|

Ерөнхий захирал нөөц ордуудын геологи хайгуул, судалгааны ажилтай газар дээр нь танилцав

Altaa 2018/10/26 1539 0
Like
 

  Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэн компанийн хэтийн төлөвд чухал нөлөөтэй хүдрийн нөөц бүхий орд, илрэлүүдийн геологи хайгуул болон эрэл үнэлгээний ажил газар дээрээ хэрхэн үргэлжилж буйг өнгөрсөн лхагва гарагт явж үзлээ. Үйлдвэрийн Хөгжил, их барилгын асуудал хариуцсан дэд захирал Д.Эрдэнэцогт, Хөгжлийн бодлогын газрын дарга Д.Нэмэхбаяр болон Ерөнхий захирлын зөвлөхүүд тэргүүтэй холбогдох мэргэжлийн хүмүүсээс бүрдсэн ажлын хэсэг Ил уурхайгаас эхлээд Баруун хойд болон Төвийн ордоор дамжаад Завсрын хэсэг, судалгааны томоохон биет болох Оюут, Шандын орд дээр ажилласан юм. 1985, 2012 онд эрлийн хайгуулын шатанд нөөц тогтоосон Шандын орд дээр өрмийн гурван машин ажиллаж байна. Энэ удаа 1300 гаруй метрийн гүний түвшинд өрөмдлөг явуулсан нь анхны тохиолдол бөгөөд энд хүдэржилт байх магадлалтай дүн гарчээ.

     Ерөнхий захирал энэ үеэр "Хүдэржилт боломжийн байдалд харагдаж байгаа нь 300-400 метрээс цааш. Хэрэв нөөц тогтоогоод ашиглах болвол далд уурхайн асуудал яригдана. Далд уурхайн зардал илүү өндөр байдаг. Тэр утгаараа хүдрийн агуулга ямар байхад онцгой анхаарч байна. Зэсээ дагаад өөр үнэт металл байж гэмээнэ ордын үнэ цэнэ нэмэгдэх учиртай. Ойрын жилүүдэд геологи хайгуул, судалгааны ажил үргэлжилнэ” гэж ярив.
Шандын орд дээр илүү нарийвчилж гүний хайгуул хийх, олон төрлийн эрдэс болон металл тодорхойлох, геологийн үнэлгээ хийж нөөцийг бүрэн тогтоох ажил давхар хийгдэж байна. Түүнээс гадна өрөмдлөгийн явцад гүний тодорхой түвшнөөс салаалах шинэ технологи ашиглаж байна. Нэг цооногоос олон салаа өрөмдөж зардал бууруулах технологийг энэ жилээс ашиглаж эхэлжээ.
Энэ жилийн геологи хайгуул нь агаар сансарын зургийн тайлал, геофизикийн аргачлалуудаас гадна талбайн урсгал сарнилын хүрээний болон хөрсний геохимийн дээжлэлтүүд, хувирлын зэрэг өмнө хийгдэж байгаагүй цогц ажлыг Эрдэнэтийн Овоо ордын эргэн тойрон 60 км радиуст хийж байгааг геологич онцолж байлаа. Мөн ашиглалт явуулж буй орд дээр олон улсын Жорк кодоор шалгалт, хяналтын өрөмдлөг болон нөөц, баялагийн үнэлгээний ажил хийж байна. Олон улсын туршлагатай зөвлөхүүд, мэргэжилтнүүд энэ ажлыг удирдан явуулж  байгаа бөгөөд туслан гүйцэтгэгч "Гео сан” компани геофизикийн аргаар агаарын болон газрын тандан судалгаа, "Дипирамид” компани хувирал, структур, зураглал, "Тайтлайн ресурс”-ийнхэн нөөц, баялагийн үнэлгээ хийж байгаа аж. Мөн Геологи хайгуулын ангийн 20 гаруй ажилтан хээрийн ажилд байнгын хяналт тавьж, чиглэл, зөвлөмж өгч ажиллаж байна.
Сүүлийн үед Эрдэнэт үйлдвэр геологийн болон талбайн судалгааны ажилд их хэмжээний хөрөнгө хүч зарцуулах болсон. 2017 онд өмнөх онтой харьцуулахад Геологи хайгуулын ажлыг хоёр дахин нэмэгдүүлсэн бол энэ жил 3,2 дахин өсгөжээ.

Санал болгох

Сэтгэгдэл

top