Японы эзэн хаан Акихитогийн сэнтийгээсээ буух ёслол, зан үйл өнөөдөр өглөөнөөс эхлэн үргэлжилж байна. Уламжлалт ёслолын хувцастай Акихито шинто шашны сүмд зочилж, хаан сэнтийгээс буух болсноо бурхдад уламжилжээ.
Энэ мэт цуврал зан үйлүүд үргэлжилсээр орон нутгийн цагаар 17:00 цагт 85 настай эзэн хаан ард түмэндээ хандаж сүүлчийн удаа үг хэлэх юм байна. Уг ёслолын үеэр Японы ерөнхий сайд Шинзо Абэ талархлын үг хэлнэ. Акихитогийн хаанчлалын хугацаа шөнө дунд өндөрлөж, ханхүү Нарухито шинэ эзэн хаанаар тодрох юм. Маргааш шинэ хааны сэнтийд залрах ёслолууд үргэлжилнэ. Энэ үеэр Нарухито үеэс үед уламжлагдаж ирсэн эзэн хааны илд, эрдэнэс, тамгыг хүлээн авах ажээ. Японы хаадын үе залгамжлал дэлхийд хамгийн урт үргэлжилсэнд тооцогддог. Нийтийн тооллын тавдугаар зуунаас эхэлсэн Японы хаант засаглалын түүхэнд 126 дахь эзэн хаан Нарухито болж байгаа юм.
Э.Сэмүүн
Эх сурвалж: Associated Press