|

Ерөнхий сайд У.Хүрэлсүх АНУ-д айлчилж байна

nomun 2018/09/20 727 0

Ерөнхий сайд У.Хүрэлсүх АНУ-д айлчилж байна

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх АНУ-д д ажлын айлчлал хийж буй. Айлчлалын бүрэлдэхүүнд Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар тэргүүтэй сайд нараас гадна нэр бүхий УИХ-ын гишүүд багтсан байна.

Ерөнхий сайд айлчлалынхаа үеэр Америкийн дээд удирдлагатай уулзаж, Монгол, Америкийн харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн байдлын талаар санал солилцохоор төлөвлөсөн юм.

Айлчлалын үеэр АНУ-ын Монгол Улсад олгох 350 сая ам.долларын буцалтгүй тусламжийн гэрээг баталгаажуулах аж. Талууд өргөтгөсөн иж бүрэн түншлэлийн тухай Монгол Улс, Америкийн Нэгдсэн Улсын хамтарсан албан мэдээ гаргаж, хоёр улсын хоорондын эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх тухай замын зураглалыг тохиролцохоор төлөвлөсөн билээ.

Өнөөдрөөс Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн албан уулзалтууд эхлэх аж. Ерөнхий сайд У.Хүрэлсүх АНУ-ын Вашингтон ДС хотод ажилласныхаа дараа үргэлжлүүлэн НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 73 дугаар чуулганд оролцож үг  хэлэх юм. Тэрээр энэ үеэрээ НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гуттерес, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн захирагч Аким Штайнер болон өндөр албаны бусад тушаалтантай уулзаж ярилцахаар төлөвлөсөн байна.

Г.ИТГЭЛ


Санал болгох

Сэтгэгдэл

top