|

Г.Занданшатар: Төрийн үйлчилгээг цахимжуулах нь Засгийн газрын тэргүүлэх чиглэл

saikhnaa 2018/05/18 44 0

Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатарын  "Дижитал шилжилт болон блокчейн технологи” сэдэвт семинарыг нээж хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.

Г.Занданшатар: Төрийн үйлчилгээг цахимжуулах нь Засгийн газрын тэргүүлэх чиглэл

Та бүхний энэ өдрийн амрыг эрж мэндчилье.

 

Монгол Улсын Засгийн газраас төрийн үйл ажиллагаа, үйлчилгээнд тоон технологийг нэвтрүүлж ашиглах замаар төрийн байгууллагуудын үйл ажиллагааг боловсронгуй болгох, төрийн алба, удирдлагыг шинэчлэх арга хэмжээг хэрэгжүүлж байна.

 

Монгол Улсын Засгийн газрын зүгээс цахим засгийг хөгжүүлэх, дижитал шилжилтийг хэрэгжүүлэх бодлого, стратегийг бий болсон гэж үзэж болно. Засгийн газраас 2017 онд баталсан "Төрөөс мэдээлэл, харилцаа холбооны хөгжлийн талаар баримтлах бодлого”, 2018 онд баталсан "Гурван талт хөгжлийн бодлого”, Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, түүнийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө зэрэг баримт бичгүүдэд цахим засгийг хөгжүүлэх, тоон технологийг нэвтрүүлэх замаар төрийн үйлчилгээг иргэн төвтэй хэлбэрт шилжүүлэх зэрэг томоохон зорилт, арга хэмжээ төлөвлөгдсөн.

 

Эдгээр зорилт, арга хэмжээг нэгтгэн дижитал шилжилтийн бодлого гэсэн ерөнхий агуулгаар хэрэгжүүлж байна.

 

Засгийн газар АХБ-тай хамтран "Government i cloud” төслийг хэрэгжүүлж байна. Мөн манай харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарынхан төрийн цахим мэдээлэл солилцооны "ХУР” системийг хөгжүүлж ашиглалтад оруулаад байгаа. "ХУР” системд одоогийн байдлаар төрийн 27 байгууллагыг холбож тэдгээрийн 47 үйлчилгээг өөр хоорондоо харилцан солилцох болон бусад байгууллагад ашиглуулах боломжийг бүрдүүлээд байна. "ХУР” системийг зөвхөн төрийн байгууллагууд бус бизнесийн байгууллагууд ашиглах боломжтой юм.

 

Өнөөдрийн илтгэлээр танилцуулсан системүүд, тухайлбал, Танилт, нэвтрэлт, баталгаажуулалтын систем нь дээр дурдсан дижитал шилжилтийн суурь системүүдийн нэг нь юм. Энэ системийн гол зорилго нь төрийн цахим үйлчилгээ авахад иргэн олон системд олон удаа нэвтрэх шаардлагагүй зөвхөн нэг удаа нэвтрээд төрийн олон төрлийн үйлчилгээг ашиглах боломжийг бий болгоход оршиж байгаа юм. Энэ системээр иргэнийг таньж баталгаажуулах арга нь нийтийн түлхүүрийн дэд бүтцийн шийдэл. Нийтийн түлхүүрийн шийдлээс давуу талтай технологи, тухайлбал, блокчэйн технологи давуу талтай нь батлагдвал бид заавал нэг технологи барина гэх шаардлага байхгүй юм.

 

Гэхмэтчилэн, дижитал шилжилтийг хэрэгжүүлэхэд зөвхөн нэг технологи, эсвэл шийдлийг баримтлах бодлого барих шаардлагагүй гэж үзэж байгаа. Аль оновчтой, манай нөхцөлд илүү тохиромжтой технологи, шийдлийг нэвтрүүлэх нь бидний цаашдын бодлого байх болно.

 

Дижитал шилжилтийн бусад технологи, систем болох иргэдийн оролцооны систем (e-participation, e-voting, e-document –ийг багтаасан), эргэн мэдээлэх системүүд хөгжүүлэлтийн шатандаа явж байна. Тун удахгүй эдгээр системийг нэвтрүүлж ашиглалтад оруулна. Ингэснээр дижитал шилжилтийн бодлого, стратегийг дэмжих технологийн цогц платформыг ашиглалтад оруулахаар бид ажиллаж байна.

 

Цахим засгийг хөгжүүлэх, дижитал шилжилтийн бодлого, стратегийг боловсруулах, техник технологийн хөгжүүлэлт хийх нь бидний зорилтод хүрэхэд хангалттай биш юм. Бид бодлого, стратегиа сурталчлах, таниулах, техник технологийн мэдлэг олгох сургалт зохион байгуулах нь чухал ач холбогдолтой юм. Өнөөдрийн энэ семинар ч энэ зорилтыг хангахад чиглэж байгаа гэж үзэж байна.

 

Түүнчлэн төр, хувийн хэвшлийн идэвхитэй, үр ашигтай хамтын ажиллагаа манай цаашдын үйл ажиллагааны нэг хэсэг байх болно. Учир нь технологийн хөгжлийн өнөөгийн түвшин, хөгжлийн хурд байнга суралцах, мэдлэг чадвараа дээшлүүлэх шаардлагыг бий болгож байна. Төрийн байгууллагууд нь хувийн хэвшлийн ололт, амжилт, туршлагаас суралцах нь дэвшүүлсэн зорилт, арга хэмжээг амжилттай хэрэгжүүлэх бас нэг нөхцөл юм.

 

Өнөөдрийн хэлэлцүүлэг Та бүхэнд шинэ мэдлэг, мэдээлэл өгсөн үр ашигтай илтгэл, хэлэлцүүлэг болно гэж найдаж байна. Цаашлаад энэ чиглэлийн сургалт, семинар, хэлэлцүүлгийг тогтмолжуулах болно.

 

Та бүхний дараа дараагийн илтгэл, хэлэлцүүлэгт амжилт хүсье

Санал болгох

Сэтгэгдэл

top