ОХУ-ын Ерөнхийлөгч В.ПУТИН:
"ОХУ-ын нутгаар, төмөр замаар дайран өнгөрөх Монголын транзит ачаанд тарифын хөнгөлөлт үзүүлэх тухай хэлэлцээрт гарын үсэг зурсан нь Монгол Улсын эдийн засагт өндөр ач холбогдолтой. Орос-Хятадыг холбох газрын тос, байгалийн хийн хоолойнуудыг өөрийн нутгаар дайруулан өнгөрүүлэх Монголын талын саналыг дэмжиж байна”
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.БАТТУЛГА:
"Монгол Улсын газар нутгаар дамжуулан төмөр зам, авто зам, байгалийн хий газрын тосны хоолой тавих, эдийн засгийн коридорыг бодит ажил хэрэг болгох цаг ирсэн. Энэ тал дээр хамтран ажиллах боломжийг ахиулна”
БНХАУ-ын дарга ШИ ЖИНЬПИН:
"Монгол, Хятад ноолуурын зах зээлд хамтран ажиллах боломжтой. Түүнчлэн шүлхий өвчингүй стандартын шаардлага хангасан махыг Монголоос БНХАУ руу гаргахад нээлттэй. Мөн дэд бүтцийн салбарт хамтран ажиллах бүрэн боломж бий”
Гурван улсын Ерөнхийлөгчид дээрх эшлэлүүдийг хэд хоногийн өмнө болсон Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын хуралдааны үеэр хэлэв. Тэд бие биеийнхээ саналыг бүрэн дэмжиж, хэн нэг нь түрүүлж хожих бус хамт хөгжих нь чухал гэдгийг илэрхийлсэн нь энэ.
Дээрх эшлэлүүдээс хамгийн түрүүнд ажил хэрэг болсон нь ОХУ-ын нутгаар, төмөр замаар дайран өнгөрөх Монголын транзит ачаанд тарифын хөнгөлөлт үзүүлэх тухай хэлэлцээрт хоёр тал энэ сарын 8-нд гарын үсэг зурсан. Тус хэлэлцээр байгуулагдсанаар хоёр улсын дунд арав орчим жил яригдсан ачаа, тээврийн асуудал шийдэгдэж, 25 жилийн хугацаанд тогтвортой тарифын хөнгөлөлт эдлэхээр болсон юм. Тодруулбал, төмөр замын ачаа тээвэрт бусад чиглэлүүдтэй харьцуулахад өрсөлдөхүйц тарифын нөхцөлийг урт хугацаанд хангах, төмөр замаар тээвэрлэж буй ачааг улсын хилээр нэвтрүүлэх ажиллагааг хөнгөвчлөх, Монгол Улсын экспортлогчдод далайд саадгүй гарах нөхцөлийг бий болгох зэргийг тусгажээ.
Хэлэлцээр байгуулснаар манай улсын экспортын бараа бүтээгдэхүүнийг ОХУ-аар дамжуулан гуравдагч зах зээлд гаргах тохиолдолд ОХУ-ын нутгаар дамжуулан тээвэрлэх төмөр замын тээвэрлэлтэд 25 жилийн турш тогтвортой тарифын хөнгөлөлт эдлэх юм. Энэ нь уул уурхайн олборлох, боловсруулах үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнийг гуравдагч улсын зах зээлд гаргахад экспортын үнийн өрсөлдөх чадварыг хангах, уул уурхай, үйлдвэрлэлийн салбарт гадаадын хөрөнгө оруулалтыг татаж урт хугацаанд тогтвортой үйл ажиллагаа явуулахад чухал ач холбогдолтой гэдгийг албаныхан дуулгасан.
Нэг ёсондоо Монгол Улс ОХУ-аас дамжин өнгөрөх нүүрсний тээвэрт нэгдсэн нэвтрэх тарифаас 66.4 хувь, чингэлэг тээвэрт 52 хувийн хөнгөлөлтийг авч байгаа юм. Энэ талаар Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар "Транзит тээврийн хүрээнд манайх 25 жилийн турш хөнгөлөлт эдэлнэ. Энэ нь манай хувийн хэвшил бараа, бүтээгдэхүүнээ Японы болон Европын зах зээлд гарахад ихээхэн дөхөм болох юм. Мөн Монголын газар нутгаар хийн хоолой дамжуулах шугам барих асуудлыг ярьж байна. Гурван талт уулзалтаар энэ төслийг ОХУ дэмжиж, эдийн засгийн тооцоог сайтар хийх хэрэгтэй гэж үзсэн" хэмээсэн.
МОНГОЛД ТРАНЗИТ ТЭЭВРИЙН УРСГАЛ МУУ БАЙНА
Тэгвэл нөгөө талдаа Монголын нутгаар дамжин өнгөрөх транзит тээврийн урсгал санасан хэмжээнд хүрэхгүй байгаа нь үнэн. Улаанбаатар төмөр замын нийт ачаа эргэлтийн 10 шахам хувийг, орлогын 22.8 хувийг транзит тээвэр бүрдүүлдэг.
