|

Цус ойртолтоос аврах төмөр зам

batdorj 2019/04/16 512 0

 

 

Монголын төр байгалийн баялгаа тэр дундаа нүүрсээ хэрхэн зарах учраа олохгүй явсаар хэдэн арван жилийг үдэж байна. Нүүрсээ хүрздэж, шланзаар зөөдөг Монголыг дэлхийн "хар алт”-ны зах зээлээс шахах өдрүүд айсуй. Австрали улсад болсон үерийг харж, баярлаж баясахаас өөрийг хийдэггүй биднийг дэлхий шоолдог. Өмнийн говьд үүссэн нүүрс тээврийн машины очерыг "дэлхийн хамгийн урт түгжрэл Монголын талд үүслээ” хэмээн шоглосон цаг саяхан.

Ингэж баалуулсан Монголын Засгийн газар нүүрсээ түгжрэлгүй тээвэрлэх нэг арга  олжээ. Тэр нь Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр зам тавих тухай Засгийн газрын шийдвэр. ҮАБЗ-ийн зөвлөмжийн дагуу Засгийн газар ийм шийдвэр гаргав.  Хэнийх нь толгой "хамуурсан” юм бүү мэд.

Бидэнд нүүрсэндээ зориулсан, гүйцээх ёстой төмөр зам бий. Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 267 км төмөр замд улсын 730 тэрбум төгрөгийг аль хэдийнэ зарлагадчихсан. Энэ төмөр зам 56.6 хувийн гүйцэтгэлтэй. Хар ухаанаар бол хайрга асгаад, дэр мод тавин төмөр замаа байрлуулан угсрахад үлдэгдэл 43.3 хувь нь бэлэн болох зам. Тэгвэл яагаад 50-иас илүү хувийн гүйцэтгэлтэй замаа хойш тавьж, ор мөргүй байгаа хөндлөн замыг тавихаар болов? Тавантолгойн нүүрсийг Гашуунсухайтыг чиглэсэн 267 км замаар бус Зүүнбаянгаар дамжуулан 414 км явуулах шаардлага юунд оршино вэ?

Олон нийтийн асууж, эдийн засгийн салбарынхныг эргэлзээнд оруулсан энэ асуултын хариуг Уул уурхай хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар өгчээ. Тэрбээр өчигдөр болсон АмЧамын уулзалтын үеэр "Энэ зам нийгэмд өөрчлөлт бий болгож, хүмүүс аймаг дамжиж шилжиж, солилцоо бий болно. Цаашдаа хөндлөн замыг аль болох тавих хэрэгтэй, Дорнодоос Говь-Алтай чиглэлд ч юмуу. Цус ойртолт ихсэж байна гээд буй. Тэгвэл үүнд ч нөлөөлөх, улсын тусгаар тогтнолтой холбоотой, ач холбогдолтой зам” гэж Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын ач холбогдлыг тодорхойлжээ. Тэгэхээр Зүүнбаянгийн төмөр зам нүүрс тээвэрлэх зориулалттай бус Монголын хүн амыг цус ойртолтоос аврах удамзүйн ач холбогдолтой бололтой. Төрийн сайд өнөөдрийн нүүрс бус маргаашийн ирээдүйг харжээ.

Монголын нүүрс шахагдах уу

Монголын Засгийн газар хүрз жоотуу барьсан цэргүүдээрээ газар ухуулж байх хооронд нүүрсний экспорт биднийг тойрон одох бололтой. Бээжин хотод энэ сарын 10-11-нд болсон "Дэлхийн коксжих нүүрсний нөөц ба зах зээл” сэдэвт олон улсын чуулганд  ОХУ-ын Өмнөд Якут дахь Колмар компани оролцож, Хятадын коксжих нүүрсний зах зээл дэх байр сууриа бататган, Монголын нийлүүлэгчидтэй өрсөлдөнө гэж мэдэгджээ. Колмар компани бидний мөрөөдөл болгон ярьсан Владивастокоор дамжуулан нүүрсээ зарах гэнэ. Ингэхдээ 2018 онд 5 сая.тн байсан коксжих нүүрсний олборлолтоо 2019 оноос 10 сая.тн, 2022 он гэхэд 20 сая.тн болгон, эрс нэмэгдүүлж, Хятадын зах зээлд экспортлох төлөвлөгөөтэй байгаагаа танилцуулжээ. Энэ мэдээг "Дэлхийн коксжих нүүрсний нөөц ба зах зээл” олон улсын чуулганыг зохион байгуулагчдын нэг "Гложекс Консалтинг” компанийн захирал Л.Наранбаатар Бээжин хотоос авчирлаа. Тэрбээр цахим хуудсанаа "Колмар нь бүтээн байгуулалтаа маш хурдацтай хийсэн байна. Монголын коксжих нүүрсний зах зээлд гол өрсөлдөгч Австралид бороо ороход бид баярлаж суудаг хөг өнгөрчээ. Одоо жинхэнэ хүчтэй, улс төрийн нөлөөлөлтэй өрсөлдөгч (ОХУ) бидэнд жинхэнэ бодит аюул занал учруулж байна!!!

Биднийг Тавантолгой-Гашуунсухайтын төмөр замаа гацааж, шал хэрэггүй, зах зээлгүй, тээвэрлэх ачаагүй, өртгөө нөхөх тооцоо, ТЭЗҮ-гүй Зүүн баянгийн 420 км төмөр замыг цэрэг, жоотуугаар балбаж суух зуур зах зээлгүй болох нь ээ! Тэр цагт Таван толгой ч тэр, төмөр зам ч тэр хэрэггүй хог болно. Сэрээч!” хэмээн бичжээ.

Мөн тэр Колмар компанийн гүйцэтгэх захирал Лилия Вёрнлия нь Монголд дөрвөн жил ажиллаж, амьдарсан. Монголын нүүрсний зах зээл, улс төрийг маш сайн судалсан гэх мэдээг ч дуулгалаа.

Эхний ээлжинд гэж эрэмбэлсэн Зүүнбаянгийн төмөр зам хэзээ ашиглалтад орох нь тодорхойгүй. ТЭЗҮ ч байхгүй учраас Засгийн газар хугацаа хэлж чадахгүй. Тэгэхээр биднийг төмөр замаа цаасан дээр барьж байх хооронд хоёр хөрш холбоо сүлбээгээ бататгаж, Хятадын нүүрсний зах зээлийг Оросын Колмар эзэлж болзошгүй нь. Тэр цагт Тавантолгойн уурхайгаас жилд 60 сая тонн нүүрс экспортлох тооцоолол маань мөрөөдөл болон үлдэх вий.

Харин дараагийн удаад гэж хойш тавигдсан Тавантолгой-Гашуунсухайтын замыг 2021 он, Хятадтай тохиролцож чадвал 2020 онд ашиглалтад оруулна гэж Засгийн газар мэдээлжээ. Ихэнх хувь нь хийгдсэн учраас хугацаа хэлэхэд нааштай байсан нь мэдээж. 50 хувь нь "боссон” Гашуунсухайтын төмөр замаа хугацаанд нь дуусгаж, Хятадын нүүрсний зах зээлд өрсөлдөх чадвараа бэхжүүлвэл Монголд ашигтай баймаар. Гэвч ҮАБЗ-ийн гурван хүн, Засгийн газрын 15 гишүүн юу бодож ийм шийдвэр гаргасныг таахад хэцүү. Тэд Монголыг хорлохыг хүсээгүй байлтай.

М.Болд

Эх сурвалж: Shuud .mn

 

Санал болгох

Сэтгэгдэл

top