|

"ЭТТ"-Н ТАЛБАЙГААС НҮҮРС ХУЛГАЙЛААГҮЙ

zulaa 2018/04/19 794 0

"ЭТТ"-Н ТАЛБАЙГААС НҮҮРС ХУЛГАЙЛААГҮЙ

 

"Эрдэнэс Тавантолгой” компанийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Б.Ганхуягтай ярилцлаа.

-Ганц мод, Гашуунсухайт боомтын гарцыг нэмэгдүүлснээр хилийн нэвтрэх чадвар өссөн тухай мэдээлэл байна. Нүүрсний -экспортыг хэдэн хувиар өсгөх боломж байгаа бол?

-Ерөнхий сайд У.Хүрэлсүх БНХАУ-д албан ёсны айлчлал хийх үеэрээ хилийн боомтуудын нэвтрүүлэх чадлыг өргөтгөх, боомтуудынхаа дэд бүтцийг хөгжүүлэх шаардлага байгаа талаар ярилцсан, зарим шийдлүүд эхнээсээ ажил  болоод явж байна.  

Сүүлийн хоёр өдрийн нүүрс тээвэрлэлтийн мэдээллийг орон нутгаас авлаа.  2017 онд дунджаар нэг өдөр  боомтоор 470 авто машин гардаг байсан бол өчигдөр, уржигдрын мэдээгээр тус бүр 850 орчим машин нэвтэрсэн нь хоёр дахин  өссөн үзүүлэлт юм.

Боомтын хүчин чадлыг өсгөхдөө гарц шинээр гаргаад зогссонгүй гаалиар нэвтрэн өнгөрүүлэх хугацааг богино болгосон, ажиллах хүчний орон тоог нэмэгдүүлсэн  зэрэг цогц арга хэмжээг авсан юм билээ.

-"Эрдэнэс Тавантолгой” компани энэ онд хэчнээн тонн нүүрс экспортлох төлөвлөгөөтэй байгаа вэ. Төлөвлөсний дагуу экспорт хийж чаддаг уу?

-2018 онд "Эрдэнэс Тавантолгой” компани  9.8 сая тонн нүүрс олборлох бол экспортод 11 сая тонн нүүрс гаргах төлөвлөгөөтэйгээр ажиллаж байна. Агуулахад 2.1 сая тонн нүүрс байгаа. Өнөөдрийн байдлаар 2.8 сая тонн нүүрс борлуулсан нь борлуулалтын төлөвлөгөө нэлээн тасалдалтай буюу хангалтгүй явагдаж байгаа.  Энэ бол хил гаалийн нэвтрэн өнгөрөх чадвартай холбоотойгоор үүссэн хүндрэл юм. Саяхнаас  боомтын нэвтрүүлэх чадварыг өсгөсөн, цаашлаад дахин өргөтгөвөл нүүрс борлуулалтын төлөвлөгөөний гүйцэтгэл хангагдах бүрэн боломжтой болно.

-Энэ онд нүүрсний үнэ өсөх боломж байгаа юу?

-Нүүрсний үнэ унахгүй. Тодорхой төвшинд хэлбэлзэлтэй байна. Ер нь нүүрсний үнэ огцом унах, огцом өсөх төлөв харагдахгүй байгаа.

-"Эрдэнэс Тавантолгой” компанийн эзэмшил талбайгаас нүүрс олборлож хулгай хийсэн гэдэг асуудал хөндөгдөөд эхэллээ. Энэ яг юу болоод байна вэ?

-Өмнөговь аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Л.Энхболд Ерөнхий сайдыг орон нутагт ажиллах үед энэ асуудлыг тавьсан нь нэлээд өндөр авч байна. Гэхдээ өмнө нь "Эрдэнэс Тавантолгой” компани мэдээлэл гаргаж тавьж байсан.

"Эрдэнэс Тавантолгой” компанийн ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй одоогийн талбайгаас нүүрс олборлосон, хулгайлсан зүйл байхгүй.  

