Сүүлийн үед багагүй өсөж иргэдийг сандаргаж байсан ноён долларын ханш эргэж буурах хандлага үүслээ. Өнөөдөр ам.долларын ханш арилжааны банкуудад 3-4 орчим төгрөгөөр, Монголбанкны зарласан ханшаар 1 төгрөгөөр, ченжүүд дээр 5-7 төгрөгөөр буурч цаашид ч долларын ханш сулрах төлөвтэй байна. Валютын ханш нь худалдааны болон төлбөрийн тэнцэл зэрэг эдийн засгийн суурь хүчин зүйлсээс голлон хамаардаг ч, иргэдийн хүлээлт үүнд мөн томоохон нөлөөтэй. Монгол Улсын худалдааны тэнцэл 869 сая ам.долларын ашигтай байгаа буюу эдийн засгийн суурь хүчин зүйлс тогтвортой байхад ханш огцом савласан нь иргэдийн дунд ханш өсөх нь гэсэн хүлээлт үүссэнтэй шууд холбоотой. Улирлын шинж чанартайгаар импорт нэмэгдэж, долларын эрэлт сүүлийн үед огцом өссөн ба энэ нь банкууд болон ченжүүд дээр ам.долларын богино хугацааны хомстолыг үүсгэж улмаар ханшийг өсгөж эхэлсэн. Хамгийн гол нь иргэд ханш өсөх нь гэсэн хүлээлтээр төгрөгөө ам.доллар луу хурдтай хөрвүүлсэн нь энэ өсөлт дээр нэрмээс болж байна.