Мал эмнэлэгийн ерөнхий газрын дарга Д.Түмэндэмбэрэл:
"Улсын мал эмнэлэг ариун цэврийн төв лабораторид үхсэн гахайнаас авсан эдийн дээжээр Гахайн африкийн мялзан өвчин болохыг тогтоосон. Гахайн африкийн мялзан өвчинтэй холбогдуулан холбогдох газруудын хамтарсан ажлын хэсэг ажиллаж байна. Монгол Улсын хэмжээнд гахайн мах, махан бүтээгдэхүүн импортоор оруулж ирдэг 10 аж ахуйн нэгж байдаг. Үүнээс дөрвөн байгууллагын агуулахад шинжилгээ хийсэн”хэмээн танилцуулсан юм.
Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл:
"Томуу, томуу төст өвчний дэгдэлт нэгдүгээр сарын 3-наас эрчимжиж орон нутгаар алаг цоог байдлаар гараад байна. Одоогийн өвчлөлийн байдлыг харвал Цагаан сарын үеэр улсын хэмжээнд олон хүнийг хамарсан дэгдэлт гарах төлөвтэй байна. Эмнэлгийн орны ачаалал нийслэлд нэлээн өндөр байгаа. Батлагдсан 900 гаруй орноос 50 гаруй хувиар хэтэрсэн байдалтай байна. Тиймээс ХУД-ийн нэгдсэн эмнэлэг, Цэргийн эмнэлэг дээр нэмэлтээр тасаг гаргахаар ажиллаж байгаа” хэмээн мэдээллээ.
Мэдээллийн дараа Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга Ө.Энхтүвшин холбогдох байгууллагын удирдлагуудад үүрэг чиглэл өгсөн юм.
Хүнс хөдөө аж ахжй хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаанд:
- БНХАУ, ОХУ, Герман, Польш зэрэг улсаас импортолж буй гахайн мах, өөхийг түр хугацаанд улсын хилээр импортлохыг хориглох,
- Улсын хэмжээнд гахайн африк мялзан өвчнийг илрүүлэх идэвхтэй тандалт, судалгааг 30 хоногийн дотор багтаан хийж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг төлөвлөх,
- Уг өвчинд сонгомол үйлчилгээтэй "иод, лемон гэх мэт” халдваргүйтгэлийн бодисын нөөц бүрдүүлэх, гахайн аж ахуй эрхэлдэг байгууллага, иргэдийн тэжээлийн агуулах, байр, хашаа хороог халдваргүйтгэх ажлыг зохион байгуулах,
- Гахайн африк мялзан өвчнөөр өвчилсөн гахайг холбогдох журам, зааврын дагуу устгах, нэгдсэн цэгт булшлах ажлыг шуурхай зохион байгуулж, удирдлагаар хангаж ажиллах,
Мал эмнэлэгийн ерөнхий газрын дарга Д.Түмэндэмбэрэлд:
- Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 266 дугаар тогтоолд хорио цээр, хязгаарлалтын дэглэмийн үед батлагдсан журмын дагуу шаардагдах бүх арга хэмжээг шуурхай зохион байгуулж, хяналт тавьж ажиллах,
- Гахайн африк мялзан өвчнөөс урьдчилан сэргийлэх заавар, зөвлөмжийг олон нийтэд сурталчлан таниулж, хэвлэл мэдээллийн байгууллагатай хамтран мэдээллийг нэг цэгээс үнэн бодитой хүргэх ажлыг МХЕГ-тай хамтран зохион байгуулах,
- Мал, амьтны гоц халдварт өвчний эрсдэлийн тойм судалгааг хийж, гарсан үр дүнд хариу арга хэмжээг төлөвлөх, хэрэгжүүлэх арга замыг тодорхойлох,
Аймаг, нийслэлийн Засаг дарга, Онцгой комиссын дарга нарт:
- Гахайн африк мялзан өвчнөөс урьдчилан сэргийлэх, уг өвчний тархалтыг зогсоох арга хэмжээнд шаардагдах ариутгал, халдваргүйтгэлийн зардлыг 2019 онд батлагдсан аймаг, нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөөс санхүүжүүлэх,
- Аймаг, нийслэлийн Мал эмнэлгийн байгууллагууд орон нутагтаа ариутгал, халдваргүйтгэлийн ажлыг шуурхай зохион байгуулах,
- Гахайн африк мялзан өвчин гарсан халдварын голомтын бүсээс хүн, мал, амьтан, тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөнийг түр хугацаагаар хориглох зэрэг шаардлагатай арга хэмжээг авах,
- Уг өвчний халдвар илэрсэн аж ахуйн нэгж, байгууллага, иргэд, үйлчилгээний газруудад холбогдох заавар, журмын дагуу ариутгал, халдваргүйтгэл хийх ажлыг зохион байгуулах,
Гаалийн ерөнхий газрын дарга Б.Асралт, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Н.Цагаанхүүд:
- Хил, гааль, хилийн боомтууд дээр ахуйн тээвэр, түүвэр ачаанд тавих хяналт, шалгалтыг эрчимжүүлэх талаарх мэдэгдэл хүргүүлэх,
- Хилээр зорчиж буй иргэдийг гар тээш, ачаандаа хүнсний зориулалтаар гахайн мах, махан бүтээгдэхүүн тээвэрлэж хилээр гаргахгүй байх санамжийг танилцуулж, хяналт тавьж ажиллах,
Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлд:
- Томуу, томуу төст өвчний дэгдэлтийн үед 0-5 хүртэлх насны хүүхдээ асарсан хөдөлмөр эрхэлж байгаа эцэг, асран хамгаалагчид эмнэлгийн хуудас олгох асуудлыг шийдвэрлэх,
- Хүүхдийн эмнэлгийн орны тоог 500-гаар нэмэгдүүлэх асуудлыг судалж шийдвэрлэх,
- Томуу, томуу төст өвчний амбулаторийн үзлэгийн хувиас шалтгаалж үзвэр үйлчилгээ, нийтийн цуглааныг хязгаарлах арга хэмжээг холбогдох байгууллагуудтай хамтран зохион байгуулах,
- Дэлхийн эрүүл мэндийн байгууллагад захиалсан вирусийн эсрэг тамифлю эмийг яаралтай нийлүүлэх ажлыг зохион байгуулахыг тус тус олгов гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.