|

О.Бат-Эрдэнэ: Салхитын мөнгөний ордын өгөөжийг Дундговь аймгийн иргэд огт хүртээгүй

batdorj 2019/01/04 66 0

Тагнуул, цагдаа, прокурор зэрэг хууль хяналтын холбогдох байгууллагууд өнгөрсөн оны сүүлээр Дундговь аймгийн Гурвансайхан сумын нутагт байх Салхитын алт, мөнгөний ордод тусгай ажиллагаа явуулсан. Ордыг 2043, 2047 он хүртэл ашиглах "Жи Пи Эф” компанийн тусгай зөвшөөрлүүдийг нь энэ үеэр эрх мэдэл бүхий байгууллагын шийдвэрээр цуцалсан шийдвэрийг танилцуулж, төрийн мэдэлд авсан юм.

Үүнтэй холбогдуулан Дундговь аймгийн Засаг дарга О.Бат-Эрдэнэ хэвлэлд анх удаа ярилцлага өглөө.

– Салхитын мөнгөний ордын уурхайд тусгай ажиллагаа явуулж, "Жи Пи Эф” компанийн тусгай зөвшөөрлийг цуцалж, төр мэдэлдээ авлаа. Энэ талаар олон янзын яриа, байр суурь гарч байна. Орон нутгийн удирдлагын хувьд үүнийг юу гэж үзэж байна вэ?

– Зөвшөөрлийг нь цуцалж, төр мэдэлдээ авсан нь зөв шийдвэр гэж аймгийн удирдлага төдийгүй, ард иргэд, тэр дундаа нутгийн иргэд их баярлаж, талархаж байгаа. Цаашдаа энэ ордын үр шимийг хүртэхэд чухал алхам боллоо гэдгийг хэлж, ярьж байна. Энэ уурхай бидэнд хэзээ үр өгөөжөө өгөх вэ гэж иргэд маш их асууж, хариу нэхсээр өнөөг хүрээд байлаа.

– Уурхай ажиллаж байхдаа орон нутгийн хөгжилд ямар хувь нэмэр оруулав?

– 2010 оны үед Салхитын мөнгөний ордыг ашиглаж эхлэхэд орон нутгийн хөгжил, иргэдийн амьдралд үр өгөөжөө өгнө гэсэн хүлээлт их байсан. Би 2016 оны долоодугаар сард ажлаа аваад энэ компанитай хамтын ажиллагааны гэрээ байгуулсан. Энэ гэрээнд орон нутгийн хөгжлийг дэмжих, хөрөнгө оруулах, нутгийн иргэдийг ажлын байраар хангах гээд олон зүйлийг тусгасан юм. Харамсалтай нь гэрээний хэрэгжилт маш хангалтгүй.

– Тухайлбал?

– "Жи Пи Эф” компани цөөн хэдэн хүнийг ажилд авсан ч үндэслэлгүйгээр цалинг нь хасдаг, эрүүл ахуйн шаардлага хангахгүй хоол хүнс өгдөг зэрэг гомдол тасардаггүй байсан гэхэд болно. Аймаг, орон нутгийн удирдлагын үгийг хүлээж авдаггүй, харуул хамгаалалт нь хяналт шалгалтын байгууллагуудын төлөөллийг очиход нэвтрүүлдэггүй. Нэг ёсондоо хаалттай бүс. Тэр бүс дотор ямар үйл ажиллагаа явуулж байгаа нь бидэнд тодорхой биш байсан.

– Төрийн мэдэлд авлаа. Одоо ордыг хэрхэн ашиглах талаар та бүхэн ямар байр суурьтай байна?

– Салхитын мөнгөний ордыг цаашид яаж ашиглавал зүйтэй вэ гэдэг чиглэлээр бид Засгийн газарт саналаа хүргүүлэхээр ажиллаж байна. Аймаг ямар оролцоотой байх, орон нутгаа хөгжүүлж, иргэдийн ахуй амьдралыг өөд нь татахад энэ уурхай ямар хувь нэмэр оруулах юм гээд олон хувилбарыг судлаж байна.

Updown.mn

 


Санал болгох

Сэтгэгдэл

top