|

ОРХОН АЙМАГ ЕВРОПЫН СЭРГЭЭН БОСГОЛТ ХӨГЖЛИЙН БАНКТАЙ ДЭД БҮТЦИЙН САЛБАРТ ХАМТРАН АЖИЛЛАНА

zulaa 2018/04/13 1700 0

ОРХОН АЙМАГ ЕВРОПЫН СЭРГЭЭН БОСГОЛТ ХӨГЖЛИЙН БАНКТАЙ ДЭД БҮТЦИЙН САЛБАРТ ХАМТРАН АЖИЛЛАНА

 

Орхон /МОНЦАМЭ/ Орхон аймгийн төв Эрдэнэт хотын инженерийн шугам сүлжээг шинэчлэх чиглэлээр хамтарч ажиллах талаарх тус аймгийн удирдлагын саналыг Европын сэргээн босголт хөгжлийн банк хүлээн авахад бэлэн байгаагаа мэдэгдлээ.

Аймгийн Засаг даргын орлогч С.Батжаргал "Европын сэргээн босголт хөгжлийн банк”-ны Монгол дахь Суурин төлөөлөгч Ирина Кравченког хүлээн авч уулзсан юм. Энэ уулзалтын үеэр, байгуулагдаад 42 жил болж байгаа Эрдэнэт хотын инженерийн шугам сүлжээг шинэчлэх чиглэлээр тус банктай хамтарч ажиллах  саналтай байгаагаа С.Батжаргал дарга илэрхийлжээ. Хатагтай Ирина Кравченко Орхон аймаг, Эрдэнэт хоттой боломжит бүх талаар хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлээд Эрдэнэт хотын талаар тавьж буй саналыг дуртайяа хүлээн авна гэдгээ хэлсэн юм. 
"Европын сэргээн босголт хөгжлийн банк” нь 2006 оноос манай улсад үйл ажиллагаа явуулж нийт 1.5 тэрбум ам. долларын хөрөнгө оруулалт хийжээ. Ингэхдээ  дэд бүтцийн салбарт л  хөрөнгө оруулалт хийгээгүй гэнэ. 
 
Дашрамд дурдахад, Хөрөнгө оруулалт, зөвлөн туслах үйлчилгээ, тоног төхөөрөмжийн туслалцааны  чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг "Европын сэргээн босголт хөгжлийн банк” нь манай аймагт Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимтай хамтран зөвлөх үйлчилгээ болон жижиг дунд бизнесийг дэмжих чиглэлээр ажилладаг юм. Тус банк дэлхийн 38 улсад үйл ажиллагаа явуулдаг ажээ.
 
Б.Оюун-Эрдэнэ

Санал болгох

Сэтгэгдэл

top