|

“Чоно борооноор” буюу хуульчдынхаа амыг барих гэсэн Хуулийн сайдын "хулгай"

batdorj 2019/02/04 495 0

 

ЖДҮ болон 60 тэрбумынхан парламентын танхимын хоёр талд гараа бие биенийхээ гэдэс дотрыг гаргаж байх хооронд энэ хэрүүлээс хамгийн их "ашиг хийсэн” хүн Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж болов. Манайхны олонхи нь ЖДҮ болон 60 тэрбумынхны дээлийн захыг мушгин "үхэх сэхэхээ” үзэж байх зуурт Ц.Нямдорж сайд Монголын ардчиллын тулгуур багануудын нэгийг сэмхэн хөрөөдөж суув. Тэр нь Захиргааны ерөнхий хуулийн өөрчлөлт болон өнгөрөгч арванхоёрдугаар сард өргөн барьсан Өмгөөллийн тухай хуулийн төсөл.

Захирганы Ерөнхий хуулиьд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл нь бүхэлдээ Засгийн газар болон түүний харьяа байгууллагуудын гаргасан шийдвэр Захиргааны шүүхээр хянагдахгүй байхад чиглэсэн байдаг. Харин өмгөөллийн тухай хуулийн төсөл батлагдсан хуульчдын мэргэжлийн өөрөө удирдах байгууллага болох Хуульчдын холбоог татан буулгаж, хуулчьийн лицензийг Хуульчдын холбоо бус, Хууль зүйн дотоод хэргийн яам олгохоор зохиуулсан байгаа.

Түүх ингэж эхэлсэн

Одоогоос таван сар гаруйн өмнө буюу 2018 оны долдугаар сарын 27-нд Монголын хуульчдын холбоонд "Монгол даатгал” компаниас нэгэн бичиг ирсэн байна. Уг албан бичигт Монгол даатгал ХХК болон Монголын өмггөөлөлчдийн холбооны хооронд санхүүгийн түрээстэй холбоотой маргаан үүсээд байгаа тухай мэдэгдээд уг асуудлыг эв зүйгээр зохицуулж өгөхийг Хуульчдын холбооноос хүссэн байдаг. Монголын өмгөөлөгчдийн холбоо гэдэг нь Монголын хуульчдын холбоог байгуулагдахаас өмнө байсан, Монголын хуульчдын холбооны гишүүдийн нэг хэсэг болох өмгөөлөгчдийн эрх ашгийг хамгаалах үүрэг бүхий ашгийн бус байгууллага л даа. Өмгөөлөгдөөсөө авсан татвараар дарга нар подхийтэл амьдраад байсан шиг байгаа юм. Тэрэндээ эрдээд 2007 оны есдүгээр сард "ирээдүйн орлогоо” барьцаалах замаар "Жигүүр гранд” компанид 50 сая төгрөгийн урьдчилгаа төлж, 300 м.кв байр худалдаж авсан байдаг юм. 

Гэтэл дараа нь УИХ-аар Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль батлагдаж, хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааг Хуульчдын холбоонд харьяалуулснаар Өмгөөлөгчдийн холбоо татан буугдсан. Өмгөөлөгч нар бусад хуульчдын нэг адил Хуульчдын холбоонд харьяалагдаж, татвараа төлж эхэлсэн. Эндээс эхлээд барилгын худалдагч, худалдан авагч хоёрын хооронд өр авлагын маргаан үүсч, Өмгөөлөгчдийн холбоо төлбөрийн чадваргүй, тэр ч байтугай үйл ажиллагаа явуулах эрх зүйн чадамжгүй болсны улмаас нөгөө 300 м.кв байрыг нь "Монгол даатгал” компани худалдаж авсан байдаг юм. Тэгээд хуучин Өмгөөлөгчдийн холбооны нөхөдтэй санхүүгийн түрээсийн гэрээ байгуулж, өмгөөлөгчдийн мэргэжлийн хариуцлагын даатгалыг "Монгол даатгал” компанид төлүүлэхээр "харилцан ашигтай” тохиролцоо хийсэн байна.

Гэвч мэдээж энэ нь ч гэсэн боломжгүй болсон. Шинэ хуулийн орчинд Өмгөөлөгчдийн холбоо хуулийн дагуу татан буугдсан тул холбооны нэрээр өмгөөлөгчдийн мэргэжлийн хариуцлагын даатгалыг татан төвлөрүүлэх боломжгүй болсон хэрэг. Үүнээс хойш 2009, 2010, 2016 онуудад "Монгол Даатгал” ХХК Монголын өмгөөлөгчдийн холбоо (албан ёсоор бол аль хэдийн байхгүй болсон байгууллага)-ноос удаа дараа гэрээний үүргээ биелүүлэхийн шаардсаар ирсэн ба өнгөрөгч долдугаар сард арга буюу Монголын хуульчдын холбоонд хандаж, уг өр төлбөрийг зохицуулж өгөхийг хүссэн байна.

