"Эрдэнэс тавантолгой” компанийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг, тус компанийн дэргэд байгуулсан "1072 хувьцааны мэдээллийн төв”-ийн дарга н.Батбаяр нар мэдээлэл хийлээ. .
Тус компани дотоодын болон олон улсын хөрөнгийн зах зээлд өрсөлдөн нийт 10 тэрбум ам.долларын санхүүжилт татахаар ажиллаж байна. Ажлын хэсгийн гишүүд үүнийг биелүүлэхийн тулд олон цагаар тасралтгүй ажиллаж байгаа аж. Дотоодын хөрөнгийн биржид хувьцаагаа бүртгүүлэхэд шаардлагатай бичиг баримтыг бүрдүүлэн Монголын хөрөнгийн бирж, Санхүүгийн зохицуулах хороонд хүргүүлжээ.
IPO гаргах үүрэг даалгавар авснаас хойш өнөөдөр 72 дахь өдөр болж байна. Дотоодын хөрөнгийн биржээс гадна Хонконг, Торонто, Лондон, Нью-Йоркийн хөрөнгийн биржид давхар бүртгүүлэхээр зэхэж байгаа юм. Дотоод, гадаадын хөрөнгийн биржид бүртгүүлэх үйл явц удааширсан ч тус компани ирэх онд иргэдэд анх удаа ногдол ашиг тараана гэдгийг Б.Ганхуяг захирал онцоллоо. Гэвч ирэх онд, ямар хэмжээний ногдол ашиг тараахыг тус компанийн ТУЗ эцэслэн шийдвэрлэнэ гэв.