|

Арбитрын шүүх хуралд Монголын тал дахин бүдрэв үү

saikhnaa 2018/08/08 1310 0

"Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг булаацалдсан дотоодын тэмцэл төгсөөгүй байхад 51 хувийг нь Өмнөд Африкийн "Стандарт” банкинд барьцаалж зээл авсан хэргийг шүүх Арбитрын шүүх хуралд Монголын тал дахин бүдэрсэн бололтой. Шүүх хурал өнгөрсөн сарын 10-нд болсон бөгөөд "Монголын гадаад дахь хөрөнгийг царцааж, "Эрдэнэт” үйлдвэрийн удирдлагуудыг төлбөр төлөх хүртэл барьж саатуул” гэсэн утгатай шийдвэр гарсныг УИХ-ын гишүүн О.Баасанхүү мэдээлээд буй.

 

Тэрбээр шүүх хурлын албан ёсны шийдвэр болон уг асуудалтай холбоотой үнэн бодит мэдээллийг авахаар Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд асуулга тавьсан юм. Тодруулбал, Английн Лондон хотод болсон Арбитрын шүүх хурлаар зээлийн асуудал бүрэн эцэслэгдсэн эсэх, хоёрдугаарт тус шүүх хурлаас "Эрдэнэт" үйлдвэрийн удирдлагууд болон компанийн өмч хөрөнгө, үйл ажиллагаатай холбоотой ямар шийдвэр гаргасныг асуужээ.

Мөн "Эрдэнэт” үйлдвэрийн 51 хувийг барьцаанд тавьсан этгээдүүдэд ямар арга хэмжээ авах, тус үйлдвэрийг хохиролгүй болгох төлөвлөгөөний талаар мэдээлэл авахыг хүсэхийн зэрэгцээ ээлжит бус чуулган хуралдуулбал уг асуудлыг яаралтай хэлэлцэх шаардлагатайг дурдсан байгаа юм.

Үүнээс гадна нэг cap гаруйн өмнө Арбитрын шүүх Монголын талд нааштай шийдвэр гаргах байх гэж найдаж байсан "Эрдэнэт” үйлдвэрийн 51 хувийг барьцаалсан хэргийг шалгах ажлын хэсгийнхэн ч шүүхийн шийдвэр Монголын талд таагүй гарсныг хэлсэн байна. Тухайлбал, ажлын хэсгийн ахлагч Я.Санжмятав нэгэн сайтад өгсөн тодруулгадаа "Ажлын хэсэг хуралдаад Английн Лондон хотод болсон Арбитрын шүүх хуралд УИХ-аас төлөөлөл явуулах шаардлагагүй, хуулийн байгууллагаас төлөөлөл явуулъя гэж шийдсэн.

Ингээд төрийн мониторинг хийлгэх үүднээс Авлигатай тэмцэх газрын нэг төлөөлөгч, хуулийн байгууллагын нэг төлөөлөл явуулсан. Шүүхийн шийдвэр Монголд таагүй гарсан” гэжээ. Үүнээс үзэхэд, Монголын тал буюу "Эрдэнэт” үйлдвэр Өмнөд Африкийн "Стандарт” банкинд "Жаст"-ын Ш.Батхүүгийн зээлсэн 100 орчим сая ам.долларыг төлөх нь тодорхой болсон гэхэд буруудахааргүй болжээ. Гэхдээ албан ёсны мэдээлэл хараахан гараагүй бөгөөд О.Баасанхүү гишүүний Засгийн газарт тавьсан асуулгын хариунаас бүрэн мэдэх боломжтой билээ.

Уг асуудлыг эргэн сануулахад, 2009 оноос эхлэн "Жаст” группийн захирал асан Ш.Батхүү "Эрдэнэт үйлдвэр”-ийг барьцаалж, дарга нарын гарын үсгээр баталгаажуулан Өмнөд Африкийн "Стандарт” банкнаас 109 сая ам.доллар зээлсэн нь нэлээд хожуу буюу 2013 онд мэдэгдсэн байдаг. Тухайн үед батлан даалт хийсэн "Эрдэнэт” үйлдвэрийн дарга асан Ч.Ганзориг, Төрийн өмчийн хорооны дарга асан Д.Сугар нарын тамга тэмдэг бүхий гарын үсгийг хуурамч хэмээн манай улсын хууль хяналтынхан үзсэн ч Арбитрын шүүхээс хуурамч биш гэдгийг тогтоосон гэдэг. Харин энэ маргаанаар "Стандарт” банк 109 сая ам.доллар нэхэмжилж, Арбитрт хандан, гурван удаагийн шүүх хуралд ялжээ.

