|

“Хөгжлийн банкны хэрэг 2”-т холбогдсон улстөрчдийн нэр ил боллоо

munkhbat 2019/02/28 525 0

“Хөгжлийн банкны хэрэг 2”-т холбогдсон улстөрчдийн нэр ил боллоо

 

"…Төр хамгийн муу менежер” гэдэг үгийг 1990-ээд оны эхээр хувьчлалаас хөрөнгө туусан нэгэн ухаантан хэлсэн юм гэнэ билээ. Сүүлдээ тооны хүрд шиг хүн бүрийн тархинд үлдсэн байдаг юм.

Тэгвэл энэ үгийг бодит утгаар нь баталсан явдлууд сүүлийн үед шил дараалан гардаг боллоо. Төрийн нэрээр байгуулсан банк, төрийн өмчтэй үйлдвэрийн газрууд, төрийн хөрөнгөтэй тусгай сангууд дээр болж буй явдлаас үүнийг харж болно.

Эдгээрийн нэг нь Хөгжлийн банк болж байна. Хөгжлийн гээд л, их гоё нэр л дээ. Банк байгуулагдаж байх үед бүгдээрээ энэ банкаа түшээд стратегийн шинж чанартай том том төслүүдээ санхүүжүүлж, Монгол Улс маань хөгжөөд, дэвшээд баллаж өгнө л гэж итгэсэн.

Хуулийг нь баталж, банкийг байгуулсан улстөрчид ч тэгж л ярьж байв.

Энэ бүхэнд итгэж харсаар даруй ес дэх жилийнхээ нүүрийг үзэв.

Гэтэл Хөгжлийн банкийг байгуулсан цагаасаа л улстөрчид, түүний ойрын хүрээнийхэн, Хөгжлийн банкны удирдлагууд хүртэл хөрөнгөөр нь өөрсдийгөө "хөгжүүлж” ирсэн байх юм.

Хөгжлийн банкны гэх хэрэг өнөөг хүртэл шүүхээр шийдэгдээгүй явж байгааг бид мэднэ. ЦЕГ, АТГ-ын хамтарсан ажлын хэсэг шалгаж шүүхэд шилжүүлсэн энэ хэрэгт Эдийн засгийн хөгжлийн сайд асан Н.Батбаяр, УИХ-ын гишүүн асан Б.Гарамгайбаатар, Эрчим хүчний сайд асан М.Сономпил, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Засаг дарга асан Э.Бат-Үүл, Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал асан Н.Мөнхбат нар холбогдоод байгаа. Тэдний холбогдсон хэрэг, завшсан, шамшигдуулсан хөрөнгийн хэмжээг олон нийт сайн мэдэж байгаа болохоор энд нурших нь илүүц биз ээ.

Харин тус банкнаас 2016 оны арваннэгдүгээр сарын 31-нийг хүртэл нийтдээ зургаан их наяд төгрөгийн зээл олгосны 3.2 их наяд нь улсын төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэй, 1.7 их наяд нь Хөгжлийн банкнаас шууд санхүүжүүлсэн, арилжааны банкуудаар дамжуулсан нэг их наяд төгрөг байдаг. "Чингис”, "Самурай” гэх мэт өрийн олон бичгийг гадаад зах зээлд гаргаж, маш их хэмжээний мөнгө цуглуулсан ч улсын нэг жилийн төсөвтэй тэнцэх шахам хэмжээний зээл эргэн төлөгдөх боломжгүй гэдгийг тус банкинд шалгалт хийсэн УИХ-ын ажлын хэсгийнхэн дүгнэсэн байдаг. Хамгийн ноцтой нь нийт олгосон зээлийн 70 орчим хувь нь эргэж төлөгдөхөөргүй байдалтай болсон байв.

Хөгжлийн банкны тухайд,

-Төсөл хэрэгжүүлэгч аж ахуйн нэгжүүдийн сонгон шалгаруулалт тодорхойгүй, зээл олголт холбогдох хууль журамд нийцээгүй, зээлийн эрсдэлийн ямар ч судалгаагүй байсан.

-Зээл авсан этгээд чухам юунд хэрхэн зарцуулж байгаад гүйцэтгэлийн хяналт тавьдаг механизм алдагдсан.

-Барьцаа хөрөнгө нь барьцгүй, зээл эргэн төлөгдөх эх үүсвэр нь тодорхойгүй, зээлийг тэмдэглэхгүй явсаар өдийг хүрсэн.

-Хөгжлийн банкнаас санхүүжүүлэх төсөл, арга хэмжээг УИХ жил бүр Хаврын чуулганаараа батлах хуультай. Энэ хуулийг 2012 оноос хойш огт мөрдөөгүй.