2016 онд 168 чингэлгийн галт тэрэг манай улсын нутгаар дайран өнгөрчээ. Өөрөөр хэлбэл, жилдээ хоёр сая тонн ачаа дамжин өнгөрч байгаагийн ихэнх хэсгийг ОХУ-аас Хятад руу тээвэрлэж байгаа мод, модон бүтээгдэхүүн эзэлдэг аж. Улаанбаатар төмөр замын суурь хүчин чадал нь жилд 25 сая тонн ачаа тээвэрлэх хүчин чадалтай гэсэн тооцоо байдаг бөгөөд жилдээ 20 сая тонн ачаа тээвэрлэдэг байна. Ингээд үзэхээр цаана нь таван тонн ачаа тээвэрлэх нөөц хэвээр байна гэсэн үг.
Дамжин өнгөрөх транзит тээвэр нь Монгол Улсад орж ирэх валютын урсгалыг нэмэгдүүлдэг Транзит тээврийн тооцоо нь Олон улсын төмөр замуудын хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын нэгдсэн тарифын дагуу хийгддэг байна. Гэхдээ манай улсын хувьд транзит тээврийг нэмэгдүүлэхийн тулд үнэ тарифын ухаалаг уян хатан бодлого барьж, үйлчилгээний чанарыг сайжруулж өөрийн нутгаар цөөн цагийн дотор хурдан шуурхай дамжин өнгөрөх нөхцөлөөр хангахад анхаарах нь чухал гэдгийг судлаачид хэлдэг.
Монгол Улсаар дамжин өнгөрөх төмөр замын тээвэр нь БНХАУ-ОХУ-Европын хооронд хийгдэх худалдаа, тээврийн хамгийн дөт чиглэлийн нэг учраас БНХАУ-ын "1 бүс-1 зам” ба гурван улсын "Эдийн засгийн коридорын хөтөлбөр”-т багтаад байгаа билээ. Хэрэв тээврийн коридоруудыг байгуулбал бараа, бүтээгдэхүүний тээврийн зардлыг хоёр дахин хэмнэж, мөн тээвэрлэгдэх хугацааг хоёр дахин богиносгох давуу талтай.
ГУРВАН УЛСЫН ЭДИЙН ЗАСГИЙН КОРИДОРЫН ХЭРЭГЖИЛТИЙГ ХУРДЛУУЛАХЫГ ХҮСЛЭЭ
Хятадын талаас санал болгосон "Нэг бүс, Нэг зам” санаачилгыг хэрэгжүүлэх явцад тээврийн зам, интеграцийн зургаан коридор байгуулахаар төлөвлөсний нэг нь ОХУ-Монгол Улс-БНХАУ-ын эдийн засгийн коридор юм. Дээрх төлөвлөгөөг хэрэгжүүлэх нь Орос, Монгол, Хятадын хооронд худалдаа, эдийн засгийн интеграцийг хөгжүүлэх, бүс нутгийн үйлдвэрлэл, хангамжийн сүлжээг үүсгэн байгуулахад чухал нөлөөтэй.
Одоогоор "Эдийн засгийн коридор”-ын хүрээний төслүүдийн техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулах, санхүүжилтийн хэлбэрийг тодорхойлохоор гурван улсын холбогдох байгууллагууд судалгаа хийж буй. Хоёр хөршийн тухайд 2020 он гэхэд худалдааны эргэлтийг 200 тэрбум долларт хүргэхээр зорьж ажиллаж байгаа аж.
Энэ худалдааг Монголын нутгаар, дөт замаар, эдийн засгийн коридороор дамжуулбал бүх талын эрх ашигт нийцнэ гэдгийг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын хуралдааны үеэр илэрхийлсэн. Тэрбээр "Яриа хэлцлээс хэтрэхгүй байгаа Гурван улсын эдийн засгийн коридорын хэрэгжилтийг хурдлуулахыг бид хүсэж байна. Монгол Улс энэ бүтээн байгуулалтад өөрсдийн талаас шаардагдах бүхнийг хийхэд бэлэн байгаа” гэдгээ шуудхан хэлсэн байна.
Ямартай ч одоогийн байдлаар Зүүн төв, хойд коридорын бүтээн байгуулалтыг эхлүүлэх бэлтгэл ажил бэлэн болж байгаа аж. Мөн 1116 километр төмөр замын шинэчлэлтийн ажлыг ОХУ-ын Засгийн газраас олгох хөнгөлөлттэй зээлээр хийх юм. Автозамын хувьд аялал жуулчлалын бүс нутгийг хөгжүүлэхтэй уялдуулан бүс нутгуудыг авто замаар холбохоор төлөвлөсөн байна.
"Монголын Хөгжлийн зам" хөтөлбөр, БНХАУ-ын "Нэг бүс-Нэг зам” ОХУ, Евро-Азийн эдийн засгийн холбооны санал санаачилгыг уялдуулахад талуудын Засгийн газар болон салбарын яамнаас анхааран ажиллаж байна гэдэг том дэвшил. Түүнчлэн дамжин өнгөрөх тээвэрлэлтийн тухайд Хятадаас Европыг чиглэсэн чингэлгийн тоо, галт тэрэгний хэмжээ 3.3 дахин нэмэгдсэн сайн үзүүлэлт гарчээ. Мөн 11 жил тасарсан ОХУ-аас Хятад руу дамжин өнгөрөх тээвэрлэлтийн хэмжээ өссөн гээд ахиц гарсаар байгаа юм.
У.САРАНГЭРЭЛ, ҮНДЭСНИЙ ШУУДАН