|

“Монголын цуутай бизнесмэнүүд” ном хэвлэгдэн гарлаа

munkhbat 2018/12/11 3252 0

“Монголын цуутай бизнесмэнүүд” ном хэвлэгдэн гарлаа

 

2007 онд "Монголын авьяаслаг бизнесмэнүүдийн нууц” хэмээх ном худалдаанд гарч, тэр жилдээ хамгийн их борлуулалттай буюу бэстселлер номоор шалгарч байсан цаг саяхан. Уг номыг "Маш нууц” сонины эрхлэгч О.Чинзориг эрхлэн гаргахаар шийдэж, өөрийн сэтгүүлч анд Ж.Батсүхийн хамтаар авьяаслаг бизнесмэнүүдийн амьдрал, арвин туршлага, уналт, босолтын түүхийг олны хүртээл болгосон билээ. Тэр цагаас хойш 11 жилийн дараа буюу 2018 оны 12 дугаар сарын 11-нд уг номыг "Маш нууц паблишинг” хэвлэлийн газраас эрхлэн шинэчлэн гаргажээ. "Монголын цуутай бизнесмэнүүд” номд залуу хойч үеийнхэнд үлгэр дууриалал, сургамж болохуйц бизнесмэнүүдийн арвин баялаг үүх түүх багтсан болой. 

"Хүмүүс эцэс төгсгөлгүй үргэлжлэх тэмцлийн их далай руу үсрэхдээ ялан дийлэхийн аз жаргалаас амтлахыг хүсдэг” гэж Италийн нэрт найрагч, Нобелийн шагналтан Жозуэ Кардуччи нэгэнтээ хэлсэнчлэн хэн туйлбартай зүтгэж, овсгоо самбаа гаргана тэр л хүссэнээ амтлах нь амьдралын шалгуур ажгуу. 

Энэ хорвоод бид бүгдээрээ л нүцгэн ирсэн, нүцгэн буцах жамтай. Хүмүүнд олгогдсон энэ ахархан амьдралыг амьд явж бус, жинхэнэ амьдарч туулахын тод жишээ болсон 25 түүх, 25 дотоод ертөнц, 25 авьяас чадвар, амьдралын туршлага, мэдлэгтэй, өөр өөрийн гэсэн өвөрмөц замналтай баялаг бүтээгчдийн бодит түүхийг та бүхэндээ толилуулахыг зорьсон байна. 
Монгол Улс зах зээлийн нийгэмд шилжээд хэдийнэ 30 жилийг ардаа үджээ. Энэ хугацаанд Монголын анхны долларын тэрбумтнууд төрж гарсан билээ. Тэд хэн нэгний нуусан алт, эрдэнэсийг олоогүй, гэнэт тэнгэрээс тэдэнд мөнгөөр хур бороо цутгаагүй бөгөөд гагцхүү өөрсдийн хичээл зүтгэл, хүчин чармайлтын үр дүнд саад бэрхшээл, амжилт, уналт босолт, зовлон зүдгүүр, баяр гунигийг хослуулан байж энэ бүгдийг цогцлоож чадсан юм. 

Ээжийнхээ оёдлын машинаар хувцас урлаж хөдөлмөрийн гараагаа эхлүүлж байсан "Женко” Х.Баттулга Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгчөөр сонгогдсон, 15 хүүхэдтэй малчин айлын дунд хүү "Гацуурт”-ын Л.Чинбат бизнесүүдээс анх удаагаа Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол, тэмдгээр шагнагдсан, "М-Си-Эс”-ийн Ж.Оджаргал Монгол Улсын шилжилтийн 25 жилийн шилдэг бизнесмэнээр тодорсон зэрэг олон сайхан бахархам үйл явдал тохиосныг энд онцлох нь зүйтэй болов уу. Бизнес эрхлэгчид өөрсдийн хувийн зорилго, эрмэлзлэлээрээ нийгмийг өөрчилж, шинжлэх ухааны сүүлийн үеийн ололт амжилтуудыг Монголд нэвтрүүлж, аж үйлдвэр болон банк, санхүүгийн томоохон байгууллагуудыг байгуулж, улмаар тэдний ачаар түүх, соёлын үнэт үзмэрүүд бүтээгдэж байгаа. 

"Дуудах нэрийг аав, ээж, дуурсагдах алдрыг өөрөө” гэдэг зүйр үг бий. Энэхүү номд багтсан бизнесмэнүүд өөрсдийн бий болгосон бизнес буюу үүсгэн байгуулсан компаниараа овоглогдож, аль хэдийнэ олны танил болцгоожээ. Өөрөөр хэлбэл, тэд "Нарантуул”-ын Ш.Сайхансамбуу, "Монполимет”-ын Ц.Гарамжав, "Ард”-ын Ч.Ганхуяг гэж дуудагдах болсон байх жишээтэй. 
Тэгвэл газар зарж, байгаль дэлхийгээ сүйтгэж, татвар хураамжаа төлөхөөс зайлсхийж, гэр, төр хоёроо ялгахаа больж баяжсан нөхдүүд Монголын шилдэг, авьяаслаг, цуутай бизнесмэнүүдийн шалгуурт нийцэх нь ёс зүйгүй хэрэг буй за. Хүүхэд залуус хөнгөн хялбар аргаар амьдрахыг хүсэж, бэлэнчлэх сэтгэлгээнд дэндүү ихээр автсан өнөөгийн нийгэмд эдгээр баялаг бүтээгчдийн үүх түүх, арга туршлагыг түүчээлэн хүргэх нь нэгийг бодож, хоёрыг тунгаахад тус нэмэр болох биз ээ. 

Та бизнес эрхлэгч, аль эсвэл биш ч байсан энэ номыг уншсанаар зорилготой амьдарч, түүндээ хүрэхийн тулд ямар ч бэрхшээлийг туулах эрч хүчийг олж харж чадваас энэхүү номыг бүтээгчдийн хүсэл ч бас биелэгдэх болой. 
Уг ном УИД-ийн "Мэжистик”, "Азхур”, "Интерном”, "Мир” номын дэлгүүрүүдэд худалдаалагдаж эхэлсэн бөгөөд цахим түгээлтийн BookLoBook SaleFree Delivery – Номын хүргэлт – Азхур пэйж хуудсуудаар захиалж, үнэгүй хүргүүлж авах боломжтой аж. 




Эх сурвалж www.wikimon.mn

Санал болгох

Сэтгэгдэл

top