|

МОНГОЛ ЦЭРГИЙН СҮР ЖАВХАА БАДАРЧ БАЙГ

saikhnaa 2018/07/09 93 0

МОНГОЛ ЦЭРГИЙН СҮР ЖАВХАА БАДАРЧ БАЙГ

УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд мэндчилгээ дэвшүүлж байна.

Зэвсэгт хүчний генерал, офицер, ахлагч, түрүүч, байлдагч, сонсогч, дайнд оролцож, дарийн утаа үнэртэн чөлөөнд гарсан хүндэт буурлууд, ахмад дайчид, Батлан хамгаалахын алба хаагчид, төрийн цэргийн байгуулалын нийт бие бүрэлдэхүүн та бүхэнд Үндэсний их баяр наадам, Тулгар төрийн 2227, Их Монгол Улс байгуулагдсаны 812, Ардын хувьсгалын 97 жилийн ойн баярын  цогтой халуун мэндийг хүргэн мэндчилье.

            Монгол Улсын түүхийн бүхий л эгзэгтэй үед төр, түмнийхээ итгэл, найдварыг хүлээн эх нутаг, газар шорооныхоо бүрэн бүтэн байдал, эх орныхоо тусгаар тогтнол, элгэн садан, Монгол түмнийхээ амар амгалан амьдралыг харийн аливаа халдлагаас соргогоор хамгаалах өндөр хариуцлага, нэр төртэй үүргийг гүйцэтгэж, түүнд ухамсарт амьдрал, бие сэтгэл, эрдэм чадвараа бүрэн зориулсан үе үеийн дайчдын гавъяат үйлсийг баярын энэ өдөр хүндэтгэн дурсахад таатай байна.

    Монголын ард түмэн улс орноо тусгаар тогтнуулж, бүрэн бүтэн байдлаа хадгалан үлдээхийн төлөө өнгөрсөн 20 дугаар зууны туршид үлэмжийн хүчин чармайлт гаргасны дотор 1911 оны Үндэсний эрх чөлөөний тэмцэл, 1921 оны Ардын хувьсгал, Халхын голын 1939 оны байлдаан, 1945 оны чөлөөлөх дайн, Улсын баруун хилд болсон зэвсэгт тулгаралтын ялалт, улс орны хөгжил, цэцэглэлтийн онцгой үе шат бүрд Монгол цэрэг өөрийн үүргээ гүнзгий ухамсарлан түүхэн үүрэг гүйцэтгэсэн гавъяатай билээ.

   Дэлхий дахинаа даяаршлын үйл явц эрчимжиж буй энэ үед улс орноо батлан хамгаалах зорилго, зорилтыг бүс нутгийн болон дэлхий дахины энхийн үйл явцын нийтлэг хандлагатай уялдуулан Нэгдсэн үндэстний байгууллагын энхийг дэмжих болон олон улсын цэргийн ажиллагаанд Зэвсэгт хүчний дайчид, цэргийн багийн бүрэлдэхүүн хувь нэмрээ оруулан, үүрэг гүйцэтгэж, дэлхий дахинаа нэр алдраа мандуулж байгаа нь Монгол цэргийн дайчин замнал, түүхийн хуудсыг шинэ агуулгаар баяжуулж буй хэрэг төдийгүй, ард түмнийхээ бахархал, хүндэтгэлийг хүлээх сайхан боломжийг бүрдүүлж байгаа билээ. Цэнхэр дуулгат дайчиддаа тангараг нэгт дайчин нөхөд, аав, ээж, гэр бүлийнхэн чинь сайн сайхныг хүсэн баярын мэнд хүргэж байна.

            Зэвсэгт хүчний хөгжлийн зорилтыг тууштай хэрэгжүүлэхийн зэрэгцээ аюулгүй байдлын шинэ орчин, нөхцөлд улс орноо батлан хамгаалах үйл явцыг улс төр, дипломатын арга хэрэгслээр хангах зарчмыг тууштай баримтлан дэлхий дахин, бүс нутагт цэргийн итгэлцлэлийг бэхжүүлэх, энхийн үйлсэд хувь нэмрээ идэвхтэй оруулах нь манай батлан хамгаалах бодлогын тэргүүлэх чиглэл байх болно.

Батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчин нь залуу үеийн эх орноо гэсэн чин сэтгэл, хүсэл мөрөөдлийн бодит илэрхийлэл, цэрэг эх оронч үзлийн төв ундарга, бие бялдар, сахилга бат, хүмүүжлийн том сургууль, хүн ардынхаа өмөг түшиг, улс орныхоо тогтвортой хөгжлийн нэг баталгаа байх болно.

Нар хур тэгширсэн энэ сайхан өдрүүдэд идэр чийрэг бөхчүүд маань хүчтэй, аргамаг шандаст хүлгүүд нь хурдан, цэц магнай харваачид нь мэргэн байж, хотол түмнээрээ сайхан наадаарай. Төрт ёсны их баяр цэнгэл-Монгол наадам дөрвөн зүг, найман зовхист ёслол төгөлдөр, сүр жавхлантай болж, айл өрх, хүн бүрт баяр баясгалан бэлэглэх болтугай!

Монгол цэргийн сүр хүч, жавхаа хийморь үеийн үед мандан бадарч байг.

Санал болгох

Сэтгэгдэл

top