|

ЭРДЭНЭТ ХОТОД УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨӨР 3 ЦЭЦЭРЛЭГ, НЭГ СУРГУУЛЬ БАРИГДАЖ БАЙНА

Altaa 2018/10/16 1552 0

Аймгийн Засаг даргын орлогч С.Батжаргал  Улсын төсвийн хөрөнгөөр баригдаж буй сургууль,  цэцэрлэгийн барилгын ажлуудын явцтай танилцлаа. 

Энэ онд улсын төсвийн хөрөнгөөр Яргуйт багт 150 хүүхдийн цэцэрлэг баригдаж буй. Уг ажилд нийтдээ 1.7 тэрбум төгрөг зарцуулах бөгөөд 2019 оны 4 дүгээр улиралд ашиглалтад орно. Гүйцэтгэгчээр орон нутгийн "Ээлт өлгий” ХХК шалгарсан. 7-р сарын 3-нд шав тавьсан уг барилгын ажил одоогоор 65 хувьтай үргэлжилж байна. 
 
Мөн Булаг багийн 18-р цэцэрлэгийг 150 хүүхдийн хүчин чадлаар өргөтгөх ажлын явц 50 орчим хувийн гүйцэтгэлтэй байна. Уг ажилд улсын төсвөөс 2 тэрбум гаруй төгрөг зарцуулна. Дээрх ажлыг Улаанбаатар хотын "Бодьхангай” ХХК гүйцэтгэж байгаа бөгөөд ирэх оны 9-р сард ашиглалтад орно. 
 
Түүнээс гадна Баянбулаг багт баригдаж буй 150 хүүхдийн цэцэрлэгийн барилгын ажилтай танилцлаа. 2015 онд эхэлсэн уг ажил хөрөнгө оруулалт зэрэг шалтгаанаар өнөөг хүртэл саатаад байсан. Улсын төсвөөс 1.4  тэрбум гаруй төгрөгийн хөрөнгө оруулж буй уг цэцэрлэг энэ онд багтан ашиглалтад орно. Гүйцэтгэгчээр нийслэлийн "Хялганат нуга” ХХК ажиллаж буй. 
 
Үүгээр зогсохгүй тус багийн 16-р сургуулийн спорт залыг шинээр барьж буй. Нийтдээ 790 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулж байгаа уг залны карказны ажил бүрэн дуусжээ. Ирэх оны 8-р сарын нэгэнд дуусах спорт залны барилгын ажлын гүйцэтгэгчээр "Хан-Аттрибут” ХХК ажиллаж байгаа аж. 
 
Энэ онд Улсын төсвөөс санхүүжиж буй бас нэг барилга бол 1-р сургуулийг 928 хүүхдийн хүчин чадлаар өргөтгөх ажил юм. Одоогоор 50 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байгаа уг барилгын нь нийтдээ 4.2 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй. Барилгыг  "Неман констракшн” ХХК  барьж байна. 
 
Ийнхүү Засаг даргын орлогч С.Батжаргал  Улсын төсвийн хөрөнгөөр баригдаж буй сургууль, цэцэрлэгийн барилгын ажлуудын явцтай танилцах үеэр компаниуд тодорхой саналууд хэлж байлаа. Эдгээрээс дийлэнх компанид нь вальют, шатахууны үнэ өсөлтөөс шалтгаалж зардал нэмэгдэх асуудал гарч байгааг хэллээ. Иймд уг асуудлаа албан ёсоор бичгээр ирүүлж, харьяа яамдад уламжлах тал дээр хамтран ажиллахаа Засаг даргын орлогч С.Батжаргал  компанийн удирдлагуудад хэлсэн юм. 
 
 
 
 
 
 
 
 
 
 

Санал болгох

Сэтгэгдэл

top