилье Төрийн сүлд өршөө гэхийн оронд ард түмэн минь өршөө гэж залбирдаг болъё. Ард түмэн бол бурхан юм. Иймд бид монгол хүнээ төрийн хамгаалалтад авъя, сайхан амьдруулъя гэж Бүгд Найрамдах Монгол Улсын Дээд хуулийг санаачлан эрдэмтэн, судлаачдын хамт боловсруулсан. Үүнийгээ орон даяар хэлэлцүүлж, улмаар энэ хуулиа батлуулах санал асуулга-гарын үсэг цуглуулах аяныг  эхлүүлэн та бүхэнтэйгээ уулзаж байна” хэмээн тэмдэглэв.
МАХН-ын дэд дарга С.Ганбаатар Дээд хуулийн үндсэн санааг "Энэ хуулийн гол үзэл санаа Монголын төрд байгаа сайд, дарга нар хулгай хийж байгааг зогсоох.МАНАН-гийн бүлэглэлийн хулгайг зогсоохын тулд Дээд хуульд шүүгч нарыг ард түмнээс сонгодог болъё. Дарга нарыг шүүх ёстой шүүгчдийг дарга нар томилж байгаа тохиолдолд өөрчлөлт гарахгүй. МАНАН-гийнхан уул уурхайн баялгаар хагартал баяждаг. Баялгаа ард түмний дундын өмч болговол, цалин гурван сая, тэтгэвэр хоёр сая, орон сууц үнэгүй байх боломжтой. Хэрэв "Рио Тинто”-д Оюутолгойн баялгаа  Дубайн гэрээгээр өгөөд байвал, сайд дарга нар уул уурхайтай холбоотой хулгайд байнга оролцдог бол үргэлжийн ядуу зүдүү байна. Улс орны тусгаар тогтнол ч аюултай болно” хэмээн тайлбарлав. МАХН-ын нарийн бичгийн дарга, Эрүүл мэндийн сайд асан Н.Удвал "Бид ардчиллыг анх байгуулахдаа ард түмний амьдрал сайхан болно, нийгмээ сайхан болгоно гэж итгэсэн. Нэг намын тогтолцоонд хатуу хэцүү байгааг өөрчилнө гэж итгэсэн. Олон намын тогтолцоо, олон ургальч үзэл, хүний эрхийг дээдэлсэн орчин бүрдэнэ гэж итгэсэн. Гэтэл өнөөдөр эргээд харахад 28 намтай, бүлэглэлийн бүтэцэд орчихжээ.
Бидний амьдралын чанарт өөрчлөлт гарсангүй. Үүнийг өөрчлөх гарц, гаргалгааг Дээд хуульд хуульчилсан”-ыг онцоллоо. Дээд хуулийг батлах гарын үсэг цуглуулах аян есөн дүүрэг, 21 аймаг, сум, багт хүрч үргэлжлэх  юм байна.
 
Ч.Зотол
Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин

Санал болгох

Сэтгэгдэл

top