|

Эрдэнэт хот 134 сая төгрөгөөр наадамлана

munkhod 2015/06/26 656 0

erdenetАймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн 2015 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 11 дүгээр хуралдаанаар долоон асуудал хэлэлцлээ. Үүнд:

1. Эрдэнэт хотын 2015 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын төлөвлөгөөг Хотын захирагчийн албаны дарга Б.Батжаргал танилцууллаа. Асуудлыг хэлэлцэхэд Аймгийн засаг даргын орлогч Д.Энхбат, Баян-Өндөр сумын Засаг даргын орлогч Г.Алтангэрэл болон орон нутгийн өмчит аж ахуйн нэгж, байгууллагын  мэргэжилтнүүд байлцаж тэргүүлэгчдийн асуултанд хариулж өвөлжилтийн бэлтгэл ажлын төлөвлөгөөний талаар холбогдох мэдээллүүдийг өглөө. Баян-Өндөр сум, Жаргалант сум, "Эрдэтийн дулааны цахилгаан станц” ТӨХК, "Эрдэнэт Ус Дулаан түгээх сүлжээ” ОНӨХК, "Эрдэнэт Булганы цахилгаан түгээх сүлжээ” ОНӨХК, Сууц өмчлөгчдийн холбоо, Хот тохижуулах газар, "Эрдэнэт үйлдвэр”ХХК зэрэг байгууллагуудаас ирсэн 120 гаруй саналыг үндэслэж 2015 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын төлөвлөгөөнд нийт 27 ажлыг хэрэгжүүлэхээр тусгажээ. Төлөвлөгөөг тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцэж баталсан бөгөөд төлөвлөгөөнд туссан ажлуудыг чанарын өндөр түвшинд  хэрэгжүүлэх  зохион байгуулалтын арга хэмжээг авч ажлын явцыг  2015 оны 08 дугаар сард аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн хуралдаанд танилцуулахыг даалгалаа.

2. Орон нутгийн өмчийн үндсэн хөрөнгийн дүн батлах тухай асуудлыг  Өмчийн харилцааны газрын дарга Б.Хүрэл-Эрдэнэ хуралдаанд танилцуулсан бөгөөд Аймгийн Орон нутгийн өмчийн үндсэн хөрөнгийн 2014 оны жилийн эцсийн дүнг 261,898,414,444 төгрөгөөр баталлаа.

3. Нээлттэй уралдаант шалгаруулалт зохион байгуулах журам батлах тухай асуудлыг хэлэлцлээ. Энэ асуудлыг Өмчийн харилцааны газрын дарга Б.Хүрэл-Эрдэнэ хуралдаанд оруулж хэлэлцүүлсэн. Тэргүүлэгчид асуудлыг хэлэлцээд Орон нутгийн өмчийн нэгдсэн бүртгэлд бүртгэлтэй Баян-Өндөр сумын 7А хороололд баригдаж буй 300 хүний суудалтай Кино театрын барилгыг зориулалтыг өөрчлөхгүй нөхцөлтэйгээр нээлттэй уралдаант шалгаруулалтаар хувьчлахыг зөвшөөрч "Нээлттэй уралдаант шалгаруулалтын журам”-ыг баталлаа.

4. Баяр наадам зохион байгуулах зардлын төсвийг Аймгийн Засаг даргын орлогч Д.Энхбат танилцууллаа. Тэргүүлэгчдийн хурлаар Ардын хувьсгалын  94 жил-Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах зардлын төсвийг 134,0 сая төгрөгөөр баталж, төсвийн зарцуулалтанд хяналт тавьж ажиллахыг аймгийн Засаг даргын орлогч бөгөөд  Баяр  наадмыг зохион байгуулах хорооны дарга  Д.Энхбатад даалгалаа.

5. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн салбар хороог шинэчлэн байгуулах тухай асуудлыг Аймгийн Засаг даргын орлогч Д.Энхбат хэлэлцүүлсэн бөгөөд Төрийн захиргааны байгууллага, ажил олгогчийн болон ажилтны эрх ашгийг төлөөлөн хамгаалах Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн гурван талт салбар хороог өнөөдрийн хуралдаанаар шинэчлэн байгууллаа.

6. Шагналд тодорхойлох тухай асуудлыг хэлэлцлээ. Энэ удаа Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор 3, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор 2, Алтан гадас одонгоор 18, Хөдөлмөрийн хүндэт медалиар 20 хүнийг шагнуулахаар тодорхойлж Монгол улсын ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхээр боллоо.

7. 2015 оныг "Аймгийн ИТХ-ын шийдвэрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, хариуцлагыг дээшлүүлэх жил” болгосонтой холбогдуулан Аймгийн ИТХ-ын хурлаас ажлын хэсгүүд гарч төрийн байгууллагууд хурлын шийдвэрийг хэрхэн хэрэгжүүлж ажиллаж байгааг шалгасан. Өнгөрсөн 5 сарын 19-нөөс эхэлсэн энэ шалгалтын нэгдсэн дүнг өнөөдрийн хуралдаанаар хэлэлцлээ. Асуудлыг хэлэцэхэд ажлын хэсэгт ажилласан Аймгийн ИТХ-ын төлөөлөгчид, Ажлын албаны бүрэлдэхүүн, Шалгалтанд хамрагдсан байгууллагын удирдлагууд оролцлоо.

Санал болгох

Сэтгэгдэл

top