|

“Өвлийн хүлэмжийн аж ахуй” төсөл хэрэгжүүлнэ

nomun 2018/10/24 206 0

 

 

Засгийн газрын ээлжит хуралдаан болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. 

"Өвлийн хүлэмжийн аж ахуй төсөл”-ийг эхлүүлэхийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзоригт даалгав.

Жил бүрийн 11 дүгээр сарын 01-нээс 04 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд 22.00 цагаас өглөөний 06.00 цагийн хооронд хэрэглэсэн цахилгааны хөнгөлөлтөд хамаарах дээд хязгаарыг 1 м2 талбайтай өвлийн хүлэмжид 0.768 квт/цаг хүртэл хэмжээгээр тооцож, төлбөрөөс 100 хувь чөлөөлөхөөр болов.    

Төслийн хүрээнд 20 га өвлийн хүлэмжийн аж ахуйнууд байгуулж,  жилд 6450 тонн хүнсний ногоо тарьж нийлүүлэх бөгөөд импорт 70 гаруй хувь буурна гэж тооцоолжээ. Энэ оны байдлаар улсын хэмжээнд 24,9 га талбай бүхий өвлийн хүлэмж байгаагийн 90 гаруй хувь нь Улаанбаатар хот, Төв аймгийн сумдын нутагт байна.  81 иргэн, аж ахуйн нэгж хүлэмжийн аж ахуй эрхэлдэг гэсэн судалгаа гарчээ. 

Товч мэдээ

-  "Төрөөс авто тээврийн талаар баримтлах бодлого”, "Төрөөс эрчим хүчний талаар баримтлах бодлогыг хэрэгжүүлэх дунд хугацааны үндэсний хөтөлбөр”-ийг хавсралтаар баталлаа. Шаардагдах хөрөнгийг улс болон орон нутгийн төсөв, гадаад улс, олон улсын байгууллагын хандив, зээл, тусламж, хөрөнгө оруулалтын хөтөлбөр, төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд гаргах юм.

-  "Дипломат, албан паспорт эзэмшигчдийг визийн шаардлагаас чөлөөлөх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Азербайжан Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг батлав. Ингэснээр дээрх төрлийн паспорт эзэмшигчид 90 хүртэл хоног харилцан визгүй зорчино. Мөн дипломат болон албан паспорт эзэмшигчид 30 хүртэлх хоног харилцан визгүй зорчихтой холбоотой Монгол Улс, Бүгд Найрамдах Армян Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг баталлаа.

-  Энгийн паспорт эзэмшигчдийг харилцан визийн шаардлагаас чөлөөлөх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Чили Улсын Засгийн газар хоорондын ноот бичиг”-ийг  батлав. Хоёр орны иргэд 90 хүртэл хоног харилцан визгүй, тэр дундаа манай иргэд Өмнөд Америкийн зургаан улсад визгүй зорчих боломж бүрдлээ.

 -  Хоёр улсын иргэд эрхээ хамгаалуулахаар шүүхэд хандах, баримт бичиг гардуулах, дамжуулах, нотлох баримт олж авах, гэрчлүүлэх, шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөх, гүйцэтгэх болон иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой туслалцааг харилцан үзүүлэхээр Бүгд Найрамдах Беларусь Улстай тохироод байна. Эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэхтэй холбоотой гэрээг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэн дэмжиж УИХ-д өргөн мэдүүлэхээр боллоо.  Мөн гэмт этгээдийг шилжүүлэх тухай гэрээг соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэхээр тогтов. 


Санал болгох

Сэтгэгдэл

top