Эдийн засгийн өсөлтийг хангах, тээврийн дэд бүтцийг өргөжүүлэх, ухаалаг, тоон системд суурилсан тээврийн системийг буй болгох, байгаль орчинд ээлтэй тээврийн тогтолцоог бүтээхэд Европын холбооны улсуудын тэргүүн туршлага, санхүүгийн дэмжлэг, Европ стандарт, зөвлөгөө чухал болохыг онцлон тэмдэглээд, дэд бүтцийн төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд хамтран ажиллахад бэлэн байгаагаа Зам, тээврийн хөгжлийн сайд Я.Содбаатар илэрхийлэв.
Далайд гарцгүй Монгол Улсын хувьд Агаарын тээвэр чухал ач холбогдолтойг Зам, тээврийн хөгжлийн сайд онцлосон. Улаанбаатар хотын шинэ нисэх буудлыг 2019 онд ашиглалтад оруулахаар ажиллаж байгааг хэллээ. Шинэ нисэх буудал ашиглалтад орсноор Европын улсуудаас ирэх жуулчны тоо, Европын улсуудаас ирэх нислэгийн тоо нэмэгдэнэ гэж тооцоолж байна. Энэ хүрээнд Европын улсуудтай Агаарын харилцааны хэлэлцээрийг байгуулахаар ажиллаж байгаагаа мэдэгдээд, Элчин сайд нарыг дэмжиж ажиллахыг хүссэн юм.
Монгол Улс Европын 16 улстай агаарын харилцааны хэлэлцээр байгуулсан бөгөөд шинээр дөрвөн улстай хэлэлцээр байгуулахаар ажиллаж байгаа аж. Мөн ХБНГУ, Польш, Литва, Словак, зэрэг улсуудтай Автотээврийн хэлэлцээр байгуулахаар ажиллаж байна.