Нэг ёсондоо "Монголын өмгөөлөгчдийн холбоо” гэх огт байхгүй болсон байгууллагын нэр дээр "залилан” маягийн зүйл хийж ирсэн хэсэг бүлэг хүний булхай ингэж ил гарчээ. 

Хуулийн сайдын "хулгай"

Харин араар нь Хууль зүйн дотод хэргийн сайд Ц.Нямдорж Өмгөөлөгчдийн холбоог дахин байгуулах зорилготойгоор Өмгөөллийн тухай хуулийн төслийг өнгөрөгч арванхоёрдугаар сард УИХ-д өргөн мэдүүлсэн байна. Мөн хуулийн төсөлтэй хамт,

-Өмгөөллийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай,

-Зөрчил шалган шийдвэрлэх тухай, Эрүүгийн хэрэг шалган шийдвэрлэх тухай,

-Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай,

-Захирганы хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай болон зөрчлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдитйг хамтад нь өргөн барьсан байна.

Өмгөөллийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд Хууль зүй, дотоод хэргийн сайд маань Өмгөөллийн тухай хуулийг яагаад өргөн барих болсон шалтгаанаа тов доторхой заагаад өгчихсөн байна лээ. Товчоор хэлэхэд Монголын хуульчдын хамгийн "элит” хэсгийн төлөөлөл болсон өмгөөлөгчид бүгд Засгийн газраас хараат болж байгаа. Тухайлбал, хууль батлагдсаны дараа Өмгөөлөгчдийн холбоог байгуулах ажлыг хууль зүйн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага (Хууль зүй дотоод хэргийн яам) байгуулна. Хуульчдын сонгон шалгаруулалтыг Хууль зүйн яам зохион байгуулж, лиценз олгоно. Хуульчдын шалгалт өгч лиценз авсан өмгөөлөгчдийн бүртгэлийг Улсын дээд шүүх Өмгөөлөгчдийн холбоонд хүргүүлнэ гэх мэтчилэн.

Өөрөөр хэлбэл, Хууль зүйн дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийн байгуулсан Өмгөөлөгчдийн холбоонд Монголын бүх өмгөөлөгчийг шилжүүлээд түүгээр дамжуулан эрх мэдлээ тогтооно. Хууль зүйн яамнаас лицензээ авч байгаа хуульчид Засгийн газрын эсрэг дуугарч чадах уу?

Х.Тэмүүжиний хэлснээр Засгийн газрын өмнөөс "ам ангайх” нэг ч өмгөөлөгч үлдэхгүй гэсэн үг. Юун нөгөө Засгийн газрын алдаатай шийдвэрийг Захирганы шүүх хянадаг байх, хохирсон иргэдийн эрх ашгийг хараат бус шүүхээр хамгаалах энэ тэр.

Долдугаар сарын 1-ний хэрэг дээр цагдаагийн суманд буудуулж амиа алдсан таван хүн, хилсээр хоригдсон 200 гаруй залуусын хэргийг шүүхээр оруулах болоход тэдний хэрэг дээр ажиллах өмгөөлөгч нэг ч өмгөөлөгч олдохгүй байсан гэж байгаа шүү дээ. Дандаа хүний эрхийн байгууллагууд өөрсдийн хуульчдаа гаргаж өмгөөлүүлсэн. Тийм л айдас хүйдэс бүхий дарангуй дэглэмийг тогтоох гэж Ц.Нямдорж сайд улайрч байна. Үүний дараа бид шударга, хараат бус шүүхийн тухай, хувь хүний эрх болоод төрийн үүрэг хариуцлагын тухай мөрөөдөж ч чадах уу?

Олзуурхууштай нь одоохондоо боломж байна. Хуульчдын холбоо гэдэг хараат бус мэргэжлийн байгууллагаас лицензээ авсан хуульчид Хууль зүйн сайдын энэ дарангуйллын эсрэг зогсох боломж байна. Сая "Ц.Нямдорж гэдэг хүнийг УИХ-ын даргаар томилж болохгүй ээ” гээд нэгдсэн шигээ хуульчдийн мэргэжлийн өөрөө удирдах байгууллагыг Хууль зүйн сайдын халаасанд хийж болохгүй гээд тэмцэх хэрэгтэй цаг үе ирж байна. Яг ЖДҮ эрхлэгч жиийн иргэдийн хууль ёсны эрх ашгийг хамгаалж хуульчид нэгдсэн шигээ.

Б.Сэмүүн

 

 

Санал болгох

Сэтгэгдэл

top