|

Арай Ерөнхий сайд асан хоёр иргэнийхээ аминд хүрэхгүй байлгүй!

saikhnaa 2018/05/16 699 0

Арай Ерөнхий сайд асан хоёр иргэнийхээ аминд хүрэхгүй байлгүй!

Зөвхөн мөрдөгчийн мэргэжлийн үнэмлэхтэй, цагдаа, тагнуул, АТГ-ын ажилтан хүн л мөрдөн шалгах ажиллагаа явуулах эрхтэй. Өөр хэнд ч ийм эрх байхгүй!
Ерөнхий прокурор Энх-Амгалан бид хоёр 10-аад жилийн өмнө "Эрүүгийн байцаан шийтгэх хууль"-ийг шинэчлэх ажлын хэсэгт хамт ажилласан. Тэр үед л бид танилцсан юм.
Энх-Амгалан гэмт хэргийг илрүүлж шударга ёсыг тогтоохыг чин сэтгэлээсээ хүсдэг мөрдөгчийн мэргэжилтэй хүмүүсийн нэг болох нь ажлын явцад ойлгогдсон. Нийгмийн шударга ёс хэмээгчийг алдаж болохооргүй маш чухал үнэт зүйл гэдгийг ухаардаг хүн болох нь илт байв.
Гэхдээ мөрдөн шалгах ажиллагааг цагдан хорих замаар явуулах нь буруу биш гэж үздэг социализмын үеийн арга барилаас салаагүй мөрдөгч болох нь бас харагдсан юм. Шаардлагатай бол цагдан хорьж, хэргийг нь "улайлгах" ёстой гэсэн байр суурийг хуулийн боловсруулалтын үед хэлдэг байсан билээ.
Манай мөрдөгч нарын дийлэнх олонх нь Энх-Амгалантай санал нийлж байсан нь эргэлзээгүй. Харин одоо нэмэгдээд прокуроруудын дийлэнх олонх нь санал нийлдэг болсон биз!
Хүн байгалиасаа ажлыг аль болох хялбар бөгөөд хэмнэлттэй хийхийг боддог байхаар програмчлагдсан байдаг.
Манай мөрдөгчид бас л ингэж програмчлагдсан байгаа. Тийм болохоор яв цав нотлох баримт бүрдүүлэх гэж "үйлээ үзэж явах"-ын оронд цагдан хорьж хэрэгт "улайлгах" ажиллагааг явуулах гэж дурлаад байдаг. Угаасаа яллагдагчийн хэлсэн үг мөн нотлох баримт болдог шүү дээ!
За яахав! Мөрдөгч мөрдөн шалгах ажиллагааг сав л хийвэл цагдан хорих хэлбэрээр явуулах гээд байдаг дуршилтай юм байж. Тэгээд хуучин арга барилтайгаа, хууль зөрчин зөрчин зууралдаад байгаа юм гэе. 
Гэтэл, хачирхалтай нь олон хүн, тэр тусмаа ардчилсан төр энэ дуршлыг хэвийн зүйл мэт харчих гээд байх юм.
Ингэж болохгүй! Яагаад гэвэл мөрдөгчид төр хууль эрх зүйн орчин, онцгой эрх дарх, ажиллагааны зардал, цалин пүнлүү, эд материалын хангамжийг олгосон шүү дээ!
Зөвхөн мөрдөгчийн мэргэжлийн үнэмлэхтэй, цагдаа, тагнуул, АТГ-ын ажилтан хүн л мөрдөн шалгах ажиллагаа явуулах эрхтэй. Өөр хэнд ч ийм эрх байхгүй!
Зөвхөн мөрдөгч л тухайн гэмт хэрэгт сэжиглэгдэж байгаа хэнд ч хэрэг бүртгэж, хэрэг нээх эрхтэй. Өөр хэнд ч ийм мундаг эрх байхгүй!
Зөвхөн мөрдөгч л нотлох баримт олохын тулд бусдыг тагнаж чагнах зэрэг нууц ажиллагааг прокурорын зөвшөөрлөөр явуулах эрхтэй. Ор хөнжлийнх нь явдлыг хүртэл тагнан сонсож, хувийн нууцад нь халдах эрхтэй. Өөр хүн ийм үйлдэл хийвэл шууд гэмт хэрэгтэн болж шоронд орно!
Зөвхөн мөрдөгч л прокурорын зөвшөөрлөөр орон байрны нэгжлэг хийх, эд зүйл, баримт бичиг хураан авах эрхтэй. Өөр хүн ийм үйлдэл хийвэл хулгайн хэрэг гэж үзэж шоронд хийнэ!
