|

Эрүүл биед саруул ухаан оршино (Asa-тай хийсэн ярилцлага)

bayaraa 2015/01/06 6513 987

Эрүүл биед саруул ухаан оршино (Asa-тай хийсэн ярилцлага) 	 	 Мэргэжлийн сумогийн 68 дах их аварга, Монгол улсын хөдөлмөрийн баатар Долгорсүрэнгийн Дагвадорж Лондон хотноо түр саатах зуур Оюунлаг Оршихуй цуврал уулзалтад оролцохыг урьсан бидний  урилгыг хүлээн авлаа. Ингээд их аваргаас уламжлалт "бие халаах” товч ярилцлага авснаа хүргэе

Та мэргэжлийн сумогийн их аварга хүний хувьд сумогийн өнгө төрхийг зодог тайлсны дараах өнөөдрөөс юу гэж тодорхойлмоор байна

  • Сумо нь 2000 гаран жилийн түүхтэй (1600 оны үеэс мэргэжлийн болж эхэлсэн ) их наран улсын ёс заншил уламжлалыг өдий хүртэл авч яваа спорт гэхээсээ илүү урлаг юм. Миний хувьд энэхүү их гүрний түүхэн ёс уламжлалын нэгэн үеийн эрхэм цолыг хүртэж явсандаа Монголчуудын хэмээн нэрлэгдэж болох нэгэн цаг үеийн суурийг тавилцсандаа бахархадаг. Сумо цааш ёс улажмлалаа хадгалан үе үеийн их аваргууд төрөн хөгжин дэлгэрсээр байх нь дамжиггүй.

Өдгөө та Мoнголын Чөлөөт Бөхийн Холбооны Ерөнхийлөгчийн сонгуульт ажилтай. Нэг үе уналтад ороод байсан Монголын  чөлөөт бөхийг сэргээн хөгжүүлэхэд сэтгэл, цаг, хөрөнгө гарган ажиллаж буйг тань, тодорхой амжилтууд гарч эхэлж буйг ч олон түмэн харж буй. Чөлөөт бөхийн өнөөгийн төлөв байдал болон хэтийн зорилго чиглэлийн талаар

МЧБХ нь Монгол улс тэртээ НҮБ-ийн гишүүн орноор элссэн 1961 оноос л тив дэлхийд улс орныхоо нэрийг бусад спортын төрлүүдээс өмнө таниулж байсан түүхэн гавъяатай, дундаршгүй баялагтай спортын төрлийг удирддаг Холбоо юм. Бүгд мэдэх тул энэ спортоос төрөн гарсан алдартуудыг нэрлэх нь илүүц биз. Тийм мундаг түүхтэй холбоо атал олимпоос алтан медаль аваагүй байгаа нь намайг ямагт огшооож байдаг. Тэр шар медалийн өнгө намайг хүүхэд балчир наснаас минь гижигдсэн дээ. Тэр алтан медалийн төлөө бүх сэтгэл зүрх эд материалаа зарцуулан сайхан хамт олонтойгоо зүтгэж байна, 2016 Рио, 2020 Токиогийн олимпод энэ зорилгодоо хүрэхийн тулд үнэхээр их хичээж байна даа. Монгол хүн байгалиасаа биеийн хөгжил хөдөлгөөний мэдрэмж сайтай байдаг, аливаад сэтгэл зүрхнээсээ хандаж чаддаг нь спортод амжилт гаргахад их сайхан нөлөө үзүүлдэг. Угийн нүүдэлчин удмын авир нь аливааг бусдын гар харалгүйгээр зөвхөн өөрөө хийж сургадгаараа илүү. Харин тэр чанар маань өнөөгийн нийгэмд алдрах маяг байгаа нь анзаарагдах юм. Монгол хүнд дотроо эвтэй, зангидсан гарын доор бэлтгэл сургуулиа хийх нөхцөл бүрдсэн цагт биднийг хэн ч зогсоож дийлэхгүй гэж боддог. Энэ зөвхөн миний бодол гэдгийг ойлгоорой. Санал нийлэхгүй хүмүүс байж бас болно.

