|

КАПИТАЛ БАНКНЫ ДАМПУУРЛЫГ ТАТВАРЫН МӨНГӨӨР БАРАГДУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭЖ БАЙНА

saikhnaa 2019/04/10 831 0

"Капитал" банкийг албадан буулгах шийдвэрийг өчигдөр  гаргасан. Энэ нь тус банкны харилцагчдад хүнд цохилт болоод байна. Өнөөдөр  "Капитал" банкны хадгаламж эзэмшигч, харилцагч нар тус банкийг зориход үүд нь хаалттай, цонхон дээрээ зарлалын шинжтэй мэдээлэл, мэдэгдэл наасан байлаа. 

Банк дампуурч, босч байдаг нь зах зээлийн жам. Гэхдээ КАПИТАЛ банкны хувьд жирийн нэгэн хувийн банк гэхээсээ илүүтэй УИХ-ын гишүүний хувь эзэмшилтэй банк. Энэ банкинд ЭМД-ын сангийн 131 тэрбум, НДС-ийн 109 тэрбум, ЖДҮС-ийн 51, Жайка олон улсын төслийн 12 тэрбум нийт 300 гаруй тэрбум төгрөг эргэлдэж байсан. Дээр нь нэмэгдээд олон мянган хадгаламж эзэмшигч, харилцагчдынх нь мөнгө нэмэгдэхээр энэ банкны дамдуурал улсад, ард түмний нуруун дээр хичнээн хэмжээний ачаа үлдээж байгаа нь ойлгомжтой. Хариуцлагыг нь хэн хүлээх вэ?

Ганцхан банкны чанаргүй зээл 80 хувьд хүрнэ гэж байхгүй! Хэрэв үнэхээр ийм байсан бол "Төв банк" ажлаа хийсэнгүйтэй холбоотой.  Үүнээс харахад бүх банк ийм үзүүлэлттэй байгаа, эсвэл бүх хог новшоо "Капитал"-д "үүрүүлж" устгах санхүүгийн гаршсан луйвар давтагдаж байна. "Монгол банк" луйварт оролцож байгаагийн нотолгоо энэ биш гэж үү.

Ер нь жижиг банкинд төрийн их мөнгө шахдаг систем манайд бий болсон. Дараа нь дампуурдаг хуультай боллоо. 
Томоохон банкууд болох Худалдаа хөгжил, Голомт, Хаан банкинд нийлээд 130 тэрбумыг Нийгмийн даатгалын сангаас өгчихсөн хэрнээ зах зээлийнхээ дөрвөн эзэлдэг КАПИТАЛ банкинд 220 тэрбумыг өгсөн байдаг.  

Одоо тус банкинд эргэлдэж байсан, байршиж байсан хэдэн зуун тэрбум төгрөгийг хаанаас яаж барагдуулах нь  асуултын тэмдэг үлдлээ. Тэгвэл одоо УИХ-ийн гишүүн Б. Ундармаа дахин татвар төлөгчдийн мөнгийг дампууруулж орхилоо. Тэр мөнгө бол татвар төлөгч бидний хөлс хүчээрээ бүрдүүлсэн татварын мөнгө. Тиймд  хэн нэгэн улс төрч, эрх мэдэлтний дампуурлын эрсдэлийг ард түмэн халааснаасаа төлөх ёсгүй. "Жаст"-ын Ш.Батхүү ч тэр УИХ-ын гишүүн Б.Ундармаа нар үүнийхээ төлөө ард түмнээс уучлал гуйх ёстой. Хэн нэгний өрийг төлж, өөр нэгний банкинд байршуулан дампуурсан нэрээр хийсгэх эрх ямар ч мэдэлтэнд үгүй.

Эх сурвалж: Моngolcomment.mn



Санал болгох

Сэтгэгдэл

top