|

МҮХАҮТ, О.Амартүвшингээс юу хүлээх вэ?

saikhnaa 2019/03/01 612 0

Монголын бизнесийн байгууллагуудын хамгийн том байгууллага болох МҮХАҮТ-ын шөнө дөл хүртэл хуралдаж, шинэ ерөнхийлөгчөө сонголоо. ээлжит 20-р их хурал өчигдөр шөнө дөл болтол үргэлжилж, тус танхимын Удирдах зөвлөлийн дарга бөгөөд ерөнхийлөгчөөр UFC группийн эзэн О.Амартүвшинг сонголоо.

Бизнес эрхлэгчдийн хувьд хамгийн том бас ч үгүй хөрөнгө чадалтай, нэгэнт үйл ажиллагаа нь тогтворжсон, магадгүй Монголдоо хамгийн том энэхүү төрийн бус байгууллагын Ерөнхийлөгчид бас л Монголын томхон бизнемсэнүүд болох өмнөх ерөнхийлөгч "Урбанек”-ийн Б.Лхагважав, "UFS”-ийн О.Амартүвшин, "ХАС”-ын гэгддэг Ч.Ганхуяг, "Буян”-гийн Б.Жаргалсайхан, "Өгөөж”-ийн С.Түмэнгэрэл нар өрсөлдсөнөөс С.Түмэнгэрэл нэрээ татаж О.Амартүвшин, Б.Лхагважав, Ч.Ганхуяг, Б.Жаргалсайхан нар өрсөлдсөн. Харин О.Амартүвшин хамгийн олон буюу 259 санал авч ирэх дөрвөн жил тус танхимыг удирдах боллоо. Санал хураалтад Б.Лхагважав 127, "Хас”-ын Ч.Ганхуяг 73, Б.Жаргалсайхан 25 санал тус тус авсан байна.

"UFC” группийн ТУЗ-ийн дарга О.Амартүвшингийн хувьд танхимтай хориод жил хамтран ажиллаж байгаа бөгөөд МҮХАҮТ-ын ерөнхийлөгчид хоёрдох удаагаа өрсөлдсөнөөр ялжээ. Тэрбээр МҮХАҮТ-ын ерөнхийлөгчөөр сонгогдвол танхимыг маш том судалгааны институци болгож, стратеги судалгаа хийдэг, зах зээлээ судалдаг, эдийн засгийн орчноо танддаг байх байгууллага болгох зорилтыг тавина гэдгээ өмнө нь мэдэгдэж байсан юм. Өмнөх ерөнхийлөгч Б.Лхагважавын хувьд татварын өршөөлийн хуулийг санаачилсан, өдгөө хүн болгоны мэдэх болсон НӨАТ-ын буцаан олголтын системийн санаачлагчдын нэг гэхчилэн татварын шинэчлэлийн талаар чамгүй алхам хийсэн, улс төр эдийн засгийн талаар байр сууриа чөлөөтэй илэрхийлдэг, олны танил болсон эрхэм.

О.Амартүвшингийн хувьд бизнесийн гялалзсан түүхтэй, Улаанбаатар хотын худалдааны танхимын гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан. Ийн эрч хүчтэй залуу МҮХАҮТ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдлоо. Дээр өгүүлсэнчлэн МҮХАҮТ-ын хувьд хөрөнгө санхүү, бүтэц үйл ажиллагааны асуудал бараг үгүй. Харин  Монголын бизнесмэнүүдийн хамгийн том байгууллагын хувьд бизнесийн орчинг таатай болгох, бизнес эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалах тал дээр дутуу ажилладаг гэсэн шүүмжлэл мэр сэр сонсогддог.

Үнэхээр ч Монголын шилдэг бизнесмэнүүдийг нэгтгэсний хувьд МҮХАҮТ нийгмийн хамгийн том дуу хоолой, түүчээ байж чадах учиртай. Тэр тусмаа эрх баригчдад итгэл алдраад байгаа энэ үед бизнесийнхий дуу хоолой хүчтэй бол маш өөрчлөлтийг хийх боломжтой. Бизнес эрхлэгчдийн боломжийг булаасан ЖДҮ-гийн хэргээс эхлээд, төрийн албан тушаалтнууд эрх мэдэл, давуу байдлаа ашиглан бизнест хүч түрж байгаа асуудлуудад хүчтэй сөрөх ёстой гэсэн хүлээлт бий болоод байгаа юм. Одоо О.Амартүвшин үүнийг хийж чадах болов уу?

А.Туяа

INFOMONGOL.MN

Санал болгох

Сэтгэгдэл

top