|

Г.Ганболд: Иргэн Г.Оюуны биед халдсан зүйл байхгүй. Харин ч бүх талаар тусалж, дэмжсэн

batdorj 2018/12/13 222 0

Монгол Улсаас Бүгд Найрамдах Энэтхэг Улсад суугаа Элчин сайд Г.Ганболд тус улсад хүүхдээ эмчлүүлж буй иргэн Г.Оюуныг зодсон гэх мэдээлэл олон нийтийн сүлжээгээр тархаад байгаа билээ.

Тодруулбал, иргэн Г.Оюун "Нөхөр бид хоёр Энэтхэгт ирээд дөрвөн сар болж байна. Хүүхдээ эмчлүүлээд эх орон руугаа буцах гэсэн чинь олон асуудал тулгараад, үнэхээр аргагүйдсэн. Эмчилгээний зардалгүй болоод хандивын аян өрнүүлсэн. Намайг элчин сайд Г.Ганболд цээж, ходоод, савны тус газар руу өшиглөсөн. Бид яах ёстой вэ. Хэрэг гарах үед Элчин сайд Г.Ганболдын эхнэр, жолооч, туслах болон Энэтхэгийн иргэд байсан бөгөөд уг үйлдэл нь ЭСЯ-ны камерт бичигдэн үлдсэн" хэмээн ярьсан бичлэгээ үлдээжээ.

Уг асуудалтай холбогдуулан албан ёсны эх сурвалжуудын тайлбарыг хүргэж байна.  

ГХЯ: Үүссэн нөхцөл байдлыг шалгах Ажлын хэсэг гарсан  

Энэ талаар Гадаад харилцааны яамнаас тодруулахад "Элчин сайд Г.Ганболд бодит байдалд нийцээгүй мэдээлэл байна, харин Элчин сайдын яамны зүгээс шаардлагатай дэмжлэг, туслалцааг үзүүлж байгаа, цаашид ч дэмжлэг үзүүлж ажиллана гэдгээ мэдэгдээд байна. Үүссэн нөхцөл байдлыг газар дээр нь нягтлан шалгах, холбогдох байгууллагын төлөөлөл орсон хамтарсан Ажлын хэсгийг тус улсад томилолтоор ажиллуулахаар шийдвэрлэж, иргэдэд шаардлагатай дэмжлэг, туслалцааг үргэлжлүүлэн үзүүлэх чиглэлийг Элчин сайдын яаманд өгөөд байна. Мөн гадаад яамнаас Г.Оюуны ар гэр, эцэг эхтэй уулзаж байна" гэлээ.  

Д.Цогтбаатар: Нутаг нэгт бүсгүйг зодсон нь тогтоогдвол Элчин сайдыг эгүүлэн татна 

Харин энэ талаар Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар өөрийн твиттертээ "Элчин сайдаас тайлбар аваад байна. Холбогдох байгууллагуудтай хамтарсан Ажлын хэсэг даруй байгуулж, асуудлыг нь шалгана. Үнэн гэдэг нь тогтоогдвол Элчин сайдыг татаад зогсохгүй, хүний эрхэнд халдсан хэргээр цагдаагийн байгууллага ч шалгах шаардлага гарна"  гэжээ. 

Г.Ганболд: Иргэн Оюуны биед нь халдсан зүйл байхгүй. Бүх талаар тусалж, дэмжсэн

 Монгол Улсаас Бүгд Найрамдах Энэтхэг Улсад суугаа Элчин сайд Г.Ганболд дараахь тайлбарыг өгчээ. 

Тэрээр "Иргэн Б.Батчулуун, Г.Оюун нар 12 дугаар сарын 7-нд тус ЭСЯ-д ирж, "Шинэ Дели хотын "BLK” эмнэлэгт цаашид охиноо эмчлүүлэхгүй, санал болгож байгаа эмчилгээг нь хийлгэхгүй, даруйхан нутаг буцахаар шийдлээ. Энэтхэгт байх визний хугацаа хэтэрсэн, торгуулийн хэмжээ их болоод байгааг хөнгөлүүлж, хилээр гарах зөвшөөрөл олгож тусална уу” гэж хүссэн. Үүнийг ЭСЯ-ны гуравдугаар нарийн бичгийн дарга, консулын ажилтан Л.Батсуурьт даалгаснаар асуудал шийдэгдсэн. 

"AIR CHINA" компани охины биеийн байдал тун хүнд байгаа тул замд нэмж муудахаас болгоомжлон тээвэрлэхгүй гэж мэдэгдсэн тул "Korean air" компанид бид хандахаар болсон.  

Б.Батчулуун ""BLK" эмнэлэгт төлөх мөнгө байхгүй тул эмнэлгийн төлбөрөөс хөнгөлүүлж өгнө үү" гэж дахин хүссэний дагуу эмнэлэгтэй нь ярьж 3 сая энэтхэг рупи буюу 42.857 ам.долларын төлбөр, визний хугацаа хэтэрсний 300 ам.долларын торгуулийг чөлөөлүүлсэн. Б.Батчулуун 12 дугаар сарын 8-ны Бямба гаригт надтай уртсаар ярьж энэ тухай дурдаж, "эхнэр маань ухаан алдаад уначихлаа, шөл хийж ирэхийг консул Л.Батсуурьт хэлж өгнө үү" гэж байсан тул Консулын асуудал эрхэлсэн Л.Батсуурийг явуулж туслуулсан бөгөөд манай ажилтантай хүндэтгэлтэй харьцахыг захиж зөвлөсөн.   

