|

Орхон аймгийн ИТХ-ын Ээлжит XII хуралдаан боллоо

Altaa 2018/12/03 75 0

Орхон аймгийн ИТХ-ын Ээлжит XII хуралдаан боллоо


Like

Image

      Өнөөдөр Орхон аймгийн ИТХ-ын Ээлжит XII хуралдаан Нутгийн удирдлагын ордны хурлын танхимд боллоо. Ээлжит XII хуралдааныг аймгийн ИТХ-ын дарга П.Пүрэвлхагва нээж, хуралдаанаар хэлэлцэх асуудлын төлөвлөгөөг нийт Төлөөлөгчид батласанаар хуралдаан эхэлсэн.
     Хуралдаанаар:
1. Аймгийн эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн урьдчилсан гүйцэтгэл, 2019 оны эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн тухай
2. Аймгийн 2018 оны төсвийн зарим нэршил өөрчлөх тухай
3. Аймгийн 2019 оны төсөв батлах тухай
4. Аймгийн 2019 оны төсвийн төслийн боловсруулалтанд хийсэн аймгийн ИТХ-ын Төсөв санхүүгийн хөгжлийн хорооны санал, дүгнэлт
5. Аймгийн 2019 оны төсвийн төслийн боловсруулалт, орлого нэмэгдүүлэх, зардал хэмнэх талаар гаргасан Аудитын газрын санал дүгнэлт
6. Аймгийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, түүнийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний биелэлтийн тухай
7. Аймгийн хэмжээнд газрын харилцааны талаар 2018 онд хэрэгжүүлсэн арга хэмжээний биелэлт, 2019 онд баримтлах чиглэлийн тухай
8. Аймгийн ИТХ-ын байгууллагын 2018 онд хийсэн ажлын тайлан гэсэн 8 асуудлыг хэлэлцлээ.
   Аймгийн эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн урьдчилсан гүйцэтгэл, 2019 оны эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн тухай асуудлыг аймгийн Засаг даргын орлогч А.Түвшинжаргал хуралдаанд танилцуулсан. Орхон аймгийн нийгэм, эдийн засгийг 2018 онд хөгжүүлэх Үндсэн чиглэлд 170 төсөл арга хэмжээ төлөвлөснөөс 139 арга хэмжээ нь 100 хувь,  24 нь 70 хувь,  7 нь 40 хувийн гүйцэтгэлтэй гарч жилийн эцсийн байдлаар 93.3 хувийн биелэлттэй байна. Хэлэлцсэн асуудалтай холбогдуулан аймгийн ИТХ-ын Төлөөлөгчид асуулт асууж, санал хэлсэнээр аймгийн эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг аймгийн ИТХ-ын XII хуралдаанаар хэлэлцэн баталлаа.
        Аймгийн 2018 оны төсвийн зарим нэршил өөрчлөх тухай болон аймгийн 2019 оны төсөв батлах тухай асуудлуудыг аймгийн ЗДТГ-ын Санхүү, Төрийн сангийн хэлтсийн дарга Н.Бямбацэцэг хуралдаанд танилцуулсан. Аймгийн төсвийн орлого, аймгийн 2019 оны төсөвт төвлөрүүлэх орлогын хэмжээ, 2019 оны төсвийн жилд төсвийн ерөнхийлөн захирагч нарын зарцуулах төсөв, орон нутгийн төсвийн хөрөнгөөр хэрэгжүүлэх хөрөнгө оруулалт, их засвар, төсөл хөтөлбөрийн зардал гэгчлэн аймгийн 2019 төсөв батлах тухай асуудлыг аймгийн ИТХ-ын Төлөөлөгчид хэлэлцээд аймгийн 2019 оны төсвийн жилд зарцуулах зардлын хэмжээг 103.7 тэрбум төгрөгөөр баталлаа.
      Хэлэлцэх асуудлын дарааллын дагуу аймгийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, түүнийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний биелэлтийн тухай асуудлыг аймгийн Засаг дарга Д.Батлут хуралдаанд танилцуулсан. Аймгийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийн явцыг "хангалттай” хэмээн дүгнэлээ. Тус үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийн явцыг 2019 оны 12 дугаар сард аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд тайлагнахыг Засаг даргад үүрэг болголоо.
     Мөн аймгийн хэмжээнд газрын харилцааны талаар 2018 онд хэрэгжүүлсэн арга хэмжээний биелэлт, 2019 онд баримтлах чиглэлийн тухай асуудлыг Аймгийн ИТХ-ын Төлөөлөгчид хэлэлцээд аж ахуйн зориулалтаар иргэн, аж ахуйн нэгжид шинээр эзэмшүүлэх, ашиглуулах газрын байршил, хэмжээ, гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар үнэгүй өмчлүүлэх газрын хэмжээ байршил зэргийг тус тус баталсан юм.

Санал болгох

Сэтгэгдэл

top