Эрх баригчид ард түмний өмч, шударга ёсыг тогтоох цаг нь болсон хэмээн уран үгэр уянгалуулан зарлаж байхад ард түмэн улс төрийн бүрэн шинэчлэл хийхгүй л бол шударга ёс худал зүйл хэмээн хашгирч байна.
Итгэл гэгч маш үнэтэй бэлэг, хямдхан хүмүүст битгий өг гэдэг. Өнгөрсөн сонгуулиар ард түмэн МАН-д итгэл үзүүлж үнэмлэхүй олонхи болгосон хэдий ч тэрхүү хүндтэй бэлгийг шороотой нь хутгаж шившгийн хөндий болчихсон. Тэдэнд итгэх ард түмний итгэл хэдийн алдарч улстөрд шинэ хүмүүсийг хүсэмжлэх болсон. Учир нь эрх баригчид хөнжилдөө хөлөө жийлцэж, хов живэнд хошуу нэмэрлэж суусаар гурван жилийг дуусгав. Бүрэн эрхийг хугацаа дуусахад ердөө жил хүрэхгүй хугацаа үлдчихээд байхад өнөөх л үлгэрийн далай шиг шударга ёс одоо л эхлүүлэнэ хэмээн ярьсаар. Зарим нь бүр өнөөдөр энэ бүхэн биелэгдчихлээ хэмээн зарлаж байна. Энэ ямар их зөрчил вэ? Эрх баригчдын амаар ертөнц хувирахгүй нь даана ч харамсалтай.
Даргын биш хуулийн засаглал тогтчихлоо хэмээн тэд тэнхээ мэдэн орилж байх зуур байх зуур ард түмэн эрх мэдэлтнүүдэд хууль үйлчлэхгүй байгааг нэгэн дуугаар шүүмжилж байна. Аливаа орны эрх баригчдын хамгийн том алдаа бол ард түмнийг усан тэнэг гэж боддог явдал гэдэг. Улс төрчдөд хууртаж, ашиглуулдаг байсан цаг хэдийнээ ард үлдсэн. Шударга ёс хэмээх хүн төрөлхтний үнэт зүйлийг монголын хөрсөнд нутагшуулах хүндтэй үүргийг эрх баригчид биелүүлж чадсангүй.
Өнөөдөр тэд нэгэнт бүтээж чадаагүй учраас худал ярьж, хууран мэхлэх үе шатандаа оржээ. Хаа сайгүй л нэгнийхгээ унагааж нөгөөхөө өөд нь татах гэсэн худал уриа, лоозонг урьтал болгон хашхирч байна. Уриа лоозонгоор шударга ёс биелэхгүй нь харамсалтай. Эрх баригчдын "хугацаа” жил жилээр биш харин өдөр өдрөөр тоологдож эхэлсэн байхад тэд өнөөдөр юу ч мэдэхгүй бас юу ч чадахгүй гэдэг нь тодорхой болжээ. Хүсэл байвч нэгэнт мэдлэггүй учраас хоосон ярихаас хэтрэхгүй.
Тэд "мэдэхгүй”, "чадахгүй” гэдэг энэ гарцаагүй үнэнд ялагдах болно. Философи, онолоос дэндүү гадуур улс төр хийх гэж оролдоод өнөөдөр үнэний өмнө сөхөрч байна. Тэдэнд боловсрол дутагдаж байна. Тэдэнд улс төр, нийгэм, эдийн засгийн онол дутагдаж байна. Тиймдээ ч өнөөдрийг хүртэл цаг аргацаасан улс төр хийсээр байна. 20 жилийн өмнө Социализм ёстой муухай, ардчилал бол илүү сайхан гэж байсан боловч өнөөдөр манай нийгмийн бараг тал хувь нь социализмаа хүсч байна. Яагаад гэвэл тэнд шударга ёс, тэгш эрх байжээ. Харин хүний эрх, эрх чөлөө хязгаарлагдмал байсан ч хүмүүс илүү хангалуун амьдарч, нийгэм амар амгалан байжээ.
Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УИХ-ын дарга Г.Занданшатар нарт улс орноо аваад явчих мэдлэг дутагдаж байна. Ерөөсөө өнөөдрийн төр засгийг МАН, АН аль аль нь хямралаас гаргаж, улс орныг хөгжилд хүргэж чадахгүй гэдгийг өнгөрсөн 20 жилийн түүхээсээ харж болох юм. Ямартай ч өнгөрсөн хугацаанд молги өмхүүлсэн МАН-аас ард түмэн залхаж дууслаа.
Б.Учрал