Хөдөлмөрийн сайд С.Чинзоригтой ярилцлаа.
-Хөдөлмөрийн салбарыг толгойлох
болсноос хойш хийж буй таны эхний томоохон ажил Хөдөлмөр нийгмийн
зөвшилцлийн гурван талт хэлэлцээр болж байна. Энэ хэлэлцээрийн үр дүн,
ач холбогдлын талаар яриагаа эхэлье?
-Би ажлаа аваад
20 гаруй хонож байна. Энэ хугацаанд салбартаа тодорхой ажил хийж,
хэрэгжүүллээ. Тодруулбал, төрийн жинхэнэ албан хаагчдад олгодог
буцалтгүй тусламжийг шинэчлэн батлууллаа. Харин дараагийн ажил нь таны
хэлсэнчлэн Хөдөлмөр нийгмийн улсын гурван талт хэлэлцээр болж байна.
Ер нь хуулиараа төсөв батлахаас өмнө энэ хэлэлцээрийг хийх ёстой
байдаг. Гэтэл Засгийн газар огцорч, дараагийнх нь бүрдэх гэсээр одоо
эхэлж байгаа нь энэ. Хэлэлцээрийн хувьд хөдөлмөрийн харилцааны асуудлаар
Засгийн газар, Ажил олгогч эздийн нэгдсэн холбоо /АОЭНХ/, МҮЭХ-ны
төлөөлөл хийх ажлаа ярьж, нэгдсэн ойлголтод хүрдэг учиртай.
Энэ
утгаараа 2015-2016 оны улсын хэлэлцээрээр Засгийн газар дөрвөн багц
асуудлаар, 26 зорилтын хүрээнд АОЭНХ болон МҮЭХ- той зөвшилцөх ажлыг
эхлүүллээ. Ялангуяа хууль тогтоомжуудыг боловсронгуй болгохоос гадна
хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлж, ажлын байрыг хадгалах асуудал гол нь юм.
Мөн иргэдийн цалин хөлс болон бодит орлогыг одоогийн төвшнөөс
бууруулахгүй байх талаар ямар арга хэмжээ авах, гурван талт бүтцээ
боловсронгуй болгох, бие даасан байдлыг нь дээшлүүлэх гэсэн дөрвөн багц
асуудлын хүрээнд улсын хэлэлцээр эхэлж байна.
-Энэ
гурван талт хэлэлцээр долоо дахь жилдээ болж байна. Ер нь үр дүн хэрхэн
гардаг юм бэ. Үндсэн зорилгоо хэр биелүүлж чаддаг хэлэлцээр гэж та
дүгнэх вэ?
-Ерөнхийдөө энэ хэлэлцээрийг хийж байгаа
учраас талууд өөр өөрсдийн баримталсан бодлого, зорилгоо хэрэгжүүлэхийн
тулд нэгдсэн ойлголтод хүрч, үүнийгээ хэрэгжүүлэхийн тулд ажиллах
ёстой. Засгийн газрын хувьд АОЭНХ, МҮЭХ-ны өмнө хүлээдэг үүрэг нь
гурван талаар ойлголтод хүрсэн хууль эрх зүйн хувьд боловсронгуй болгох
асуудлыг Засгийн газартаа болон УИХ-аар оруулж батлуулах үндсэн үүрэг
хүлээдэг.
Түүнчлэн Засгийн газар төрийн албан хаагчдын хувьд
ажил олгогч учраас тэдний цалинг олгох, нэмэгдүүлэх гэх мэт үүрэг
хүлээдэг. АОЭНХ, МҮЭХ-ны зүгээс өөрсдийн хүрээнд нийгэмд тогтвортой
байдлыг хадгалах, аж ахуйн нэгж байгууллагын үйл ажиллагааг хэвийн
явуулах, улсад төлөх татварыг хугацаанд нь бүрэн барагдуулж байх гэх
мэт харилцан биенийхээ өмнө үүрэг хүлээдэг.
-Гурван
тал нэгдсэн шийдэлд хүрч чадаж байна уу. Тал бүр тийшээ хараад
суучихдаг гэх мэт шүүмжлэл гардагтай холбоотойгоор асууж байна л даа?
-Нэгэнт хэлэлцээр хийж байгаа гурван тал маань нийгмийн зөвшилцөл
явуулж байгаа нэг л арга хэлбэр шүү дээ. Тиймээс нэг онцлог нь гурван
тал өөрсдийн байр суурийг илэрхийлдэг ч нэгдсэн ойлголтод хүрэхийг
хичээдэг.
Нийгмийн хэмжээнд зөвшилцөл явуулж байгаа учраас
талууд биенийхээ байр суурьт хүндэтгэлтэй хандах учиртай. Аль болохоор
асуудлыг тал бүрээс нь авч үзээд ойлголцох нь чухал. Гэхдээ
ойлголцохгүй асуудал ч гарч болно. Энэ тохиолдолд ойлголцож байгаа
асуудлаа эхэлж шийдсэний дараа үлдсэнг нь нээлттэй үлдээснээр тал
бүрээс нь нухацтай авч үздэг туршлага ч бий.