Зөвхөн мөрдөгч л хэргийг мөрдөн шалгахдаа шаардлагатай гэгдэх хэнбугайг ч дуудаж мэдүүлэг авах, ажиллагаандаа нийгмийн хүч хэрэгслийг дайчлах эрхтэй. Өөр хэнд ч ийм эрх байхгүй!
Гэх мэтээр мөрдөгч нарт нийгмийн бусад гишүүдэд олгоогүй дархан эрхийг төрөөс олгосон байдаг. Татвар төлөгчдийн мөнгөөр мөрдөгчийн ажиллагааны зардал, цалин урамшуулал, тэтгэвэр тэтгэмжийг нь төлдөг.
Ийм атал Шерлок Холмс шиг мэргэжлийн ур чадвараа дайчлахын оронд ажлаа хялбарчлан цагдан хорьж, хэрэг "хүлээлгэх" гээд байдаг. Ингэж таарахгүй!
Өгдгөө өгсөн нийгэм мөрдөгчөөс мэргэжлийн ур чадвараа ашиглан хуулийн хүрээнд мөрдөн шалгах ажлаа хийхийг нэхэх учиртай. Шерлок Холмс сэжигтнийг цагдан хорьж залхааж байж гэмт хэрэг илрүүлдэггүй биз дээ?!
Магадгүй, жинхэнэ амьдрал дээр гэмт хэрэг илрүүлэх нь номонд байдгаас хамаагүй хэцүү гэж мэргэжлийн мөрдөгч хэлэх биз. 
Үнэн! Гэмт хэрэг илрүүлэх нь маш олон үл мэдэгдэгчтэй математикийн тэгшитгэлээс ч амаргүй бодлого. Шийдлийг нь олчихоод байхад хүртэл хэргээ хүлээхгүй гүрийх хэрэгтнээс өгсүүлээд авлигад автсан эрхтэн дархтнуудаас ирэх саад гээд бэрхшээл мундахгүй. Бас тэгээд, бурхад биш, хүн хууль гаргасан болохоор төгс биш байж таарах бөгөөд тэр нь мөн саад болно.
Холливуд, Болливуд, Хонконгоор дүүрэн гэмт хэргийг илрүүлж, шударга ёсыг тогтоож чадахгүй цөхрөнгөө барж буй мөрдөгчдийн тухай кино байдгийг бид байнга үздэг. Хэдийгээр кино ч гэсэн үнэний ортой. 
Тийм боловч ардчилсан нийгэмд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхдээ нэг зарчмыг хатуу барьдаг. Тэр нь гэмгүй нэг хүн хэлмэгдэхээс, гэм зэмтэй нэжгээд хүн ял завших нь дээр гэх зарчим юм!
Төр бол хүчирхийллийн машин. Энэ машин нэг хүнийг л хэлмэгдүүлсэн жишиг тогтоочихвол цаашаа олон хүн, олон мянган хүн, овог аймгийг ч хэлмэгдүүлчих үүд хаалга нь нээгдчихдэг! Бодоогоор эхлүүлсэн хэлмэгдүүлэлт 40 мянга орчим хүний аминд хүрснийг түүхээсээ бид харсан.
Гэмт хэрэгтэнд ял завшуулахгүй гэж байгаа бол төр мөрдөн шалгах үйл ажиллагааныхаа ур чадварыг л улам сайжруулж, боловсронгуй болгох учиртай. Төрийн ийм хүсэл зоригт хэн ч саад хийхгүй, хийж чадах ч үгүй. Ард түмэн гэмт хэрэггүй байхыг хүсдэг юм шүү дээ!
Мөрдөгч гэмт хэргийг илрүүлж шударга ёсыг тогтооход бэрхшээл учирч байгаа талаар байнга гомдоллодог. Зарим нь өөрийнхөө ур чадваргүйг нуудаг биз, зарим нь үнэнээсээ тэгдэг биз. 
Яадаг ч байлаа, мөрдөгч, тэсгэлээ алдаж хууль ёсыг зөрчин хүн хэлмэгдүүлэхээс нь урьтаж иргэнээ хамгаалахын тулд хуулийг хэрхэн хэрэглэхийг мэддэг, мэргэжлийн боловсролтой прокуророор мөрдөн шалгах ажиллагааг хянуулдаг юм.
