|

ХОМ: Дэд сайдын орлого хагас тэрбумд хүрчээ

batdorj 2019/04/17 603 0

АТГ-аас төрийн өндөр албан тушаалтнуудын ХОМ-ийг нийтэд ил болгоод удаагүй байна. Энэ удаад дэд сайдуудын ХОМ-ээс онцлон хүргэж байна.

2014 онд нэг дэд сайдын жилийн зардал 34.7 сая төгрөг байв. Тухайн үеийн Сангийн яамнаас Байнгын хорооны хуралдаанд оруулж ирсэн төсвийн тодотголоор бүх яамдын дэд сайдын орон тоог хасч, тэдний ажлын алба, жолооч автомашины болон холбогдох зардлыг хасахаар оруулж байлаа. Ингээд чуулганы хуралдаанаар орж дэмжигдэн 17 дэд сайдыг ажлаас "хусч", төсөвт хэмнэлт хийж чадсан. Гэтэл тун удалгүй засаг солигдож өмнөх шийдвэрээ цуцалснаар дэд сайд гэх албан тушаал дахин гарч ирсэн билээ.

Дэд сайд нарын сарын дундаж цалин 970 мянган төгрөг, жилийн нийт зардал 300 орчим сая төгрөг байдаг гэх мэдээлэл тухайн үедээ байв. Өнөөдөр 12 яаманд 12 дэд сайд байна. Тэдний хамгийн өндөр орлогтой нь буюу өөрийнх нь жилийн орлого 468 саяар хэмжигдэж байна.

ЭРЧИМ ХҮЧНИЙ ДЭД САЙД Т.ГАНТУЛГА БУСДААСАА ХАМГИЙН ИХ ОРЛОГОТОЙ НЬ

Тодруулбал, Эрчим хүчний дэд сайд Т.Гантулга-ын жилийн орлого 468 сая төгрөг буюу хагас тэрбум хамгийн өндөр орлоготой дэд сайд аж.

ХНХ-ын дэд сайд С.Мөнгөнчимэг-ийн жилийн орлого 21 сая, харин гэр бүлийн орлого нь 74 сая төгрөг болжээ. Энэ нь өмнөх онуудтай харьцуулвал, өөрийн орлого нь 58 саяас 21 сая болтлоо буурч, харин гэр бүлийн орлого нь 12 саяас 78 сая болж өссөн байна. 250 сая төгрөгийн үнэтэй нэг орон сууцтай. 42 сая төгрөгийн үнэтэй Volkswagen,Touareg автомашинтай. 2015 онд 10 сая төгрөгийн 10 адуутай байсан бол 2016 онд 35 сая төгрөгийн 15 адуутай болж, харин 2017 онд 35 сая төгрөгийн 15 адуу, 2018 онд 60 сая төгрөгөөр үнэлэгдэх 30 адуу, 10 үхэр, 50 хонь, 50 ямаатай болжээ. 15 сая төгрөгийн үнэт эдлэлтэй. Банкинд 22 сая төгрөг хадгалуулсан. 9 сая төгрөгийн зээлтэй.

БОАЖ-ийн дэд сайд Ц.Батбаяр-ын жилийн орлого 79 сая төгрөг, харин гэр бүлийн орлого нь 39 сая төгрөг. Өмнөх онуудтай харьцуулвал өөрийнх нь орлого 10 саяас 79 сая, гэр бүлийн орлого нь 8 саяас 39 сая болж өссөн байна. 514 сая төгрөгөөр үнэлэгдэх 1 орон сууц, хоёр гэртэй. 15 сая төгрөгийн үнэтэй Mercedes Benz,C180 автомашинтай. Өнгөрсөн гурван жилийн хугацаанд 75 сая төгрөгийн Lexus,470, Mercedes Benz,C180 машинтай байжээ. 75 сая төгрөгөөр үнэлэгдэх 195 хонь, 48 үхэр, 70 ямаа, 3 хурдан удмын адуу, 7 адуутай. 35 сая төгрөгийн үнэт эдлэлтэй. Дотоодын банкинд 8 сая төгрөг байршуулсан. 200 сая төгрөгийн авлагатай. 40 сая төгрөгийн зээлтэй.

Сангийн дэд сайд Х.Булгантуяа-гийн жилийн орлого 31 сая төгрөг, гэр бүлийн орлого нь 51 сая төгрөг. Энэ нь өмнөх онтой нь харьцуулвал өөрийн орлого нь 65 саяас 31 сая, гэр бүлийн орлого нь 86 саяас 51 сая болж буурсан байна. 485 сая төгрөгөөр үнэлэгдэх хоёр орон сууц, нэг зуслангийн байшинтай. 75 сая төгрөгийн үнэтэй Toyota,Land Cruiser 80, Subaru, Outback автомашинтай. Дансандаа 15 сая төгрөгтэй. 70 сая төгрөгийн авлагатай.

Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг-ийн жилийн орлого 111 сая төгрөг, гэр бүлийн орлого нь 71 сая төгрөг. Өмнөх онуудтай харьцуулбал, өөрийн орлого нь 18 саяас 111 сая, гэр бүлийн орлого нь 17 саяас 71 сая болж өссөн байна. 121 сая төгрөгөөр үнэлэгдэх хоёр орон сууцтай. 30 сая төгрөгөөр үнэлэгдэх хурдан удмын 5 адуутай. 107 сая төгрөгөөр үнэлэгдэх үнэт эдлэлтэй. Дансандаа 150 сая төгрөгтэй. ВиЭсЭм ХХК, Монгол 999 Үндэсний нэгдэл ХК, Эрдэнэс Монгол ХК, ВиЭсЭм ХХК, Баялгийн хувь ХК, Азхур ХХК, Экопак монгол ХХК, Женко тур ХК, Монголын үнэт цаас хэвлэл ХХК, Мөнхийн үсэг ХХК-уудад хувь эзэмшдэг.

