|

Хятад дэлхийн эдийн засагт аюул учруулж байна

namuunaa 2015/07/22 203808 21441

 БНХАУ-ын эдийн засаг дэлхий нийтийг түгшээж, саяхан фондын зах зээл нь уналтад ороод удаагүй байтал Хятадын өр 16.1 их наяд ам.доллар болж байгаа талаар олон улсын эдийн засагчид мэдээлсэн нь дахин түгшүүрийн харанга дэлдлээ.

Standard & Poor’s (S&P) агентлагийн дүгнэснээр энэ хэмжээний өр нь тус улсын ДНБ-ий 160 хувьтай тэнцүү байгаа бөгөөд одоо өр нь хэт ихэссэн гэсэн шүүмжлэлд өртдөг АНУ-ын өр ч үүнээс хоёр дахин бага гэнэ. Тиймээс Хятадын эдийн засаг удаан үйлчилгээтэй тэсрэх бөмбөг гэж ажиглагчид үзэж байгаа бөгөөд БНХАУ-ын засаг фондын зах зээлээ дэмжихээ зогсоохгүй бол асуудал дахин урган гарна гэж гадаадын шинжээчид үзэж байна.

Сүүлийн үеийн мэдээллээр бол Хятад улс биржийн уналтыг зогсоохын тулд 480 тэрбум ам.доллар зарцуулжээ. Хэдийгээр БНХАУ-ын фондын зах зээл эрүүлжсэн ч үүнийг төрийн хатуу шахалт оролцоотойгоор хүчилж хийсэн учраас эргэн уналтад орж мэднэ гэж ажиглагчид үзэж байна. Харин өрийн тухайд Одоогийн байдлаар Хятадын компаниудын өр 16.1 их наяд ам.доллар байгаа бол таван жилийн дараа 28.8 их наяд ам.доллар болж өснө гэж S&P агентлаг тооцоолжээ.

Улмаар корпорацийн өрийн хямрал ирээдүйд Хятадын эдийн засгийн эрс уналтад хүргэнэ гэж шинжээчид дүгнэжээ. Харин энэ тал дээр Хятадын шинжээч, албан тушаалтнууд огт өөр бодолтой байгаа бөгөөд 2014 оны эхний хагас жилд БНХАУ-ын ДНБ долоон хувь өссөн гэж мэдээлсэн байна.

Хятадын төв хэвлэл "Жэньминь Жибао” сонинд мэдээлснээр гадаад худалдаа, хэрэглээ болон үйлдвэрлэлийн салбарт эдийн засгийн таатай хөтөлбөрүүдийг хэрэглэж, дэмжих, урамшуулах арга хэмжээ авч хэрэгжүүлснээр ДНБ ийм өндөр өсөлтийн үзүүлэлттэй гарсан гэнэ. 

Эх сурвалж: gazeta.ru

Санал болгох

Сэтгэгдэл

top