|

Эрдэнэтийн брэнд циркчинг бэлтгэх юмсан

munkhod 2015/06/30 908 0

Эрдэнэт хотод зочлох үеэр анхаарлыг минь хамгийн их татсан зүйл бол Хүүхэд залуучуудын театрын дэргэдэх цирк анги байлаа. Энэхүү ангийг соёлын тэргүүний ажилтан илбэчин Д.Баатар, акорбатчин А.Отгонбаяр нар хичээллүүлдэг аж. 
 
Одоогоос 20 жилийн өмнө буюу Монголд циркийн урлаг уналтад орж, ихэнх уран бүтээлчид нь харийн орныг зорьж байсан тэр л үед А.Отгонбаяр охин О.Уугантуяагийнхаа хамтаар Эрдэнэтэд иржээ. Тэр цагаас хойш олон саад бэрхшээлтэй тулгарсан ч Эрдэнэтэд циркийн урлагийг хөгжүүлэхсэн гэсэн мөрөөдлөөсөө алхам ч шантраагүй А.Отгонбаяр багийн хамтаар тэр л даваа, гүвээтэй он жилүүдийн жимээр хэсэгхэн зуур аяллаа.
 
-Монголын цирк үзэгчгүй, уран бүтээлчгүй болсон үе буюу 1995 онд та Эрдэнэт хотод циркийн урлагийг хөгжүүлэхээр ирж байжээ. Хүндрэл бэрхшээл их тулгарсан байх даа?
-Уран бүтээлчдийн олонх нь чөлөөт уран бүтээлч болж, дийлэнх нь харийн орныг зорьсноор Монголын цирк эзгүйрсэн. Тэр үед би бусдын л чөлөөт уран бүтээл болж, Эрдэнэт хотод циркийн урлагийн эх үндсийг тавьж, хөгжүүлэхсэн гэсэн хүсэл тээсээр ирж байлаа. Эхлэл хамгийн хэцүү байсаан. Хүүхдүүдээ цуглуулна, бэлтгэнэ гэдэг амаргүй даваа. Хоёрдугаар үе буюу уран бүтээл туурвих, гуравдугаар шат буюу улсын хэмжээний болон олон улсын уралдаан тэмцээнүүдэд оролцох ч бас амар байгаагүй.
 
Гэвч Эрдэнэт хотдоо циркийн суурийг тавьж чадсан маань том амжилт. Анх дугуйлангийн түвшинд ажлаа эхлүүлж байсан бид одоо мэргэжлийн жүжигчдийг бэлтгэж байна. Энэ ч утгаараа манай шавь Э.Нарангарав циркчидийн олимп гэгддэг Монте Карлагийн их наадмаас алтан медаль хүртэж чадлаа. Энэ бол 20 жилийн турш цөхрөлтгүй зүтгэсний минь үр дүн. 
 
-Та 20 жилийн өмнө гадаад явъя гэж бодоогүй юу?
-Би гадаадад гарахыг хүсээгүйдээ биш энэ нутагт циркийн урлагийг хөгжүүлэхсэн гэсэн хүсэлдээ л хөтлөгдөж энд үлдсэн юм.
 
-Амьдралаа бодсон бол гадаад явсан нь хавьгүй дээр байх байсан нь мэдээж. Гэхдээ та Монголдоо үлдсэндээ харамсдаггүй биз дээ?
-Харамсдаггүй ээ. Бид циркийн бүх төрлийг хөгжүүлэх оролдлого хийсний үр дүнд уран нугаралтыг тодорхой хэмжээнд хөгжүүлж чадлаа. Энэ хугацаанд 3-4 мэргэжлийн жүжигчнийг төгсгөн гаргалаа. Тэгэхээр бид бүрэн төгс биш ч гэсэн зорилгоо биелүүлж л байна. 
 
-Танай аймгийн удирд¬лагууд циркийн урлагийг төрийн бодлогоор дэмжиж эхэлсэн гэдэг таатай мэдээ сонслоо. Энэ бол та бүхний хичээл зүтгэлийн бас нэгэн үр дүн шүү дээ?
-Тийм ээ. Аймгийн удирдлагууд маань 2014 оноо циркийн урлагийг дэмжиж, бэлтгэлийн заал, тоног төхөөрөмжөөр хангаж өгсөн. Энэ бол аймгуудынхаа хувьд бараг анхдагч байх шүү. Багш нарыг орон нутгаас цалинжуулдаг боллоо. Циркийг төрийн бодлогоор дэмжсэний үр дүнд манай цирк ангийн багш, соёлын тэргүүний ажилтан Д.Баатар энэ оны эхээр тайлан тоглолтоо хийсэн. Мөн манай цирк 20 жилийн ойн тоглолтоо ч зохион байгуулсан. Хүмүүс Эрдэнэтэд цирк байдаг гэдгийг одоо л мэддэг болж байна шүү дээ. 
 