Г.Оюун 12 дугаар сарын 10-ны өглөө ЭСЯ-нд ирж "Элчин сайд яг одоо эмнэлэгт очиж хүүхэдтэй минь уулз” гэж шаардсан бөгөөд товлосон уулзалтад очсоны дараа түүний хамт эмнэлэгт очиж, Солонгос нисэхийн компанитай ч уулзъя гэж хэлснийг зөвшөөрөлгүй хамт явна гэж хэлээд автомашины араар тойрч зам хаасан тул түүнийг консулын ажилтан Л.Батсуурийн хамт дагуулж албаны уулзалтдаа очсон. Уулзалтын дараа эмнэлэг рүү явах гэтэл тэр эмнэлгийнхээ хаягийг хэлж мэдэхгүй байсан тул би консул Л.Батсуурьт эмнэлэгтэй ярих үүрэг өгч, өөрөө Дели дэх БНСУ-ын ЭСЯ, "Кorean air" компанийн менежерт байдлыг тайлбарлаж ярьсан. Консул Л.Батсуурь мөн өдрийн орой тэднийг нисэх буудалд хүргэж охинд шаардлагатай хүчилтөрөгчийн төлбөр 900 ам.долларыг бэлнээр өгсөн бөгөөд онгоцонд суулгасан. Гэтэл нислэгийг хоёр цаг хэртэй саатуулсны дараа тэднийг нисэхийн дүрэм зөрчсөн, удаа дараа анхааруулж сануулгыг үл тоосон хэмээн онгоцноос буулгасан юм байна. 

Г.Оюун энэ сарын 11-ний өглөө ЭСЯ-ны байранд дахин ирж "Элчин сайд одоо эмнэлэгт явж оч” гэж шаардсан. Хэлж тайлбарласныг огт ойлгохгүй хөдөлж байгаа автомашины хажуугаас зүүгдсэн тул гарыг нь автомашинаас тавиулахаар буухад тэр хаалганд шүргүүлж гэдрэг нэг алхам ухарч газарт суусан. Миний зүгээс түүний биед нь халдсан зүйл байхгүй. Сэтгэл санаа нь цочирдож, хямарсан тэрээр ямар ч тайлбар сонсохгүй хашгирч харааж зүхсэн. 

Миний бие ЭСЯ-ны ажилтан Л.Энхболд, Батсуурь нарт эмнэлэгтэй холбоо барих, хамгийн ойрын нислэгээр буцаахаар ажиллах үүрэг өгч, өөрөө урьдаас товлосон уулзалтуудад явсан. Зөөврийн хүчилтөрөгчийн үнэ 900 ам.долларыг эргүүлж өгсөн  байсныг уулзалт арга хэмжээнүүдийн дундуур дахин төлөх, "Fortis Escort" эмнэлэгтэй ярьж тэнд хоносны болон эмнэлгийн тусламж үйлчилгээний төлбөр 2400 ам.долларын төлбөрийн баталгааг гарган өгч, тэднийг эмнэлгээс гаргах, онгоцоор зорчихыг зөвшөөрүүлсэн. Тэд нислэгийн цаг тулсан хэмээн нисэх буудал явалгүй дараагийн нислэгийг хүлээхээр шийдсэн. 

Б.Бат-Очир, Г.Оюун нарын охин болон Б.Номин-Эрдэнэ тэднийг авахаар ирсэн Цэргийн госпиталийн их эмч Уламбаярын хамт нэмэгдэл зардлыг төлж, дараагийн нислэгт багтаахаар ажиллаж байна.   

Бий болсон нөхцөл байдлыг зүй зохистой шийдэх арга замын хамтдаа ярьж зөвлөх гэж чармайхгүй, "хөлөө хүрэх газарт явна, та нарын мууг үзнэ, ЭСЯ  мөнгө гаргаж бүх зардлыг төлөх үүрэгтэй,  одоохон нутаг буцаа, та нарын ярьсныг бичлэг хийж хадгалсан" гэх зэргээр бухимдан орилж байсан болно. 

Тэд энэтхэг эмчийг хөлсөөр авч, охиныг Монголд хүргэхийг шаардаж байна. Энэ тохиолдолд өмнө гаргасан 3300 ам.доллар дээр нэмж 10 мянган орчим ам.доллар шаардагдахаар байгаа юм. Эдгээр иргэдийг эмнэлэгт эргэж, хоол унд зөөх зэргээр ЭСЯ-ны ажилтнууд халуун сэтгэлээр хандсаар байтал нийтийн дунд буруу зөрүү ойлголт төрүүлэхээр бодитой бус мэдээлэл түгээсэнд харамсч байна. Түүнчлэн ЭСЯ-ны хяналтын камерын бичлэг, нутгийн иргэдийн мэдүүлэг гэх мэтээр оргүй зүйл дурдсан байна. Гачигдал зовлон бэрхшээл хэнд ч, хэзээ ч тохиож болно. Харин хүн чанараа гээлгүй дээдэлж явахыг эрхэм нөхөд санууштай байна. Тэдний зүй зохисгүй үг хэл, үйлдлийг энд нуршихыг үл хүслээ.

ЭСЯ-ны ажилтнууд нөхцөл байдлыг дүгнэж хэлэлцээд энэ гэр бүлийг яаралтай буцаах нь зүйтэй гэж үзэв. Ажилтнууд өөр өөрдсийн тайлбарыг бичиж хүргүүлэх биз ээ" гэжээ. 

 

Itoim.mn


Санал болгох

Сэтгэгдэл

top