Орон нутгийн "Тавантолгой”  компани 2004 оноос хойш дөрөвдүгээр давхарга дээрээ технологийн зам гаргах, траншей нээх зэрэг ажил хийх явцад манай нүүрсний талбай  өртсөн. Нийтдээ 268 мянган тонн нүүрс болоод байгаа. Хэмжилтээр тогтоогдсон.  Энийг орон нутгийн "Тавантолгой” компани хүлээн зөвшөөрч, мэргэжлийн байгууллагын акт гарсан байдаг. Энэ актыг дэлгэж тавьсан.

Өөрөөр хэлбэл,  жижиг "Тавантолгой” компани "Эрдэнэс Тавантолгой”компанид өгөх ёстой 268 мянган тонн нүүрс гэж ойлгож болно.  63 мянган тонн нь коксжих нүүрс бол 205 мянган тонн нь эрчим хүчний нүүрс.

-Мөнгөн дүнгээр илэрхийлбэл хэдий хэмжээний төлбөр буцааж авна гэсэн үг вэ. Эсвэл талбайгаас нь нүүрс олборлох юм уу?

-"Эрдэнэс Тавантолгой” компани коксжих нүүрсийг нэг тонныг нь 61.8 ам.доллараар, эрчим хүчний нүүрсийг чанараас нь хамаарч нэг тонныг нь 8-16 ам.доллараар борлуулдаг. Ерөнхийдөө 20 орчим тэрбум төгрөгийг орон нутгийн "Тавантолгой”, "Эрдэнэс Тавантолгой”-д төлөх ёстой гэсэн үг.

-Өр барагдуулах талаар хоёр талдаа ярилцаж тохиролцсон зүйл бий юу?

-Одоогоор төлбөрийг нүүрсээр ч юм уу хийнэ гэсэн зүйл яригдаагүй байна. Маркшейдерын мэдээллээр нүүрсний хэмжээг тогтоогоод хоёр талаас акт үйлдсэн учраас төлөх л ёстой, манай авлага.

-Анх та бүхнийг ажил авахад "Эрдэнэс Тавантолгой” компани "Чалько” компани, Хөгжлийн банк гээд нэлээд хэдэн газарт өртэй байсан.  Нэлээн цэгцлэх шиг болсон. Одоо өр барагдуулж дууссан уу?

 -Хөгжлийн банкнаас авсан зээлийн хүүгийн төлбөр болох 30 гаруй сая ам. доллар байгаа. Энэ онд бүрэн барагдуулна. Одоогийн байдлаар гадаад болон дотоод өр байхгүй. Харин авлага л байгаа. Балансын хувьд компани цэвэр компани болсон.

-Иргэн бүрийн эзэмшдэг 1072 ширхэг хувьцааг амь оруулах ажил ямар төвшинд байна вэ?

-"Эрдэнэс Тавантолгой” компанийн  1072 ширхэг хувьцаа эзэмшдэг 2.5 сая гаруй эзэмшигчийг бүртгэлийнх нь дагуу энэ сард компани дээрээ бүртгэж авсан. Хуучин төлбөр тооцооны компани дээр бүртгэл хийгдсэн байсан нь брокер диллерийн компаниар дамжаад манай компанид бүртгэгдсэн гэсэн үг.  Одоо бид 2.511.000 хувьцаа эзэмшигчтэй. Гэхдээ энэ тоо дотор нэмэгдэх болон хасагдах зүйлүүд гарна.  Яагаад гэвэл оюутан байхдаа  хувьцаагаа мөнгөжүүлж, 500 мянган төгрөг авсан, мөн ахмад настнууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд хувьцааныхаа оронд 500 мянган төгрөг авсан. Эдгээр хүмүүс хасагдана.  Энэ бүгдийг эцэслэнэ.

2018 оны есдүгээр сарын 1-н гэхэд бид дотоодын хөрөнгийн бирж дээр хувьцаагаа гаргах бэлтгэл ажлыг хангаад явж байна. Бэлтгэл 50 орчим хувьтай байна.

-Бирж дээр хувьцааг гарснаар ямар давуу тал үүснэ гэж харж байна вэ?

-Иргэд хувьцааны арилжаанд оролцох эрхтэй болно. Нэг ёсны иргэд маань. 1072 хувьцаагаа борлуулах, өсгөх арилжаанд орох эрхтэй болно. Хувьцаа эзэмшигчийн хувьд санхүүгийн баталгаа  авч эхэлнэ. 2019 оны нэгдүгээр сарын 1-н гэхэд бид 1072 хувьцааны ногдол ашиг олгож эхэлнэ.