Тив дэлхийд дундад азийн бөхчүүд хөнгөн дунд жинд илүү амжилт гаргаж буй. Монгол Япон Казак мэт улсууд. Чөлөөт бөх, жудогийн хувьд  адил ийм байна. Хүнд жингийн бөхчүүд цөөрсөн 2004 оноос хойш бол ер нь тасрах гээд байна. Энд нөлөөлж буй зүйл нь дэлхийн спортоор хичээллэх сонирхолтой залуус цөөрсөн хийгээд үндэсний бөх рүү их шуурч байгаатай холбоотой. Дэлхийн бөхөөр барилдаж сурсан хүн ядаж өөрийн учраагаа амархан хаях мэхийн, барилдааны  олон хувилбаруудтай байна шүү дээ. Та бүхэн нэгэн цагт 6 заан хэмээн домог мэт яригдаж байсан бөхчүүдийг санаж буй байх. Тэд маань бүгд дэлхийн бөхөөр тухайлбал чөлөөт бөх,  жудогийн төрлүүдээр барилдах сууриа тавьсан юм шүү дээ. Тэднээс дархан аварга 2, улсын аварга 1, улсын арслан 1, улсын гарьд 2 төрлөө. Дэлхийн бөхийн суурь чинь энэ шүү дээ.

‘Спортлог байцгаая!’ гэсэн уриа нилээд харагдах болов.Moнголчууд маань спортлог байж чадаж байна уу Ер нь спортын хөгжил өндөр байхын ач холбогдолын талаар .

Аливаа улс эрүүл мэндээ нэгд тавих ёстой. Энэ бол тусгаар тогтнолын дархлаа!. Спортоор хичээллэнэ гэдэг эрүүл байхын нэг үндэс. Нэг хэсэг нь их спортоор хичээллээд амжилт гаргаад ирэхээр нийт олноороо  уг спортоор хичээллэх, улмаар эрүүл саруул байх хандлага бий болдог.  Та жиргээгээр, Лондонгийн олимпийн дараа дугуйгаар хичээллэгсэд явагсад олширсон нь мэдрэгдэж байгаа тухай нэгэнтээ  бичсэн байсан. Британичууд дугуйн спортын төрөлд өндөр амжилт гаргаад эхлэхээр ингэж л жирийн ард иргэддээ нөлөөлж байгаа хэрэг.  Тэгснээрээ тэр дугуйгаар явагсад, хичээллэгсэд  илүү эрүүл саруул аж төрж буй.

Их зохиолч Д.Нацагдорж нэгэн цагт  "Эрүүл биед саруул ухаан оршино” гэж хэлснийг би байнга бодож явдаг

Жаргалан жаргалан жаргалан
Энэ ертөнцийн түмэн жараглан
Түүний доторхи чухам жаргалан
Эрүүл энхийн нэгэн жаргaлан…

гээд сайхан хэлсэн байдаг даа.

Бид цөөхүүлээ, эрүүл байх туйлын чухал. Би зүгээр "эх орондоо хайртай” гэж цээжээ балбахад дургүй. Бүгд л эх орондоо хайртай. "Бурхан даах чинээгээр нь ачаа өгч байдаг” гэж сонсож байсан юм. Лавтай гэж итгэдэг. "Ачаагаа мэдэр, эрүүл байцгаа. Үүний тулд өөртөө зориулах цаг гаргаж сурцгаа” гэж хэлмээр байна

За тэгээд уулзалт дээр их сумо болон  их спортын талаар дэлгэрэнгүй ярилцая. Би өөрийн гарын бэлгээ 3-5 хүнд өгнө.

Цахим хөөрөлдсөн Д.Цэрэнбат

Санал болгох

Сэтгэгдэл

top