Хятадын нэрт жүжигчин, найруулагч, зодооны урлагийн их мастер Саммо Хунгийн "China Daily” сонинд өгсөн ярилцлагыг хүргэж байна.
-Таныг хятад жүжигчид "Том ах” хэмээн хүндэлдэг. Та хэрхэн тэдний итгэлийг олж, хүндлүүлэх болов?
-Энэ асуултад хариулахын тулд 30-40 жилийн өмнөх рүүгээ буцах шаардлагатай. Хятадын кино урлаг дэлхийд танигдаж, хүлээн зөвшөөрөгдсөн ганцхан зүйл бол зодооны урлаг. Аль ч үндэстэн хятадууд шиг тулалдаж чадахгүй. Би зодооны урлагаар долоон настайгаа хойш хичээллэсэн. Хэдий би 63 настай ч өдөр бүр биеийнхээ хүчинд тааруулсан бэлтгэл сургуулилт хийсээр байна. Зодооны урлагаар өдөр бүр хичээллэхгүй бол зэврэх эрсдэлтэй байдаг. Би зодооны урлагт түшиглэж, кино урлагт орж ирсэн. Хятадын зодооны урлагийн хэв шинжийг хадгалж, олон улсад түгээж, танил болгохын тулд 50 гаруй жилийг зарцуулж байна. Эхлээд орлон тоглогч, дараа нь туслах дүрээс л бүх зүйлийг эхэлсэн. Миний уйгагүй зан болон тэсвэр тэвчээр "Том ах” хэмээн хүндлүүлэхэд голлож нөлөөлсөн байх. Би бүх хятадын кино урлагийн үндэслэгч биш ч гэсэн Хонконгийн кино урлагийг олон улсын тавцанд гаргахад багагүй үүрэг гүйцэтгэсэн байх.
-Та зодооны урлагаар 50 гаруй жилийн турш хичээллэж байна. Нэгэн хэвийн амьдралаас залхаж байсан уу?
-Тулаанч хүн сэтгэлийн тэнхээтэй байх нь хамгийн чухал эрдэм. Тийм учраас л бүх хүн тулаанч болдоггүй юм. Сэтгэлийн тэнхээг эзэмших, далайн бүх усыг ууснаас хэцүү.Тулаанч хүн ганцхан бяр, хүчээрээ тулалддаггүй. Харин сэтгэлийн тэнхээ, харах мэлмийг, хүч, чадалтай нэгтгэж чадснаар тулаан хийдэг юм. Тулаан бол утга учиргүй зодооныг нэрлэж байгаа биш. Тиймээс зодооны урлагаар хичээллэхийг хүссэн хүүхдүүдэд хандаж хэлэхэд сэтгэлийн тэнхээтэй байх хэрэгтэй. Мэдээж хэрэг өдөр бүр мод үүрч, цохиж, уул руу гүйх амаргүй. Гэхдээ л чи энэ бүхнийг дөнгөж эхлэл гэдгийг хэзээ ч мартаж болохгүй.
-Таны залуугийн төрхийг бид 1980, 1990 онд гарсан хятад киноноос хангалттай харсан. Харахад болих, мяраалаг харагдах боловч, тун эвсэлтэй Саммо Хунгийг хайрлах, бишрэх хүмүүсийн тоо нэмэгдсээр байсан. Та зодооны урлагаар хангалттай хугацаанд бэлтгэгдсэн мөртлөө яагаад огтхон ч турдаггүй чинь их сонирхол татдаг. Ер нь зодооны урлагаар их хичээллэдэг хүмүүс туранхай байдаг. Харин та эсрэгээрээ?
-Би 10 нас хүртлээ бусдын адил туранхай байсан. Харин 11 нас хүрээд гэнэт таргалж эхэлсэн ч хөдөлгөөн хийхэд саадгүй байгааг ойлгосон. 15 нас хүрээд биеийн жиндээ дассан гэхэд болно. Хэрвээ жин миний хөдөлгөөн, урагшлах замд саад учруулсан бол би илүүдэл жингээс хормын төдийд хагацаж чадах сэтгэлийн тэнхээ надад байсан. Би залхуу, эрх, хоолонд дарлуулсан нэгэн байгаагүй. Манай гэр бүл хангалттай баян байгаагүй ч би бусад хүүхдүүдээс тарган байсан. Зарим хүмүүс намайг кино урлагт авъяасаараа бус тарган, гэнэн төрхөөрөө орж ирж, хурдан хугацаанд үзэгчдийн танил болсон гэж боддог. Үнэн хэрэгтэй 1970 оны дунд үед тарган хүмүүс их ховор байлаа. Хүнсний бүтээгдэхүүн өндөр үнэтэй. Ихэнх хүмүүс 2-3 ажил давхар эрхэлдэг. Одоо бүх зүйл өөрчлөгджээ. Гэнэт л эв хавгүй бүдүүн нөхөр нээлтээ хийсэн кино болгонд тоглоод байхад хүмүүст хурдан хугацаанд танигдсан байна. Гэхдээ би авъяасгүй байгаагүй. Би тэнэг, тарган төрхөөрөө бус авъяас сэтгэлийн хүчээрээ өнөөдрийн өндөрлөгтөө хүрсэн.
-Ямар нэгэн архаг, суурь өвчин байгаагүй биз дээ?
-Үгүй. Ер нь би өөртөө их хайртай.
