|

ЭЭЛЖИЙН АМРАЛТЫН ҮНДСЭН ХОНОГИЙГ 20 БАЙХААР ӨӨРЧИЛЖЭЭ

munkhod 2015/06/17 738 0

ЭЭЛЖИЙН АМРАЛТЫН ҮНДСЭН ХОНОГИЙГ 20 БАЙХААР ӨӨРЧИЛЖЭЭ

 

Монгол улсын хөдөлмөрийн сайд С. Чинзориг өчигдөр Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-ын даргад өргөн барилаа. Одоо мөрдөж байгаа Хөдөлмөрийн тухай хуульд 1999 онд шинэчлэгдэн батлагдсанаас хойш 18 удаа нэмэлт, өөрчлөлт оруулсан байна.
Уг хууль төрөөс хөдөлмөрийн харилцааг дангаар зохицуулах үүрэг солигдсон шилжилтийн үеийн нийгэм, эдийн засгийн нөхцөлд нийцэж байсан боловч өнөөгийн хөдөлмөрийн харилцааг бүрэн зохицуулж чадахгүй байгаа хэмээн Хөдөлмөрийн сайд С.Чинзориг хэллээ.Тиймээс үүсээд байгаа нөхцөл байдал, хөдөлмөрийн харилцааны хөгжлийн чиг хандлагатай уялдуулан хуулийн зохицуулалтын үр нөлөөг дээшлүүлэх, хамрах хүрээг өргөжүүлэх зорилгоор Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулсан байна. 

Хуулийн төсөлд ажилтнуудын ажил, амралтын цаг, цалин хөлстэй холбоотой томоохон шинэ зүйл заалт хэд хэдийг оруулжээ.Тухайлбал  уул уурхайн салбарт гадаадын хөрөнгө оруулалт нэмэгдсэнтэй холбоотойгоор гадаад, монгол ажилчдын цалингийн зөрүү их болсон байна. Гэтэл үүнийг манай хуулиар зохицуулах боломжгүй байдаг юм. Тиймээс адил хөдөлмөр эрхэлж байгаа ажилтанд ижил хэмжээний цалин өгдөг байх заалт оруулж байгаа аж.Харин одоо мөрдөж буй хуулиар хувийн хэвшлийн цалин хөлсний тогтолцоог зохицуулж чадахгүй байгаагаас цалин хөлс нь ажилтны ур чадвар, мэргэшлийн зэрэгтэй уялддаггүй.Энэ байдлыг өөрчлөхийн тулд хувийн хэвшилд ажиллаж байгаа хүмүүст ур чадвараас нь хамаарсан мэргэжлийн зэрэг дэв олгодог, зэрэг дэвээсээ хамаараад ялгамжтай цалин хөлс авдаг байх заалтыг шинээр тусгажээ. Мөн оюутан залуусыг цагаар ажиллах нөхцөл боломжийг бүрдүүлэхэд чиглэсэн тодорхой зүйлийг ч оруулжээ.

Оюутнуудад өдөрт  дөрвөн цагаас хэтрэхгүйгээр цагийн ажил хийхийг зөвшөөрч, ажлын хөлсийг тухай бүрт нь авдаг зохицуулалтыг  хуульчилж байгаа юм байна.Түүнчлэн одоогийн хуулиар ажиллагсдын ээлжийн амралтын үндсэн хоног 15 байгаа.Харин судалгаагаар үзэхэд Монгол Улс ээлжийн амралтын үндсэн хоног хамгийн багатайд тооцогддог юм байна. Тиймээс ээлжийн амралтын үндсэн хоногийг 20 байхаар өөрчилж өгчээ.  
 
Тодруулбал ээлжийн амралтын үндсэн хоногийг хуульд зааж байгаа бөгөөд бусад нэмэгдлийг аж ахуйн нэгж байгууллагын дотоод журмаар шийдвэрлэдэг байхаар тусгасан байна. Мөн гэрээсээ хол уул, уурхайн салбарт ажилладаг ажилчдын ажиллах хоногийг 21, амралтын хоногийг 14 байхаар Хөдөлмөрийн хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд тусгаж өгчээ.

Санал болгох

Сэтгэгдэл

top