|

Вагнер Ази Тоног Төхөөрөмж ХХК-ийн Нийгмийн бодлогын хороо Итгэлийн мод төвд ажиллалаa

Altaa 2018/10/15 1035 0


 
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг сэргээн засах "Сорхугтани” төвд туслахаар өнгөрсөн 6-р сарын сүүлээр Монголын уул уурхайн томоохон нэр хүндтэй  байгууллагууд дунд "Уурхайчдын хандивын гольфийн тэмцээн” -ийг  "Вагнер Ази Тоног Төхөөрөмж” ХХК зохион байгуулсан бөгөөд уг тэмцээний үеэр цугласан хандиваар хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг нөхөн сэргээх, бялдаржуулах,  тэдний биеэ даах чадварыг хөгжүүлэхэд үнэмлэхүй хувь нэмэр оруулж шаардлагатай тоног төхөөрөмж тавилга хэрэгслээр бүрэн хангаж өгсөн юм. Үүнтэй холбоотойгоор  тус компанийн Нийгмийн бодлогын хороо Орхон аймагт хүрэлцэн ирж Итгэлийн мод ТББ-ын "Сорхугтани” төвийн үйл ажиллагаатай танилцлаа. Тус төвд нийт 0-6 насны тусгай хэрэгцээт 140 гаруй хүүхдүүд бүртгэлтэй бөгөөд 70% орчим нь тархины саажилттай, бусад нь тулгуур эрхтний саажилт, түнхний мултрал, хэл ярианы хөгжлийн хоцрогдолтой. "Сорхугтани” төвд хүүхдүүдэд сэргээн засал, бариаг хийхээс гадна, тэднийг асран халамжлагч гэр бүлийнхэн, эцэг эхчүүд хоорондоо туршлага солилцож, бие болоод сэтгэл санааны тайвшрах боломжийг бүрдүүлсэн эерэг дулаан уур амьсгалтай газар болж чадсан юм.
"Вагнер Ази Тоног Төхөөрөмж "компани санаачлан 7 дахь жилдээ уламжлал болгон зохион байгуулагддаг Уурхайчдын хандивын гольфийн тэмцээний үеэр цугласан хандиваар  хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан физик эмчилгээний шаардлагатай 40 гаруй нэр төрлийн тоног төхөөрөмж, хэрэгсэл, тусгай сандал, ширээ, зориулалтын гутал, хөл гарын чиг,  хүчилтөрөгчийн аппарат, хүчилтөрөгчийн коктейл найруулагч, эмнэлгийн хэрэгслүүдийг худалдан авч иж бүрэн тохижуулах ажил бүтэн 3 сар үргэлжилж энэ сарын эхээр дууслаа.
Тус арга хэмжээнд идэвхитэй оролцож нэгдсэн харилцагч байгууллагууд болох Оюу Толгой ХХК, Максам Эксплозивс ХХК, Уул уурхайн үндэсний олборлогч ХХК, Рэдпать ХХК, Даян Контракт Майнинг ХХК, Энэржи Ресурс ХХК, Эс Жи Эм Эс ХХК, Терра Энержи ХХК, Хишиг Арвин Индустриал ХХК, Улз Груп, Тод ундарга ХХК-даа нийгмийн хариуцлагаа ухамсарлан, бидний ирээдүй болсон хүүхдүүдийн төлөө хамтран ажилласанд талархал илэрхийлье. Уг арга хэмжээний үеэр нийт 41,875,930 төгрөг цугласан юм. Вагнер Ази Тоног Төхөөрөмж ХХК нийгмийн хариуцлага хэрэгжүүлэгч байгууллагынхаа хүрээнд энэхүү хандивын тэмцээнийг жил бүр зохион байгуулдаг бөгөөд өнгөрсөн жилүүдэд Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв-ийн эрчимт эмчилгээний тасаг, Улсын хүүхдийн асрах 24 цагийн 4-р клиник, Мишээл хүүхдийн сан зэрэг газруудад хандив босгон өгч байжээ. Гадаадын байгууллага ч гэлээ Монголын ард иргэдийн төлөө сэтгэл зүрх гарган ажиллаж байгаа тус компанийн хамт олонд ажлын амжилт сайн сайхан бүхнийг хүсэн ерөөж байна. Тус төвд одоогоор 5 ажилтан ажиллаж 1 ой 8 сараас – 5 нас хүртэлх хүнд хэвтрийн болоод тусгай хэрэгцээт хүүхдийг асран харж халамжлан нийтдээ 20-иод эцэг эхчүүдийг ажил төрлөө тайван хийх амьдралаа авч явахад  нь тусалж байна. Итгэлийн мод ТББ-ийн "Сорхугтани” төв өглөө 08 цагаас хүүхдүүдээ гэрээс нь авч , оройн 17 цаг 30 минутанд гэрт нь хүргэж үйлчилдэг юм. Зарим тохиолдолд тусгай хэрэгцээт хүүхдүүдтэй ажилладаг Монголын хүүхдээр мэргэжсэн гавъяат эмч нарыг улирлаар урин бүртгэлтэй хүүхдүүдээ эмчилгээнд хамруулж хэвшээд байгаа. "Вагнер Ази Тоног Төхөөрөмж” ХХК-ийн Нийгмийн бодлогын хороо "Итгэлийн мод” төвд ажилласаны дараагаар "Эрдэнэт үйлдвэр” ХХК-тай танилцсан. "Эрдэнэт үйлдвэр” ХХК, Орхон аймгийн ЗДТГ-ын хамт олон ч тус төвийг дэмжин ажиллаж ирсэн билээ.

Санал болгох

Сэтгэгдэл

top