-Дөнгөж өнгөрсөн жил л бэлтгэлийн заалтай болсон гэхээр өнгөрсөн 20 жилийн хугацаанд халаасны өрөөгөөр л явдаг байсан гэсэн үг үү?
-Амар байгаагүй ээ. Цалин байхгүй, албан ёсны байр байхгүй. Бэлтгэлийн заал олохын тулд хүмүүсийг царай алддаг байлаа. Харин одоо бэлтгэлийн заалтай болоод бэлтгэл хийх, уран бүтээл туурвих сайхан боломж бүрдээд, сэтгэл санаа ч тэнэгэр болсон. Удахгүй манай аймагт Бөхийн өргөө барих талаар яригдаж байгаа. Энэ барилга дотор циркээ багтаах саналаа холбогдох хүмүүст нь хэлсэн. Одоогоор бөхийн өргөөний барилгын ажил эхлээгүй байгаа болохоор хэрхэн шийдэгдэх нь тодорхойгүй л байна. 
 
-Урлагийн төлөө бусдаас юм гуйна гэдэг тийм ч ичмээр зүйл биш биз дээ?
-Надад нэг зарчим бий. Хамгийн гол нь эхлээд юм хийчих. Хийчихснийхээ дараа хүнээс юм гуйж болно. Эхний үед бол бидэнд уран бүтээл хийх боломж жаахан хаагдмал байлаа шүү дээ. Гэвч олон бэрхшээлийг давж, бэлтгэлийн заалтай боллоо. Хүүхдүүдээ бэлтгэж, шавь нар маань тодорхой хэмжээгээр амжилт гаргаад ирэхээр хүмүүсийн хандлага ч наашилж байна. 
 
-Цирк анги маань хоёрхон багшийн орон тоотой юм уу?
-Тийм ээ. Одоогоор багшийн орон тоо нэмэх боломж гараагүй л байна. Д.Баатар багш бид хоёр циркийн төрлүүдээ хуваагаад заадаг. Ачаалал ихтэй байдаг учраас цагаа зөв хуваарилах хэрэгтэй байдаг. 
 
-Нэг удаагийн төгсөлтөөр хэдэн хүүхэд төгсдөг вэ?
-14 хүүхэд төгсдөг. 60, 70 хүүхэд зэрэг хичээллэдэг үе ч байлаа. Гэхдээ хүүхдүүдийн хувьд ихэвчлэн уран нугаралтаар хичээллэх сонирхолтой байдаг. Тиймээс уран нугаралтыг тэнцвэртэй хослуулж, урьд өмнө хэний ч хийгээгүй зүйлийг л хийхийг хичээж байна.
 
-Уран нугаралтаар охид л хичээллэдэг биз дээ. Тэгэхээр эцэг, эхчүүд охидоо эрэгтэй багшид шавь оруулахад хэр нааштай ханддаг бол?
-Хэцүү л дээ. Шуудхан хэлэхэд, охиноо эрэгтэй багшид даалгаж өгөхөд тийм ч дуртай биш шүү дээ. Гэвч хэсэг хугацаанд хичээллэсний дараа эцэг, эхчүүд ойлгодог юм. Дашрамд хэлэхэд, Эрдэнэтийн IҮ сургууль дээр Дэлгэрцэцэг багш мөн уран нугаралтын дугуйлан хичээллүүлдэг. 
 
Бид циркийн урлагийг Эрдэнэт хөгжүүлэхсэн гэсэн зорилгодоо хүрч байгаа. Одоо олонд таниулах, сургалтын цоо шинэ системтэй болох, мэргэжлийн боловсон хүчинтэй, цааш¬¬лаад Эрдэнэ¬тийн гэсэн брэнд уран бүтээлчтэй болох зорилгын төлөө чадахынхаа хэрээр л зүтгэж явна даа.
 
-Ингэхэд та циркийн яг юунд нь тэгтлээ татагдсан юм бэ?
-Цирк бол урлаг, спорт хоёрын хослол. Энэ ч утгаараа үзэж байгаа хүний сонирхлыг татаж, хэрхэн яаж гүйцэтгэдэг юм болоо гэсэн таавар сэтгэлд нь үлдээж, өөрийн эрхгүй гайхширал бишрэл төрүүлдэг. Би анх цирк үзээд л татагдчихсан. Тавдугаар ангид сурч байхдаа Үйлдвэрчиний төв зөвлөлийн дэргэдэх циркийн дугуйланд анх бүртгүүлж байлаа. Улмаар наймдугаар ангиа төгсөөд Циркийн сургуульд орж суралцсан. Тэр цагаас хойш циркт бүрмөсөн автагдаж, эндээс хэзээ ч эргэж буцаж чадахгүй болтлоо дурласан даа.
 
-Циркийн урлаг тийм ч амар биш биз дээ?
-Дугуйланд анх явж эхлэхэд хэцүү байсан. Юмаа хийж чадахгүй шантрах ч үе олон байлаа.
 
-Шантарсан үедээ өөрийгөө хэрхэн зоригжуулдаг байв?
-Хэдийгээр хийх ёстой юмаа хийж чадахгүй загнуулж, бага зэрэг урам мохож байсан ч сонирхол маань буураагүй. Циркийн урлагт өгсөн сэтгэл зүрх минь эргэж буцаагүй. Тиймээс ч циркийн төлөө гэх сэтгэлдээ хөтлөгдөж явсаар л гуч гаруй жилийг ардаа орхижээ.
 