Гэхдээ Арбитрын шүүх банкнаас нэхэмжилсэн төлбөрийг бууруулан "Эрдэнэт үйлдвэр”-ийг 51 сая ам.доллар төлөх шийдвэр гаргасан. Үүнээс гадна "Стандарт” банк 2013 оноос хойш дөрвөн жилийн хугацаанд гаргасан шүүхийн зардал, үндсэн зээлийн хүү, торгууль алданги зэргийг "Эрдэнэт” үйлдвэрээс нэхэмжилж дахин Арбитрт ханджээ. Улмаар Арбитрын шүүхээс зардал, үндсэн зээлийн хүү, торгуульд нийт 44 сая ам.долларыг "Эрдэнэт үйлдвэр”-ээс гаргуулан "Стандарт” банканд олгох шийдвэр нэмж гаргасан байдаг.

Ингэснээр Монголын тал тус банкинд нийт 99 сая ам.доллар төлөхөөр болсон бөгөөд хамгийн гол нь зээлийн хүүнд сард 900 мянган доллар байхаар шийдвэрлэсэн гэдгийг өнгөрсөн хоёрдугаар сард хэвлэлээр мэдээлж байсан юм.

Харин одоо Арбитрын дөрвөн удаагийн шүүхийн шийдвэр Монголын эсрэг гарсан энэ үед Ш.Батхүүгийн зээлсэн мөнгийг "Эрдэнэт” үйлдвэр төлөх нь зохистой юу гэдгийг ярих нь зөв. Арбитрын гурав дахь удаагийн шүүхийн шийдвэр гарсны дараа буюу өнгөрсөн хаврын чуулган эхлэх үеэр улстөрчид "Хувийн хэвшлийн зээлсэн мөнгийг улс төлөх ёсгүй. Буруутай этгээдүүдээр нь төлүүлэх ёстой” гэсэн байр суурь илэрхийлж байсан. Иргэд ч үүнийг дэмжиж байгаа.

Гэсэн ч нэгэнт гарсан Арбитрын шийдвэрийг манай улс хүлээн зөвшөөрөхөөс аргагүй гэдгийг Арбитрчдын зөвлөлийн гишүүн, хуулийн зөвлөх Т.Алтангэрэл өнгөрсөн хоёрдугаар сард хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурдсан байдаг. Тэрбээр ярилцлагадаа "Арбитрын шийдвэрийг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх үүргийг улс орнууд Нью-Йоркийн конвенцийн дагуу хүлээдэг тул одоо түүнийг гүйцэтгэх, өр төлбөрийг барагдуулах үүргийг "Эрдэнэт” үйлдвэр биелүүлэх болох нь.

109 сая ам.долларын төлбөрийг энэ том үйлдвэр графикаар төлчих л байх л даа. Хамгийн гол нь энд төрийн буюу нийтийн өмчийн асуудал яригдаж байгаа. Тэр өмчид хохирол учрах нь иргэдийн эрх ашгийг шууд хөндөж байгаа хэрэг. Арбитрын шийдвэрээр нэгэнт "Эрдэнэт” үйлдвэр төлөхөөр гарсан тул тус үйлдвэр өр төлбөрийг яаралтай барагдуулахаас өөр аргагүй байхыг үгүйсгэхгүй. Дараагийн ээлжид дотооддоо хууль хяналтын байгууллагаар асуудлыг яаралтай хянаж, шалгаж, буруутай этгээдүүдээр учирсан хохирлыг нөхөн төлүүлэх арга хэмжээ авах хэрэгтэй болно” гэжээ.

Тэгвэл уг хэргийн эзэн "Жаст” группийн ерөнхийлөгч асан Ш.Батхүүг энэ хугацаанд хоёр удаа хорьсон ч хоёуланд нь эрүүл мэндийн шалтгаанаар батлан даалтад гаргасан. Тэрбээр бүх хөрөнгөө өгсөн учраас надад хоёр чихнээс өөр өгөх зүйл байхгүй гэдгийг хэлсэн удаатай. Харин зээлийг батлан даах гэрээнд гарын үсэг зурсан, зураагүй гэх "Эрдэнэт” үйлдвэрийн тухайн үеийн удирдлагууд болон хэрэгт нэр холбогдсон хүмүүсийг хууль хяналтын байгууллагаас шалгаж байгаа.

Тиймээс Ш.Батхүүгийн зээлсэн мөнгийг хэн төлөх нь одоогоор тодорхойгүй хэвээр байна. Уг асуудал нь "Эрдэнэт” үйлдвэрийн удирдлагуудтай холбоотой мэт боловч, улсын өмчийн үйлдвэр учраас Засгийн газар л асуудлыг гогцоог тайлах биз. Харин хэзээ, хэрхэн шийдвэрлэхийг хэн мэдлээ.

Б.ЦЭНД-АЮУШ

ҮНДЭСНИЙ ШУУДАН СОНИН


Санал болгох

Сэтгэгдэл

top