|

Танилц: МАН-аас хөөгдөх болзлоо хангасан долоон гишүүн

batdorj 2018/11/28 40 0

УИХ-ын нэр бүхий 27 гишүүн саяхан ёс зүйн хариуцлага хүлээж УИХ-ын МАН-ын бүлгийн даргаас огцорсон Д.Хаянхярваагийн бланк дээр Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцруулахаар гарын үсэг зурж, УИХ-д өргөн барьсан. Энэ асуудлыг өнөөдөр /2018.11.27/ МАН-ын Удирдах зөвлөл хуралдаанаар авч хэлэлцэн, Засгийн газрыг огцруулах шаардлагагүй гэж үзэн, улс төрийн шийдвэр гаргаж, УИХ дахь МАН-ын бүлэгтээ чиглэл өгсөн юм.  
<!-- [if !supportLineBreakNewLine] -->
<!-- [endif] -->

Өөрөөр хэлбэл, өнөөгийн Засгийн газрыг газрын тос боловсруулах үйлдвэр, Төв цэвэрлэх байгууламжийн шинэчлэл, 10 аймгийн цахилгаан станц, Тавантолгой төсөл зэрэг томоохон төслүүдийг үр дүнтэй, амжилттай үргэлжлүүлж байгаа, мөн 2016 оны УИХ-ын сонгуулиар дэвшүүлсэн намын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх шаардлагатай гэж үзэн эрх баригч намын Удирдах зөвлөлөөс шийдвэрээ гаргасан. 

Түүнчлэн МАН-ын Удирдах зөвлөлөөс гаргасан шийдвэрийг хэрэгжүүлээгүй намын гишүүдэд МАН-ын дүрмийн дагуу улс төрийн хариуцлага хүлээлгэж ажиллахыг МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгаланд давхар дайсан билээ.

Үүний дараа МАН-ын Удирдах зөвлөлөөс гаргасан шийдвэрийг УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаанаараа хэлэлцэж, бүлгийн гишүүд 100 хувийн саналаар Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцруулах шаардлагагүй гэх улс төрийн шийдвэрт хүрсэн.

Харин үдээс хойш УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо Засгийн газрыг огцруулах эсэх асуудлыг хэлэлцэж, Ерөнхий сайд У.Хүрэлсүх хуралдаанд оролцон гишүүдийн асуултад хариулсан.

Тэрбээр энэ үеэр "Би М.Энхболд, Д.Хаянхярваа, С.Батболд нарыг огцруулах санал тавиад, тэр асуудал нь Засгийн газрыг огцруулах асуудал болоод ирлээ. Надад заах яахав. Та нараас би айна гэж байхгүй шүү. Хаана ч та нарын өмнө хэлэх үгээ хэлнэ. Та нар сайхан хүмүүс биш. Энэ дотор хулгайч нар сууж байгаа шүү. Наймаачид сууж байгаа. Би та нарыг мэднэ. Хэн нь ямар хулгайч вэ гэдгийг мэднэ. ЖДҮ гэдэг юм гарч ирж, Засгийн газрыг хөмрөх гэж байна. ЖДҮ зөв үедээ гарч ирлээ. Цаашдаа УИХ-ын гишүүн болъё гэж бодож байгаа бол ийм юм хийж болохгүй гэдгийг яс махаараа мэдэрч байгаа байх. Ард түмэнд ч сайн зүйл боллоо. Хулгай хийж болдоггүй юм байна, дарга хүн бусдаас дутуу байх ёстой гэдгийг эдгээр өдрүүдөд ойлгож байна. Би хэн нэгэн ялж байна гэж бодохгүй байгаа. Харин үүний цаана ухаарал авчирлаа. Засгийн газрын бүх ажил сайн гэж хэлэхгүй ээ. Харин би цаашдаа зарим хүнтэй хариуцлага тооцож ажиллана гэдгээ дахиад хэлье. Төрөө ч, намаа ч цэвэрлэх цаг болсон юм байна. Одоо зориглохгүй бол цаг алга. Үүнээс хойш цаг байхгүй шүү. Энд байгаа зарим нөхдүүд дахиад МАН-ын нэрийн өмнөөс дэвших эрхгүй гэдгийг дахин хэлье. Өөрсдөө хулгайч байж, бусдыг хулгайч гэж хэлээд хэрэггүй. Цаг нь болохоор би олон зүйл ярина. Би ард түмэндээ шударга ажиллана гэж амласан. Зарим хүнд хариуцлага тооцож чадахгүй байна. УИХ-ын дарга М.Энхболдоос эхлээд хариуцлага тооцож чадахгүй байна. Цаашдаа би энэ байр сууриндаа хамгаас хатуу зогсоно" хэмээн хэлсэн.

 Гишүүд ч ширүүхэн асуулт асууж, хариулт ч ширүүхэн өрнөсний дараа санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон 16 гишүүний 10 нь У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцруулах нь зүйтэй гэж, зургаа нь огцруулах шаардлагагүй гэж үзэн кноп дарав.

Засгийн газрыг унагахаар дэмжсэн 10 гишүүн нь Н.Амарзаяа, О.Баасанхүү, С.Бямбацогт, Ж.Мөнхбат, О.Содбилэг, Д.Хаянхярваа, М.Энхболд, Д.Эрдэнэбат, Ж.Эрдэнэбат, Б.Наранхүү нар бөгөөд МАН-ын долоон гишүүн бүгд Засгийн газрыг огцруулахаар Д.Хаянхярваагийн бланк дээр гарын үсэг зурсан гишүүд байгаа юм.  

Харин Засгийн газрыг унагахаас эсрэг санал өгсөн зургаан гишүүн ньГ.Занданшатар, Б.Жавхлан, Д.Лүндээжанцан, Д.Тогтохсүрэн, Н.Цэрэнбат, Н.Энхболд нар байв. 
<!-- [if !supportLineBreakNewLine] -->
<!-- [endif] -->

Эндээс харахад Төрийн байгуулалтын байнгын хорооны шийдвэр хэрхэн гарах нь урьдаас тодорхой байсан бөгөөд Удирдах зөвлөлөөс гаргасан улс төрийн шийдвэрийг хүлээж авахаас татгалзаж, Засгийн газраа огцруулах санал өгсөн МАН-ын долоон гишүүн болох Н.Амарзаяа, С.Бямбацогт, Ж.Мөнхбат, О.Содбилэг, Д.Хаянхярваа, М.Энхболд, Ж.Эрдэнэбат нар намаасаа хөөгдөх болзлыг хангалаа гэж улс төр шинжээчид ярьж байна. Учир нь, МАН-ын Удирдах зөвлөлөөс тогтоол гаргахдаа намынхаа шийдвэрийг дагаагүй гишүүдэд улс төрийн хариуцлага хүлээлгэх чиглэлийг УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан нарт чиглэл болгож, даалгасан билээ.

Ямартаа ч байнгын хорооны шийдвэрээс үл хамааран Засгийн газрыг огцруулах эсэх асуудлыг энэ пүрэв гарагт хуралдах УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар шийдвэрлэх юм.  

 

Zindaa.mn


Санал болгох

Сэтгэгдэл

top