-Өнгөрсөн гучин жил таны амьдралд олон сайхан гэрэлт дурсамж, алтан хуудсууд нэмсэн биз ээ. Хамгийн сайхан дурсамжуудаасаа хуваалцаач?
-Би ихэр л дээ. Миний ихрийг А.Отгонжаргал гэдэг. Бид Циркийн сургуулийг хамтдаа төгссөн юм. Мэргэжлийн шалгалт өгөх үед ихрийн маань бие тааруу байсан ч бид хамтдаа үзүүлбэрээ хийж, шалгалтандаа тэнцэн, сургуулиа төгссөн. Анхны тоглолтуудад ч хамтдаа тайзнаа гарч байлаа. Шалгалт болоод анхны тоглолтууд ч аргагүй л сэтгэл догдлуулдаг байжээ. 
 
-Ихэр хүмүүс гадаад төрх нь адил боловч дотоод сэтгэл, зан араншин нь их өөр байдаг юм шиг санагддаг?
-Тэр ч тийм шүү. Би Циркийн дугуйланд эхэлж орсон юм. Ихэр маань надаас жилийн дараа орсон. Миний хувьд циркт сэтгэл зүрхээ бүрмөсөн өгчихсөн байсан бол ихэр маань сургуульдаа төдийлөн дурладаггүй байлаа. Ингээд бодохоор бидний сонирхол, зан араншин өөр л юм шиг байна лээ. 
 
-Ихэр тань одоо хаана, юу хийдэг вэ?
-Би 1994 онд чөлөөт уран бүтээлч болсон. Ихэр маань тэр цагаас өөр ажил эрхлэх болсон. Гэвч өнгөрсөн өвөл Д.Баатар ахын тайлан тоглолтын үеэр ирж, бид хамтарсан үзүүлбэрээ хийсэн. Үнэхээр сайхан байсан шүү. Ирэх жил би тайлан тоглолтоо хийх санаа байна. Мэдээж ихэр маань бас хамт тоглох байх.
 
-Цирктэй амьдралаа холбосноор таны амьдралд олон өөрчлөлт гарсан уу?
-Цирк хүнийг их хүмүүжүүлдэг. Цагийн хуваарийн дагуу ажилладаг, басхүү их зүйл бодож, боловсруулдаг, нэг ёсондоо хувийн зохион байгуулалт сайтай болдог. Мөн хөдөлмөрч, хичээнгүй ч болдог. Циркийнхээ буянаар газар ч их үздэг. Тэр бүрт л ямар нэгэн мэдлэг, туршлага хуримтлуулна.
 
-Тэр өөрчлөлт хувийн амьдралд тань нөлөөлдөг үү?
-Ажилдаа бүхнийг зориулдаг боловч хувийн амьдрал дээрээ аль болох чөлөөтэй, өөрөөрөө байхыг хичээдэг. Мэдээж төлөвлөгөөтэй амьдарна гэдэг хүний амьдралд хамгийн хэрэгтэй зүйл шүү дээ. 
 
-Хоёр хүүхдийн тань нэг нь уран нугараач гэсэн. Одоо хаана ажиллаж байгаа вэ?
-Хүү маань багадаа цирк сонирхдог байсан ч өөр мэргэжил сонгосон. Охин маань багаасаа уран нугаралтаар хичээллэсэн. Одоо Америкт хувиараа уран бүтээлэ хийж яваа. Тэнд очоод бараг 18 жил болчихсон юм байна шүү. 
 
-Охиноо гадаад явах шийдвэр гаргахад хэрхэн хүлээж авсан бэ?
-Дуртай зүйлдээ, мэргэжлийнхээ ажилд явж байгаа учраас цааргалаагүй. 
 
-Циркчидийн хувьд Монголд ажлын байр цөөн. Тиймээс ч циркчид олноороо гадаад руу явж байна. Үүнд та ер нь үүнд хэрхэн ханддаг вэ?
-Буруутгах аргагүй. Гэхдээ чадварлаг хүмүүс маань гадагшаа явчихаар цирк маань нэг хэсэг эзгүйрсэн л дээ. Харин одоо тэд маань улам чадваржиж, туршлагажаад эх орондоо эргэн ирж, циркийн урлагийг Монголдоо хөгжүүлж байна. Тэгэхээр бас гадаад руу явсны гавьяа ч бас байгаа биз. 
 
-Тайзан дээр нулимс унагаж байсан үе бий юу?
-Тайзан дээр гаралгүй удаан завсарласны дараа тоглолтонд гарах тун урамтай. Заримдаа хийдэг юмаа чадахгүй үе хүртэл байдаг л даа. Гэвч тайзан дээр гармагц бие хөнгөрч, урам зориг ороод, өөрөөсөө гарах бүхнийг гаргаж чаддаг. Тэгэхээр цирк намайг хөглөдөг юм болов уу. 
 
Эх сурвалж:

Санал болгох

Сэтгэгдэл

top