|

УЛСЫН ТУСГААР ТОГТНОЛЫГ УЛАНДАА ГИШГЭСЭН ДЭД САЙД

munkhbat 2019/02/26 413 0

УЛСЫН ТУСГААР ТОГТНОЛЫГ УЛАНДАА ГИШГЭСЭН ДЭД САЙД

 

ШХАБ-тай холбоотой асуудал нийгэмд нэлээд хүчтэй яригдах боллоо. Улстөрч, эрдэмтэн судлаачид байр сууриа илэрхийлж элсэх нь зөв, буруу хэмээн цэц булаалдаж эхэллээ. Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж ч энэ давалгааг тэргүүлж, үзэл бодлоо илэрхийлсээр байна. Санаатай, санамсаргүй мэдээлэл нийгэмд тарж аргаа барахдаа ГХЯ мэдэгдэл гаргаж, дэд сайд нь  байр сууриа илэрхийлж ярилцлага өгчээ. ГХЯ ШХАБ-тай холбоотой асуудлаар байр сууриа илэрхийлэх нь зүйн хэрэг. Худал үнэн нь мэдэгдэхгүй мэдээлэл дунд төөрсөн олон нийтэд Монгол Улсын Засгийн газрыг төлөөлөх Гадаад харилцааны яамны байр суурь тун чухал байв.

Гэвч ГХЯ-наас тараасан дэд сайд Б.Батцэцэгийн ярилцлага ШХАБ-аас ч илүү эрсдэлтэй нөхцөл байдлыг нийгэмд үүсгэж болохоор байна. "Хоёр хөрш биднийг эрхшээлдээ оруулъя гэвэл ШХАБ-аар дамжуулах хэрэггүй” гэх гарчигтай түүний ярилцлага Монголын тусгаар тогтнол, бүрэн эрхэт байдлыг үгүйсгэж, доромжилсон өнгө аястай болжээ. Мэргэжлийн дипломатч байтугай Монгол Улсын жирийн иргэд нь илэрхийлж чадахгүй тийм үг өгүүлбэр дэд сайдын ярилцлага дунд яваа нь харамсалтай. Эх сурвалж: Гадаад харилцааны яам гэсэн энэхүү ярилцлагад "Хоёр хөрш гүрэн маань биднийг эрхшээлдээ оруулъя гэж үнэхээр бодож байгаа бол ШХАБ-аар дамжуулах хэрэггүй. ШХАБ-тай ШХАБ-гүй үүнийгээ хэрэгжүүлэх боломжтой улсууд. Харин ч том тоглогчтой хоёулхнаа байх тохиолдолд шахалтад орох магадлал байдаг” гэж мэдэгдэв.

Ийнхүү эх орноо бусдын эрхшээлд ороход бэлэн гэх мэдэгдэл хийж, олон нийтэд тарааснаараа Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг албан тушаалаасаа огцрох болзлоо хангачихлаа. Б.Батцэцэгийн өөрийн үзэл баримтлал энэ юм бол тэр нэн хариуцлагатай энэ албан тушаалд тэнцэхгүй гэдгээ баталж байгаа юм. Мөн Засгийн газрын тухай хуулиар дэд сайдын эрх, үүргийг тодорхой зааж өгсөн байдаг. Салбарын сайдыг эзгүйд төлөөлөх эрх дэд сайдад байх бөгөөд энэ эрхээ Б.Батцэцэг сайд хэрэгжүүлсэн гэж ойлговол Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, цаашлаад Засгийн газар улс орны бүрэн эрхэт байдал, тусгаар тогтнолын асуудалд ийм л байр суурьтай байдаг гэж ойлгохоор байна.

Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин

Санал болгох

Сэтгэгдэл

top