|

Орхон, Дархан-Уул аймаг тэргүүлж, Говь-Алтай, Архангай сүүл мушгив

saikhnaa 2019/01/24 181 0

Эдийн засгийн тамир тэнхээгээр Орхон, Өмнөговь аймгууд, Засаглалын үр ашгаар Говьсүмбэр, Сүхбаатар аймгууд тэргүүлжээ.


Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвөөс "Аймгуудын өрсөлдөх чадварын тайлан 2018”-н үр дүнг өнөөдөр /2019.01.23/ танилцууллаа. Уг төвөөс аймгуудын өрсөлдөх чадварыг долоо дахь жилдээ тодорхойлж байгаа аж. Аймгуудын өрсөлдөх чадварыг хэмжихдээ эдийн засгийн тамир тэнхээ, засаглал, бизнесийн үр ашиг, дэд бүтэц гэх үндсэн дөрвөн бүлгийн статистик мэдээлэл болон санал асуулга нийлсэн нийт 176 шалгуур үзүүлэлтүүдийг нэгтгэн тооцдог байна. Өрсөлдөх чадвар хамгийн сайн аймаг нь 100 оноотой байх ба бусад аймгуудыг үүнтэй харьцуулж дүнг гаргажээ.

Энэ удаагийн тайлангийн үр дүнгээс харахад Орхон, Дархан-Уул, Өмнөговь аймгууд өрсөлдөх чадвараараа тэргүүлжээ. Харин сүүлийн байруудад Дундговь, Говь-Алтай, Архангай аймгууд эрэмбэлэгдсэн байна.

Өрсөлдөх чадварыг хэмждэг үндсэн дөрвөн бүлгээр буюу Эдийн засгийн тамир тэнхээгээр Орхон, Өмнөговь аймгууд, Засаглалын үр ашгаар Говьсүмбэр, Сүхбаатар аймгууд тэргүүлжээ. Мөн бизнесийн үр ашгаар Дархан-Уул, Өмнөговь аймгууд, Дэд бүтцээр Орхон, Говьсүмбэр аймгууд тэргүүлсэн байна.

Аймгуудын өрсөлдөх чадварыг үнэлэх нийт 176 шалгуур үзүүлэлтийн ойролцоогоор 3/5 нь буюу 102 нь статистик мэдээлэл, 2/5 нь буюу 74 нь санал асуулгын мэдээлэл байдаг байна. Статистик мэдээллийн 15 хувь буюу 28 нь ерөнхий мэдээлэл байх ба өрсөлдөх чадварын индексийн тооцоололд ордоггүй, нэмэлт мэдээлэл өгөх зорилготой үзүүлэлтүүд аж.

Удирдах ажилтны санал асуулгын түүвэр судалгаанд Монгол Улсын 21 аймгийн бизнесийн байгууллагын удирдах ажилтнуудыг энгийн санамсаргүй түүврийн аргаар сонгон хамруулжээ. Түүврийн хэмжээг энгийн санамсаргүй, буцалтгүй түүврийн аргаар тодорхойлж, аймаг бүрээс дунджаар 50 удирдах ажилтан, нийт 1050 аж ахуйн нэг байгууллагуудын оролцоотойгоор түүвэр судалгааг явуулсан байна. Санал асуулга нь нийт 74 хаалттай асуулт, нэг нээлттэй асуултаас бүрдсэнийг дурдлаа.

Өрсөлдөх чадварын ерөнхий үнэлгээ-2018

Орхон – 100 оноо
Дархан-Уул – 96,68
Өмнөговь – 94,82
Дорноговь – 84,88
Говьсүмбэр – 84,65
Дорнод – 84,00
Сэлэнгэ – 79,44
Сүхбаатар – 79.30
Өвөрхангай – 77,89
Төв – 77,77
Увс – 75,88
Баян-Өлгий – 75,64
Хэнтий – 71,55
Хөвсгөл – 57,68
Баянхонгор – 55,42
Ховд – 54,55
Завхан – 54,22
Булган – 45,26
Дундговь – 44,17
Говь-Алтай – 43,98
Архангай – 37,88

2018 онд хамгийн их өөрчлөлт гаргасан аймгуудыг дараах үзүүлэлтээр гаргажээ. Хамгийн их ахиц гаргасан аймгууд Дорноговь, Хэнтий, Говьсүмбэр, Өвөрхангай, хамгийн их буурсан аймгаар Булган, Архангай, Хөвсгөл аймгууд гарсан байна.

Энэхүү тайланг гаргахад "Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн Эрдэс баялаг, түүхий эдийн иж бүрэн санаачилга хөтөлбөр” болон "Азийн сан” жил бүр санхүүгийн дэмжлэг үзүүлдэг байна. Судалгааг аймгуудын удирдлага, төр засгийн байгууллага, судлаачид болон олон нийтэд нээлттэй байлгах үүднээс http://aimagindex.mn/statistics цахим хуудсанд мэдээллийг байршуулжээ.


Санал болгох

Сэтгэгдэл

top