Энэ хаврын чуулганы анхаарлын төвд байгаа нэг хуулиийн өөрчлөлт бол Тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд оруулах өөрчлөлт болж байна. Ялангуяа ахмад настнуудын хувьд нэлээд хүлээлттэй байж мэдэх хууль. Гэхдээ Тэтгэврийн хуульд оруулах энэ удаагийн өөрчлөлт олон хүүхэд төрүүлж өсгөсөн гэсэн заалтаар наснаасаа эрт тэтгэвэрт гарсан эхчүүдэд хамаарч байгаа юм.
Өчигдөр Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг дэмжээд байгаа.
1991 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдөгдөж эхэлсэн Тэтгэврийн хуулийн 11 дүгээр зүйлд: "Төрүүлсэн болон 3 хүртэл настайд нь үрчлэн авсан 4 түүнээс дээш хүүхдээ 6 настай болтол нь өсгөж хүмүүжүүлсэн эхчүүд ...20-иос доошгүй жил ажилласан бол нас харгалзахгүйгээр тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй" гэсэн заалт байдаг.
Тэгвэл хуулийн энэхүү заалтаар залуу насны ид хийж бүтээх насандаа байгаа эхчүүд олноороо тэтгэвэрт гардаг болжээ. Тухайлбал, 1991 онд 32,8 мянган эх насны тэтгэвэр тогтоолгосон гэх баримт байна.
Хуулийн энэ зохицуулалтаар идэр насны эмэгтэйчүүд өөрөөс үл хамаарах шалтгаанаар хөдөлмөрлөх эрхээ эрт хасуулж, тэдний гэр бүлийнхний эрх ашгийг хохирооход хүргэсэн шийдвэр болсон хууль санаачлагчид үзэж буй аж.
Хөнгөлөлттэй нөхцөлөөр тэтгэвэр тогтоолгосон эхчүүдээс 3.6 мянга нь бүрэн тэтгэврийн доод хэмжээ /280,0 мянган төгрөг/-ний, 7,6 мянга нь 280,0-300,0 мянган төгрөгийн хооронд тэтгэвэр авч байна. Мэдээж, энэ бол хамгийн доод хэмжээ гэсэн үг.
Иймээс эдгээр эхчүүдийн тэтгэврийн асуудлыг тухайлан авч үзэж, ядахдаа тэтгэврийн дундаж хэмжээнд хүргэх нь энэ хуулийн нэг зорилго болж байна.
Хуулийн төсөл санаачлагчдын нэг УИХ-ын гишүүн Д.Оюунхоролын хэлж буйгаар улсын дундаж тэтгэврийг 342 мянган төгрөг гэж тооцож байх үед гаргасан судалгаагаар 18.6 мянган ээжийн тэтгэврийг улсын дундаж хэмжээнд хүргэнэ гэвэл сард 1.3 тэрбум төгрөг, жилд 15.6 тэрбум төгрөг шаардагдах тооцоо гарчээ.
М.Нэргүй