|

Европын гүрнүүд Венесуэлийн ерөнхийлөгч Николас Мадурод тулган шаардлага хүргүүллээ

saikhnaa 2019/01/28 331 0

Европын гүрнүүд Венесуэлийн ерөнхийлөгч Николас Мадурод тулган шаардлага хүргүүллээ

Хоёр удирдагчтай болоод байгаа Венесуэль улсын хувь заяа дэлхий нийтийн анхаарлын төвд байна.

Өнгөрсөн долоо хоногт өөрийгөө Венесуэлийн ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгчээр зарласан сөрөг хүчний удирдагч Хуан Гуайдог хүлээн зөвшөөрөх эсэх асуудлаар НҮБ-ын аюулгүй байдлын зөвлөл тун удахгүй шийдвэр гаргах гэж байгаа.

Уг хуралдааныг АНУ-ын хүсэлтээр зохион байгуулж байна.

Тэгвэл өчигдөр Европын Холбооны гол гишүүн орнууд болох Испани, Франц, Герман улсууд Венесуэлийн ерөнхийлөгч Николас Мадурод хандаж, тулган шаардалт хүргүүлжээ.

Уг шаардлагын дагуу Мадуро найман өдрийн дотор Венесуэльд ил тод, нээлттэй сонгууль явуулах ёстой. Хэрвээ ингэхгүй бол сөрөг хүчний Хуан Гуайдог эдгээр гурван улс Венесуэлийн хууль ёсны удирдагчаар хүлээн зөвшөөрөх ажээ.

Одоогоор Гуайдог АНУ, Канад, Өмнөд Америкийн ихэнх орнууд хүлээн зөвшөөрөөд байгаа.

28 гишүүн оронтой Европын Холбоо Венесуэлийн асуудлаар нэгдсэн байр сууринд хүрч чадахгүй байгаагаас дээрх гурван улс тусдаа мэдэгдэл хийсэн нь энэ юм.

Тухайлбал тус холбооны гишүүн орнуудаас Австри, Грек, Португаль улсууд Хуан Гуайдог шууд хүлээн зөвшөөрөхийг хүсэхгүй байгаа.

Грекийн эрх баригч Сириза намын ерөнхий нарийн бичгийн дарга Панос Скоурлетис Венесуэлийн хууль ёсны удирдагч бол Николас Мадуро гээд түүнийг бүрэн дэмжиж байгаагаа саяхан илэрхийлжээ.

Эх сурвалж: AFP

https://ikon.mn/n/1hmh

Санал болгох

Сэтгэгдэл

top