|

Их ган болсон нь эртний Майягийн соёл иргэншлийг мөхөөсөн гэж эрдэмтэд дүгнэжээ

saikhnaa 2018/08/03 539 0

Их ган болсон нь эртний Майягийн соёл иргэншлийг мөхөөсөн гэж эрдэмтэд дүгнэжээ

Одоогоос 1,000 орчим жилийн өмнө Мексик даяар нүүрлэсэн их ган гачигийн улмаас эртний Майягийн соёл иргэншил мөхсөн гэж эрдэмтэд дүгнэжээ.

Тухайн цагийн уур амьсгалыг судалж байсан эрдэмтэд эртний хотууд эзгүйрэх үетэй давхцан бүс нутгийн хур тунадасны хэмжээ 70 хувиар буурсныг тогтоосон байна.

Майягийн иргэншил юунаас болж мөхснийг олон янзаар тайлбарлан маргаж байсан ч ган гачигийн тухай сэдэв олон жилийн турш дарагдсаар ирсэн юм.

Харин сая олон улсын эрдэмтдийн баг Юкатаны хойгийн цаг уур ямар байсныг тухайн газар оронд байдаг нуурны тунадасыг шинжлэх замаар тогтоожээ.

"Майягийн сонгодог иргэншил мөхсөн шалтгааныг цаг уурын өөрчлөлттэй холбон тайлбарлахад тодорхой хэмжигдэхүйц баримт дутагддаг байв. Тэгвэл манай судалгаа Майягийн уналтын үед хур тунадас, чийгшилтийн хэмжээ буурсныг хөдлөшгүй баримтаар баталж байна” гэж Кэмбрижийн Их сургуулийн судлаач Ник Эванс ярьж байна.

Майягийн сонгодог соёл иргэншлийн үе нь Нийтийн Тооллын 250-800 оныг хамардаг.

Энэ үед өнөөдрийг хүртэл хадгалагдаж үлдсэн аварга том чулуун байгууламжууд бий болсон гэж үздэг юм. Гэвч их ган гачиг болсны улмаас эдгээр чулуун хотуудыг иргэд нь орхин явахад хүрсэн байна.

Майя хүмүүсийн хойч үе өнөөдөр ч Төв Америк даяар үлдсэн байдаг. Гэхдээ Европчууд анх энэ нутагт ирэхэд тэдний хүч чадал нэгэнт үгүй болсон байв.

Эвансын багийн хийсэн судалгаа бүр 1990-ээд оноос эхлэлтэй бөгөөд тайлан нь Science сэтгүүлд нийтлэгджээ.

Тэд тухайн бүс нутгийн Чичанканаб нуурын тунадасны химийн найрлагыг шинжлээд мянга гаруй жилийн өмнө хур тунадасны хэмжээ огцом буурсныг тогтоосон юм.

Ингэхдээ ган болох үеэр нуурын ус ихээр ууршихад химийн хөнгөн бодисууд нь хамт ууршиж, хүнд бодисууд нь тунаж үлдсэнийг орчин үеийн технологийн тусламжтай тодорхойлсон гэнэ.

Эх сурвалж: Independent

Р.Төмөр, ikon.mn

Санал болгох

Сэтгэгдэл

top