-Та өмнө
нь энэ салбарт ажиллаж байсан туршлагатай. Багагүй хугацааны дараа
эргэн ирж байна. Ерөнхий зургаараа ямар яамыг хүлээж авав?
-Миний хувьд 2000-2008 онд энэ яаманд дэд сайдаар ажиллаж байсан. Ер нь
2000-2004 оны Засгийн газар хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх,
хөдөлмөрийн харилцааг боловсронгуй болгохтой холбоотойгоор гол хууль эрх
зүйн орчинг бүрдүүлсэн.
Тэр үед хөдөлмөр эрхлэлтийг
нэмэгдүүлэх хууль гаргаж, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх сан байгуулж
байсан, гадаадаас ажиллах хүч авах болон гаргах ажлын хууль эрх зүйн
орчныг энэ үед бүрдүүлсэн юм.
Энэ мэтээр хөдөлмөрийн салбарын
хууль эрх зүйн орчинг боловсронгуй болгоход гар бие оролцож байсан
хүний хувьд хууль эрх зүйн орчинтой танилцах гэх мэтэд цаг зарцуулах
шаардлага гарахгүй байгаа нь давуу тал болж байна.
Нөгөө
талаас энэ яамны ажлаас хөндийрснөөс хойш зургаан жил болсон байна.
Тэгэхээр өмнөх үетэй харьцуулах боломжгүй. Ерөнхийдөө хөдөлмөрийн яам
бие дааж байгуулагдсанаас хойш хийж бүтээсэн, амжилтад хүрсэн олон ажил
бий ч боловсронгуй болгож, сайжруулах ажил олон байна.
-Ер нь улсын хэмжээнд ажилгүйдлийн төвшин ямар байдалтай байна вэ?
-Ажилгүйдлийн төвшин 6.4 хувьтай байна гэсэн статистик гарсан. Энэ бол
тийм ч өндөр хувь биш. Гэхдээ бодит байдал дээр ажилгүйдэл багагүй
байна. Өнгөрсөн онд НДЕГ-аас гаргасан судалгаанаас харахад ажилгүйдлийн
даатгалын сангаас тэтгэмж авсан иргэдийн тоо өмнөх оноосоо хоёр дахин
нэмэгдсэн, ажилгүйдлийн тэтгэмжид зарцуулсан хөрөнгийн хэмжээ 2.5 дахин
нэмэгдсэн байна.
Энэ бол ажилгүйдэл өндөр байгааг харуулсан
үзүүлэлт. Нөгөө талаас 2014 онд хөдөлмөр эрхлэлтийн албанд 90 орчим
мянган ажлын байрны захиалга ирсэн байна лээ. Харин зуучилсан ажлын
байрны тоо 45 мянга байна. Тэгэхээр бид ажлын байрны захиалгын 50 хувьд
л үйлчилгээ үзүүлж байна гэсэн үг. Харин үлдсэн хэсгийг нь ажиллах
хүчээр хангаж чадахгүй байна.
Энэ бол хөдөлмөр эрхлэлтийг
нэмэгдүүлэх чиглэлээр бодит, чанарын ахиц гаргах шаардлага байгаагийн
илрэл. Түүнчлэн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үүднээс бий болгож байгаа
ажлын байрны дийлэнх нь түр ажлын байр байна. Тиймээс аль болохоор
иргэдийг байнгын, тогтвортой ажлын байраар хангах асуудал чухал. Үүнтэй
холбоотойгоор манай яаманд хэрэгжиж байгаа томоохон найман төсөл
хөтөлбөр бий.
Ялангуяа залуус, оюутнуудад бэлэн мөнгө өгч түр
ажлын байраар хангаж байгаа хөтөлбөрүүдийг эргэж харах зайлшгүй
шаардлага байна. Учир нь залууст бэлэн мөнгө өгч түр ажлын байраар
хангаж байхаар цагаар ажиллах нөхцөл боломжийг нэмэгдүүлж өгье цаашлаад
цагт хийсэн ажлынхаа хөлсийг тэр даруйдаа авдаг байх чиглэлээр
ажиллахаар төлөвлөж байна.
-Эдийн засгийн хямралтай үед
Хөдөлмөрийн яам ажлын байр нэмэхээс илүү одоо байгаа ажлын байраа
хэрхэн, яаж хадгалж үлдэх вэ гэдэг асуудалтай тулгараад байх шиг байна.
-Одоо байгаа ажлын байрыг хадгалж үлдэх, байгаа хэмжээнээс нь
бууруулчихгүй байна гэдэг маш чухал асуудал болоод байна. Тийм учраас
хөтөлбөрүүдийг нэгтгэж тэргүүлэх чиглэл рүү зарцуулах бодолтой байна.
Энэ хүрээнд ажлын байрыг хадгалах, ажилгүйдэлд өртөж болзошгүй иргэдэд
шинэ ур чадвар эзэмшүүлэх, шинээр аж ахуй эрхлэлт юмуу бизнес
эрхлэлтийн төслүүдэд хамруулах чиглэлээр байнгын ажлын байртай болгох
шинэ хөтөлбөр яаралтай боловсруулж, батлуулах шаардлагатай байна.