-Жүжигчин Жеки Чаны 2005 онд бичсэн "Би бол Жеки” дурсамж номонд таны тухай дэлгэрэнгүй бичсэн байдаг. Таныг дарангуйлагч, өрсөлдөгч, найз, хамтрагч, багш, шавь хэмээн бичсэн байдаг. Жеки 16 настай байхдаа тантай танилцаж, өнөөдрийг хүртэл нөхөрлөж байгаа. Тэрбээр "Хэрвээ Саммо Хунг байгаагүй байсан бол. Хэрвээ Саммо Хунг миний ар талыг сайн хамгаалаагүй байсан бол би олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн нэгэн болж чадахгүй” байсан гэсэн. Энэ тухай?
-Жеки бол сайн тулаанч, сайн жүжигчин, сайн найз. Бид хэдэн ч удаа муудалцаж, зодолдож байснаа санадаггүй юм. Түүнтэй нөхөрлөсөн он жилүүд нэг хэвийн байгаагүй. Яг л далайн давалгаа шиг байлаа. Бид уруудаж, өгсөх бүртээ хамтдаа байдаг. Одоо ч гэсэн нэг нэгнийхээ тоглосон киноноос санаа авах зүйл бий. Жеки ихэвчлэн орой залгадаг. Тэгээд л "Чиний найруулсан тэр киноны тэр хэсгийн тулааны техник таалагдаж байна. Жоохон янзалж, чимэглээд шинэ уран бүтээлдээ оруулж болох уу” гээд л асуудаг. Би "за ч” гэж хэлээгүй байхад Жеки "Баярлалаа андаа зөвшөөрсөнд” гэж хэлээд л утсаа салгачихдаг. Бидний нөхөрлөл хэтэрхий удаан үргэлжилсэн учир амьсгааг нь сонсоод л зөвшөөрсөн үгүйг нь мэдэх боломжтой болсон юм.
-Та хоёр хэдэн уран бүтээлд хамтран тоглосон бэ?
-30 гаруй кинонд хамтран ажиллаж байлаа. Жекиг 19 настай байхад нь би Хонконгт авчирч, шинээр байгуулагдаад удаагүй байсан "Хөх луу” компанид орлон тоглогчоор ажилд оруулж байв. "Хөх луу” компани хятадад гарсан бүхий л тулаантай киног бүтээхээс гадна жүжигчин Брюс Литэй хамтран ажилладгаараа олон улсад танигдаад байсан. Жеки ихэвчлэн олны хэсэгт тоглохоос гадна шинэ шинэ хөдөлгөөн зохиоход биечлэн оролцож, дайчин, хичээнгүй зангаараа танигдсан. Тэр их авъяастай учир нүд ирмэхийн зуур алдаршиж, хоёрхон жилийн дараа анхныхаа гол дүрийг бүтээсэн. Их чадварлаг. Найзаараа бахархах сэтгэл өнөөдрийг хүртэл хөрөөгүй.
-Гэхдээ нэг хэсэг та хоёртой Хонконгийн кино агентлагууд гэрээ байгуулахаас татгалзаж байсан?
-Тиймээ. Их муухай, шуургатай өдрүүд олон жил үргэлжилсэн. Биднийг үзэгчид тоож байхад агентлагууд гуйлгачид шиг л үзэж байсан. Нэг өдөр хамгийн хямдхан пивоноос 10 шилийг аваад Жекигийн гэрт очиж байлаа. Би пиво ууж суугаад "Хоёулаа гишгэх газаргүй болжээ. Одоо яах уу” гэж асуухад Жеки их гайхсан янзаар над руу харснаа "Дуусах болоогүй ээ. Харин дөнгөж эхэлж байна. Бидэнд чадвар, авъяас байна” гэж хэлээд "Би их удаан бодсон. Хоёулаа "Хоёр луу” гэх кино компани байгуулаад, кино хийцгээе” гэхэд их гайхсан ч дотроо нууцхан баярласан. Бидний нөхөрлөл энгийн байгаагүй гэдгийг энэхүү ярианаас ойлгох байх.
-Луу бол тэнгэрийн амьтан. Лусын эзэн гэдэг. Бизнес эрхэлдэг хүмүүсийн ихэнх нь байгууллагаа луу гэж нэрлэдэг.
-Тиймээ луу гэх нэр намайг залуу байхад жинхэнэ од болж байлаа. Бүх байгууллагууд "луу” хэмээн нэрлэхээр галзуурдаг байлаа. Удам залгах хөвгүүдээ хүртэл луу гэж нэрлэсэн олон хүн байсан. Би ч гэсэн 2000 онд байгуулсан зодооны урлагийн сургуулиа "луу ирлээ” хэмээн нэрлэсэн.
-Та сүүлд жүжигчин Донна Йений гол дүрийг бүтээсэн "IP Man” киноны хоёрдугаар ангид тоглосон?
-Тиймээ, Брюс Лигийн тулааны урлагийн их багш Ип Маны бодит амьдралаас сэдэвлэсэн "IP Man” кинонд тоглох их хэцүү байсан. Учир нь зураг авалтын үеэр миний хууч өвчин сэдрээд байсан юм. Хөдлөхөд бэрх байлаа. Гэхдээ киногоо амжилттай дуусгасан. Донна Йен ч гэсэн дүрдээ сайн орж, гайхалтай амилуулсан.
-Сүүлд тоглосон кинонуудад та их ууртай нэгэн болж тоглох болжээ?
-Одоо залуу үеийнх шигээ үсэрч, хариаж чадахгүй. Тиймээс л нас насандаа таарсан дүр бүтээхийг хүсэх болсон.
-Та бол буянтай нэгэн. Олон залуусыг кино урлагт хөтлөн оруулж, олон сайхан киног дэлгэцнээ гаргаж буй?
-Үхэх өдрөө хүртэл урлагт үйлчлэх болно.
-Кинонд тоглох сайхан уу?
-Тиймээ сайхан. Өөрийгөө өөр хүнээр харах сайхан байдаг. Би аз жаргалтай хүн.