Хүмүүс прокурорыг яллагч гэж хараад байдаг. Уг нь прокурор, юуны өмнө иргэдээ, мөрдөгчийн хууль ёсыг зөрчин хэлмэгдүүлж болзошгүй авираас хамгаалж байгаа "хүний эрхийг хамгаалах харуул" юм шүү дээ! 
Нөгөөтэйгүүр, прокурор нь мөрдөн шалгах ажиллагаа хуулийн дагуу явагдсаныг шүүхийн өмнө гэрчилж байгаа "гарал үүслийн гэрчилгээ" болдог.
Манайдаа мэргэжлийн сайн мөрдөгч байсан Энх-Амгалан, Амгаланбаатар нарыг прокуророор томилчихсон. Тэд мөрдөгчийн ажлын зовлонг зүрх сэтгэлээрээ мэдэх мэргэжлийн комплекстой учир "хүний эрхийн харуул"-ын ажлаа хаяад мөрдөгчийн талд ороод байгаа нь томилогдсон цагаас нь хойш харагдах болсон юм. 
Энэ байдал нь Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг, СБаяр нарыг хорьсон, хорих хугацааг сунгасан сенсаацтай ажиллагааны үеэр бүр ч ихээр тодорч байна.
Хуулийг хэрхэн хэрэглэх бодлогод суралцсан мэрэгжлийн хуульчид, гэрчээр дуудмагц нь очсон хүнийг гэрчийн мэдүүлэг авах явцдаа сэжигтнээр тогтоонгуутаа шууд яллагдагчаар татан цагдан хорьж байгаа нь анхнаасаа цагдан хорих зорилго агуулсан хууль бус үйлдэл болохыг хэлнэ. Гэтэл энэ бүхэн хууль хэрэглэх ухааны математикч байх ёстой прокурорын зөвшөөрөлтэй явагдсан байгаа юм.
Прокурорууд хуулийн талд бус мөрдөгчийн талд зогсчээ! Энх-Амгалан, Амгаланбаатар нар мэргэжил нэгт мөрдөгчийнхөө "зовлонг ойлгож" түүний талд зогсчээ!
Иргэнийхээ эрхийг хамгаалан зогсох ёстой прокурор буюу "хүний эрхийн харуул" маань мөнөөх манаагаа орхижээ. Мөрдөгчийн гарт орсон иргэд маань сардаа нэг үзэгдэх байцаагчаа харуулдан шоронгийн торны цаана өнчрөн зогсоо. Мөрдөн байцаагч залхаах санаатай хорьсон тул байцаалт авахгүй "тамлаж" байгаа юм шүү дээ.
Ийм тамлалыг амссан жирийн нэг эмэгтэй хэрэг нь хэрэгсэхгүй болж шоронгоос суллагдаад 9 хоногийн дараа нас барсан. Прокурорууд хариуцлагаас булзахын тулд нас барсан огноог нь өөрчилж нас барсан хүн дээр хэрэг үүсгээд, нас барсан тул хэргийг хэрэгсэхгүй болгосон гэдэг тогтоол үйлдсэн байгаа юм. Энэ тухай сэтгүүлч Мөнгөнцэцэг "Мөнгөөгийн мэдээ"-гээр мэдээлж байна билээ.
Үүн шиг эмгэнэлт хэрэг арай Баяр, Сайханбилэг нарт тохиохгүй байлгүй. Муу ч гэсэн Монгол Улсын Ерөнхий сайдын алба хашиж байсан хүмүүс. Тэдний "нас барсан огноог" өөрчлөөд хариуцлагаас булзаж чадахгүй байлгүй дээ?! 
Сүүлийн үед Баяр, Сайханбилэг нарыг яллагдагчаар татан цагдан хорьсон цаад зорилго нь Оюутолгойг булааж авах явдал байсан гэдэг нь улам бүр тодорч байна.
Өнгөрсөн жил гаруй хугацаанд Оюутолгойн гэрээтэй холбогдуулан Баяр, Сайханбилэг нарыг гүтгэн муучилж байсан УИХ-ын популист "рекэтчин" гишүүд уг гэрээг шалгах ажлын хэсэгт орохоор алалдаж байна! Тэдний улайрсан, ичгүүр сонжуургүй байдлыг хараад байхад Сайханбилэг, Баяр нар удаан хугацаагаар цагдан хоригдох магадлалтай. Тэгвэл ч эрсдэлтэй шүү!
 
Э.Бат-Үүл

Санал болгох

Сэтгэгдэл

top