-Боломжтой гэж үү, ердөө найм хүрэхгүй сарын дараа ногдол ашиг тараах нь байна шүү дээ?

-Боломжтой. Өнгөрсөн онд  "Эрдэнэс Тавантолгой” компани цэвэр ашигтай ажилласан боловч Хөгжлийн банкны үндсэн төлбөр зэрэг тодорохой өр төлбөрийг барагдуулсан учраас 460 тэрбумын ашигтай ажилласан ч ногдол ашиг хуваарилах боломж байгаагүй.  

-Олон улсын зах зээлд IPO гаргах ажил хэзээнээс эхлэх вэ?

-2019 оны нэгдүгээр сар гэхэд олон улсын зах зээлд "Эрдэнэс Тавантолгой” компанийн 20 хувийг хувьцаа болгож гаргах ажлын бэлтгэлийг хангах ёстой. Олон улсын хөрөнгийн бирж дээр гаргах үүрэг нь Засгийн газрын 136 дугаар тогтоолоор өгөгдсөн. Энэний бэлтгэл ажил гарна. Дотоодын бирж дээр гарах, олон улсын хөрөнгийн бирж дээр гарах хоёр бол бэлтгэл ажлын хувьд өөр.  Олон улсын хөрөнгийн зах зээлд хувьцаа гаргах бэлтгэл ажил бол 37 хувьтай хангагдаад явж байна.

-Компанид тулгарч байгаа хамгийн том бэрхшээл юу байна вэ?

-Тээвэр ложистикийн асуудал хүндрэлтэй хэвээр байна.  Тээврийн зардал компанийн хамгийн их зардлыг эзэлдэг. Тэгэхээр төмөр замыг яаралтай барьж, өртгийг гурав дахин бууруулах үүрэг манай компанид байна. Гэвч бид эцсийн дүндээ төмөр замын бүтээн байгуулалтыг хийдэг компани биш учраас энэ төслийг дэмжихэд компанийн өөрийн хөрөнгө оруулалтаар дэмжиж хамтарч оролцох боломжтой гэдгээ Ерөнхий сайдад хэлсэн байгаа.

Дээрээс нь бусад дэд бүтэц. Параллель зам, Ханги мандалын зам, цаашилбал усан хангамж, цахилгаан станц, нүүрс баяжруулах үйлдвэр төслүүдэд орлцоно гэдгээ илэрхийлсэн.

-Засгийн газар Тавантолгой ордыг төмөр замтай нь хамтад нь цогцоор шийднэ гэдэг зүйл яриад нэлээд удаж байна. Та бүхэн энэ асуудлаар Засгийн газарт хандаж байсан уу, яаравчлуулах талаар?

-Тавантолгой төслийн үйл ажиллагааг сайжруулах хүрээнд тогтоолоор шийдвэрлэх асуудал удахгүй Засгийн газрын хуралдаанаар яригдана. Энэ үеэр Тавантолгойн ашиглалтыг  яаж сайжруулах вэ гэдэг саналаа оруулахаар бэлтгэж байна. Тухайлбал, "Эрдэнэс тавантолгой” компани баяжуулах үйлдвэрийн төслийг эхлүүлэх, "Энержи ресурс” болон хилийн чанад дахь үйлдвэрүүдтэй баяжмал үйлдвэрлэхэд хамтарч ажиллах. Нүүрс баяжуулах үйлдвэрийг 330 сая ам.доллараар байгуулах ТЭЗҮ-г урьдчилсан байдлаар батлуулсан гээд ажлууд бий.

 -Д.Ариунболд дарга ажлаа өгөөд та үүрэг гүйцэтгэж байна. Энэ хүн хаана юу хийж байна вэ?

-"Эрдэнэс Тавантолгой” компани "Эрдэнэс Монгол” компанийнхаа охин компани. Энэнтэй адил статус бүхий "Эрдэнэс алт ресурс” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар Д.Ариунболд дарга томилогдсон.

Г.ДАРЬ

https://www.news.mn/?id=276446

Санал болгох

Сэтгэгдэл

top