ХЗДХ-ийн дэд сайд Г.Элбэгсайхан-ы жилийн орлого 21 сая төгрөг, гэр бүлийн орлого нь 60 сая төгрөг. 920 сая төгрөгөөр үнэлэгдэх 3 орон сууц, нэг зуслангийн байшин, 1 авто гражтай. 100 сая төгрөгийн үнэтэй BMW,X-6 автомашинтай. Хадгаламжиндаа 274 сая төгрөгтэй. 97 сая төгрөгийн зээлтэй.

УУХҮ-ийн дэд сайд Д.Загджав-ын жилийн орлого 33 сая төгрөг, гэр бүлийн орлого нь 15 сая төгрөг. 4 тэрбум 250 сая төгрөгөөр үнэлэгдэх хоёр орон сууцтай. 460 сая төгрөгийн үнэтэй. Hummer,H2, Lexus,470, Lexus,LX 450, Lexus,LX 460, Lexus,570, Infiniti,FX35 автомашинтай. 118 сая төгрөгийн үнэт эдлэлтэй. Хадгаламжиндаа 423 сая төгрөгтэй.

ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Сауле-гийн жилийн орлого 21 сая төгрөг, гэр бүлийн орлого нь 75 сая төгрөг. Өмнөх онуудтай харьцуулвал, өөрийн орлого нь 9 саяас 21 сая төгрөг, гэр бүлийн орлого нь 49 саяас 75 сая болж өсчээ. 436 сая төгрөгөөр үнэлэгдэх хоёр орон сууц, нэг авто зогсоолтой. 31 сая төгрөгийн үнэтэй Lexus,RX 400 автомашинтай. 35 сая төгрөгийн 10 хонь, 2 адуу, 2 хурдан удмын адуу, 2 үхэртэй. 6 сая төгрөгийн үнэт эдлэлтэй. Хадгаламжиндаа 134 сая төгрөгтэй.

БХБ-ын сайд дэд Б.Мөнхбаатар-ын жилийн орлого 260 сая төгрөг, гэр бүлийн орлого нь 813 сая төгрөг. Өмнөх онтойгоо харьцуулвал жилийн орлого нь 59 сая төгрөгөөр, гэр бүлийн орлого нь 11 сая төгрөгөөр буурчээ. Нэг тэрбум 313 сая төгрөгөөр үнэлэгдэх 5 орон сууц, нэг зуслангийн байшин, үйлчилгээний зориулалттай 2 байр, 1 оффис, 2 авто гражтай. 40 сая төгрөгийн Kia,SORENTO автомашинтай. 140 сая төгрөгийн үнэт эдлэлтэй. Хадгаламжиндаа 105 сая төгрөгтэй ч 20 сая төгрөгийн зээлтэй.

ЗТХ-ийн дэд сайд Л.Халтар-ын жилийн орлого 199 сая төгрөг, гэр бүлийн орлого нь 22 сая төгрөг. 853 сая төгрөгийн үнэтэй 1 амины орон сууц, гурван орон сууц, нэг зуслангийн байшин, хоёр авто зогсоолтой. 10 сая төгрөгийн Ford,Escape автомашинтай. 135 сая төгрөгийн үнэт эдлэлтэй. Дансандаа 193 сая төгрөгтэй. 315 сая төгрөгийн авлагатай.

Эрчим хүчний дэд сайд Т.Гантулга-ын жилийн орлого 468 сая төгрөг, гэр бүлийн орлого нь 88 сая төгрөг. 760 сая төгрөгөөр үнэлэгдэх 1 амины орон сууц, хоёр орон сууцтай. 21 сая төгрөгийн автомашинтай байсан бол 60 сая төгрөгийн Mercedes Benz,ML350 автомашинтай болжээ. 400 сая төгрөгийн үнэт эдлэлтэй. Хадгаламжиндаа 867 сая төгрөгтэй.

Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн-гийн жилийн орлого 252 сая төгрөг, гэр бүлийн орлого байхгүй гэж мэдүүлжээ. 973 сая төгрөгөөр үнэлэгдэх хоёр орон сууц, нэг зуслангийн байшин, үйлчилгээний зориулалттай 4 байр, хоёр авто зогсоолтой. 60 сая төгрөгийн хоёр автомашинтай. 180 сая төгрөгийн зээлтэй.

Батлан хамгаалахын дэд сайд Т.Дуламдорж-ийн жилийн орлого 287 сая төгрөг, гэр бүлийн орлого нь 49 сая төгрөг. Өөрийн орлого нь 13 саяас 287 сая, гэр бүлийн орлого нь 26 саяас 49 сая төгрөг болж өссөн байна. 732 сая төгрөгөөр үнэлэгдэх 4 орон сууцтай. 50 сая төгрөгийн LEXUS 570 автомашинтай. 10 сая төгрөгийн үнэт эдлэлтэй. Дансандаа 18 сая төгрөгтэй. 120 сая төгрөгийн зээлтэй.

П.Урнаа

Эх сурвалж: Medee.mn

 


Санал болгох

Сэтгэгдэл

top