Уламжлал ёсоор гурван дарга маань Монгол Улсынхаа хуучин оны амжилт, алдаа оноог дүгнэж, шинэ жилийн мэндчилгээг ард түмэндээ дэвшүүллээ.
Гурван даргын мэндчилгээндээ "эдийн засаг өссөн” гэдэг албаны статистик хэлсэн ч, хүртээмжтэй эдийн засгийн тухай дурдсангүй. Эдийн засаг бодит байдал дээр ард түмний амьдралд мэдэгдэхүйц өөрчлөлт гараагүй учраас тэд "эдийн засаг” гэдэг үгнээс аль болох зайлсхийж, их цөөхөн хэрэглэжээ. Харин гурвуулаа "шударга ёс тогтооно” гэдэг үгийг улиг болтол, олон давталттай хэлэв.
Ерөнхийлөгч Х.Баттулгын хэлсэн үгнээс:
-2019 он "Эрс шинэчлэлийн жил” болох болно. Ард түмний оролцоо, дэмжлэгээр "Эрс шинэчлэл”-ийн үр дүнд Монгол Улсад хүчирхэг төр, хуулийн засаглал, шударга ёс ялан мандаж иргэн бүр баялгийнхаа эзэн байх болно.
УИХ-ын дарга М.Энхболдын хэлсэн үгнээс:
-Монгол айл өрх, монгол хүн бүрийг төрийн зөв мэргэн бодлого, шударга ёс түшиж байг ээ.
Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн үгнээс:
-2018 он бол шударга ёсны төлөө салхи сэвэлзсэн он жил байлаа. 2019 онд нийгмийн шударга ёсыг бэхжүүлэх, хууль ёс, дэг журам тогтоохын төлөөх үйл хэрэг улам эрчтэй өрнөх болно. Монгол хүн бүр айх аюулгүй шударга нийгэмд амьдрах ёстой. Төрд бугшсан утаа манан арилгах, монгол хүн эх орныхоо баялагт эзэн байх шударга нийгмийн төлөөх тэмцлээ тууштай үргэлжлүүлнэ гэдгээ дахин хэлмээр байна” гэлээ.
Шударга ёсыг байнга сануулж байх ёстой ч, шударга ёсыг үгээр бус, үйлдлээр тогтоодог. Манай төр, засгийн үе үеийн удирдлагууд шударга ёс тогтоох талаар улитг болтол ярьдаг ч, үйлдэл нь цөөхөн.
Тэгвэл тэдний хэлсэн хэлсэн шударга ёс юунаас эхлэх вэ гэдэгт хариулт хайя. Хамгийн ойр, хамгийн амраас нь эхэлье.
Ерөнхийлөгч Х.Баттулгын хувьд шударга ёс, нийгмийн баялгийг тэгш хуваарилах чиглэлд үг хэлж, оффшорчдыг эсэргүүцсэн санаачилгууд гаргаж байгаа ч өнөөдрийн байдлаар бодлогын баримт бичиг болгосон, УИХ-д өргөн барьсан хуулийн төсөл алга. Харин УИХ-аас томилсон АТГ-ын даргыг огцруулах, өөрчлөхийн төлөө нэлээд идэвхтэй ажиллаж, зарим гишүүдийг ажиллуулж байгаа нь ил болсон. Тийм учраас хамгийн ойроос, хамгийн амраар харъя гэвэл Ерөнхийлөгч Х.Баттулгын хувьд шударга ёс, шударга ёсны тэмцэл нь АТГ-ыг огцруулахаас эхлэх бололтой.
М.Энхболдыг УИХ-ын даргаас огцруулах "бослого”-оос болж чуулганы хуралдааны ирц бүрдэхгүй, төрийн эрх барих дээд байгууллага хуралдаж чадахгүй, Монголын төр бүтэн сар гацаж байна. Хуралдаа суухгүй ажил хаяж байгаа 40 гаруй гишүүдийн дотор дээд дарга нарын захиалга биелүүлж, албан тушаалынхаа хүлээсэнд орж, өөрийнхөө үзэл бодлоор М.Энхболдыг огцруулах ёстой гэж үздэг хэсгүүд бий. Тэд УИХ-ын дарга М.Энхболдоос ёс суртахууны хариуцлага нэхдэг, нөгөөх нь хуулийн үндэслэл тулгадаг. Тэгэхээр М.Энхболдын хувьд УИХ-ын даргын суудалдаа үлддэггүй юмаа гэхэд хуульд заасан үндэслэлээр УИХ-ын даргаас огцрохоос л шударга ёс эхэлнэ гэж болох.
Ерөнхий сайд У.Хүрэлсүх сахилга бат, шударга ёс тогтоох их хүлээлт дээр Засгийн газраа байгуулсан. Гэвч танхимын сайд нар нь болон УИХ доторхи Ерөнхий сайдын багийнхан нь иргэдийнхэээ боломжийг хулгайлж, ЖДҮХС-гаас өөрсдийн хамаарал бүхий компанидаа их хэмжээний зээл авсан нь ил боллоо. Боломжоо алдсан иргэдийн хилэгнэл одоохондоо М.Энхболдыг огцруулах, УИХ хуралдахгүй байх их улс төрийн дуулианд дарагдаад байна. Бас нөгөө талаас нь ЖДҮ-г мартуулах, ЖДҮ-гийн хулгайг Ерөнхий сайд ба нэр бүхий гишүүдээс холдуудах, мартуулахын тулд М.Энхболдыг УИХ-ын даргаас огцруулах улс төрийн хөөргөж буй гэх. Олон нийт бол Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн тунхагласан шударга ёс нь өөрийг нь тойрон хүрээлсэн УИХ-ын гишүүдийн авсан ЖДҮ-г шийдэх, хариуцлага тооцохоос эхэлнэ гэж хүлээж буй. Харин Ерөнхий сайдын өөрийнх нь хэлж буйгаар түүний хувьд шударга ёсны тэмцэл нь М.Энхболдыг УИХ-ын даргаас огцруулахаас эхлэх бололтой.
Энгийнээр, их амарханаар харахад л гурван даргын тогтоох, тунхаглах шударга ёсны тэмцлийн цаад цэг нь өнөөх л албан тушаал, сандал суудал байгаа биз. Би л хувьдаа АТГ-ын даргыг өөрчилснөөр, М.Энхболд хуулийн дагуу огцорсноор юмуу суудалдаа үлдсэнээр, эсвэл М.Энхболд огцорсноор нийгэмд шударга ёс тогтоохоос илүүтэй гурван даргын хувийн сонирхол, хувийн улс төрийн эрх ашиг л илүүтэй хангагдана гэж бодож байна. Тэд бас Цагаан сар, улсын наадам, 2019 оны шинэ жилийн мэндчилгээндээ шударга ёс тогтоох гэтэл бас хэн нэгний сандал суудал саад болоод байгаа тухай ахиад л ярина. Тэр цагт бид гайхахгүй, тэд гайхашруулж дуусахгүй ээ.
Э.Мөнхцэцэг