-Хөгжлийн банкны бүтэц, зохион байгуулалтыг Засгийн газрын 2011 оны тавдугаар сарын 11-ний өдрийн 151 дүгээр тогтоолоор Актив-пассивийн удирдлагын, Зээлийн, эрсдэлийн удирдлагын болон Хяналт, захиргааны гэсэн үндсэн дөрөв, туслах 10 дэд нэгжтэй байхаар баталсан байдаг. Гэтэл тус банкны ТУЗ нь 2014 оны хоёрдугаар сарын 26-ны өдрийн тогтоолоор нийт орон тоог 168 болгон дураараа нэмэгдүүлсэн.

-"Чингис” бондын 1.5 тэрбум ам долларыг Хөгжлийн банкинд ам.доллараар байршуулаагүйгээс эргэн төлөлтийн нийт хүүгийн зөрүүнээс Засгийн газар 694 тэрбумын алдагдал хүлээж "Самурай” бондын иенийн ханшийн алдагдал гэхэд л 130 тэрбумаар хэмжигдсэн.

-Хөгжлийн банкны албан хаагчдын цалингийн зардал 2011 онд 373.8 сая төгрөг байсан бол 2015 оны жилийн эцсийн байдлаар 4.7 тэрбум төгрөг болж өсчээ.

-Хөгжлийн банк Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийг үйл ажиллагаандаа огт мөрддөггүй явж иржээ. Үүнд 2013 онд 233.2 сая, 2014 онд 198.5 сая, 2015 онд 27.6 тэрбум төгрөгийн шууд худалдан авалт тендер сонгон шалгаруулалтгүйгээр хийсэн.

Үүнээс гадна Хөгжлийн банкны удирдлагуудын шийдвэрээр  үр ашиггүй, хяналтгүйгээр албан тушаалтнуудын тансаглал, нэр бүхий байгууллага хувь хүмүүст зарцуулсан мөнгөний тоо хэмжээ толгой эргэм их байдаг юм.

Гэхдээ эдгээр УИХ-ын гишүүн, сайд, Нийслэлийн Засаг дарга асангуудын холбогдсон хэрэг нь Хөгжлийн банкнаас хөлжиж, хөгжсөн улстөрчдийн нэгдүгээр ээлжийнхэн болж таарав.

Учир нь Хөгжлийн банкнаас сүүлийн жилүүдэд 2016 оны сонгуулиас хойш шинээр авсан болон өмнө нь аваад дээрх хугацаанд яаж ийгээд сунгуулсан зээлүүдийн асуудал удахгүй сөхөгдөх гэж байна.

Яг одоогоор Хөгжлийн банкны албан тушаалтан албан тушаалаа урвуулан ашиглаж, УИХ-ын нэгэн эрхмийн хамаарал бүхий компанид аж ахуйн нэгжид 20 тэрбум төгрөгийг 55.6 сая ам.долларын хамт зээл болгож олгосон. Зар сурталчилгаа хийлгэхээр 3.1 тэрбум төгрөгийн гэрээ байгуулсан. Ашигт малтмалын ашиглалтын талбайг хууль бусаар нэмэгдүүлсэн. Нэр бүхий компанид илт давуу байдал олгосныхоо хариуд хахууль авсан зэрэг асуудалд холбогдоод АТГ-т шалгуулж байгаа тухай мэдээлэл байгаа юм. Ер нь бол Хөгжлийн банкныхны сүүлд олгосон зээлүүдийн ихэнх нь уул уурхайн компаниуд, тэр дундаа улс төрд нөлөө бүхий эрхмүүдийн компани хувийнхаа дэд бүтцийг сайжруулахын тулд зээл авсан болох нь баримтуудаас шууд харагдаж байна.

Түүнчлэн албан тушаалын нөлөөллөө ашиглан Хөгжлийн банкнаас зээл авсан улстөрчид, түүний хамаарал бүхий компаниудын нэрс тодорч эхлээд байна.

Тэд "Хөгжлийн банкны хэрэг-2” хавтаст хэрэг нээлгэнэ гэсэн үг. Мэдээж хэрэг, компани аж ахуйн нэгжийнхээ нэр дээр зээл авч, түүнийг хуулийн дагуу хэмээн тайлбарлаж таарна. Гэвч зээл нь чанаргүйдэж, түүнийг нь шалгаад үзэхээр өмнөх буюу "Хөгжлийн банкны хэрэг 1”-ийн үед гарч байсан зөрчлүүд дахин давтагдсан байгаа юм.

Тиймээс эдгээр улстөрчдийн, улстөрд нөлөө бүхий эрмүүдийн Хөгжлийн банкнаас ямар нэг аргаар авсан зээлийн талаар, түүний ангилал, зарцуулалтын тухайд "Зууны мэдээ” олон нийтэд дэлгэрэнгүйгээр зарлан мэдээлэхээр болсон юм.

Үргэлжлэл бий…


Б.ДАМДИН-ОЧИР

Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин

Санал болгох

Сэтгэгдэл

top