-УИХ
энэ оны төсвийн тодотголыг хэлэлцэж эхлээд байна. Төрийн албан
хаагчдыг 15 хувиар цомхотгохоор болоод байгаа Танай яамны хувьд төсвийн
тодотголоор ямар өөрчлөлт гарч байна вэ?
-Ямар ч
байсан улсын хэмжээнд төсөв санхүү хүндрэлтэй байна. Энэ утгаараа
манайх ч мөн төрийн захиргааны төв байгууллага учраас ямар шилжилтийн
горимд шилжиж ажиллахаар байна, үүнийг дагахаас өөр аргагүй.
Төрийн яам, агентлагуудын хэмжээнд орон тоог 15 хувиар цомхотгох
хүрээнд манай яамнаас 20 орчим хүн цомхотгож таарахаар байна. Нөгөө
талаас чиг үүрэг нь давхардаж байгаа зарим агентлагийг нэгтгэх чиглэл
гарсны дагуу манай яамны харьяа Хөдөлмөрийн бирж, Хөдөлмөр эрхлэлтийн
үйлчилгээний төв, Хөдөлмөрийн судалгааны институт гэсэн гурван нэгжийг
нэгтгэхээр төсвийн тодотголд санал оруулсан. Хэрвээ энэ асуудал нэг тийш
болбол шинэ зохион байгуулалтаар ажиллана гэсэн үг.
-Энэ гурван нэгжийг нэгтгэснээр мөнгөн дүнгээр хэр их хэмнэлт гарахаар байгаа вэ?
-Бидний урьдчилан тооцож байгаагаар 23 хүнийг цомхотгохоор байна.
Нийтдээ манай яам энэ гурван харьяа газар, төв аппаратаас 43 хүнийг
цомхотгохоор яригдаж байна.
-Хөдөлмөрийн биржийг бусад
нэгжтэй нэгтгэчихээр хүмүүсийг ажлын байраар хангах зуучлах үндсэн
үүрэг нь доголдох тал гарах юм биш биз дээ. Үүнийг ямар байдлаар
зохицуулсан бэ?
-Одоогийн хуулиар Хөдөл мөрийн сайдын
харьяанд ажилладаг агентлаг гэж байхгүй Харин хуульд заасан ганц бүтэц
нь Хөдөлмөрийн төв бирж. Дээрх гурван нэгжийг нэгтгэснээр Хөдөлмөрийн
биржийн үндсэн үйл ажиллагаа доголдож, алдагдах асуудал гарахгүй.
Харин эдгээр нэгжийг нийлүүлснээр Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний
үндэсний төв гэдэг байгууллага бий болох юм. Харин энэ байгууллага дотор
Хөдөлмөрийн бирж байхаар зохицуулалт хийж таарах байх.
-Цөөнгүй хүн цомхотголд өртөх юм байна. Тэдэнд ажлаас халагдсаны тэтгэмж олгох уу. Үүнийг ямар байдлаар шийдэх вэ
-Ажлын байрны цомхотголд орж байгаа хүмүүсийн хувьд төрийн захиргааны
албан хаагч бол Төрийн албаны тухай хууль төрийн үйлчилгээний албан
хаагч бол Хөдөлмөрийн тухай хуулиар асуудлыг зохицуулна. Тодруулбал,
төрийн захиргааны албан хаагч зургаан сарынхаа цалинтай тэнцэх хэмжээний
мөнгийг авах бол үйлчилгээний албан хаагч гурван сарынхаа цалинг
авдаг.
Цаашлаад ажилгүйдлийн даатгалын шимтгэл төлж байсан бол
ажлын 76 өдрөөр ажилгүйдлийн даатгалын сангаас тэтгэмжээ авдаг
хуулийнхаа дагуу л явна. Мөн шинээр бизнес эрхлэх гэх мэтээр ямар
байдлаар ажил амьдралаа болгох чадвар байгаад нь нийцүүлж дэмжлэг
үзүүлэх болно. Гэхдээ зөвхөн яамны харьяанд цомхотголд өртөж байгаа биш
нийтдээ цомхотголд хамрагдаж байгаа төрийн болон хувийн хэвшлийн
иргэдийн нийтлэг эрх ашгийн төлөө ажиллах шаардлага тулгарч байна.
-Эдийн
засгийн хямралтай холбоотой улсын хэмжээнд хэчнээн хүн цомхотголд
өртөхөөр байна вэ. Хөдөлмөрийн яам энэ асуудалд ямар байдлаар анхаарч
ажиллах төлөвлөгөөтэй байгаагаа танилцуулна уу?
-Засгийн газарт төрийн захиргаа, төрийн үйлчилгээ гэлтгүй бүгдийг нь 30
хүртэлх хувиар цомхотгоё гэдэг асуудлыг ярьсан юм. Хэрвээ ингэж
цомхотговол улсын хэмжээнд 12 мянган төрийн албан хаагч цомхотголд өртөх
аюул нүүрлээд байсан.
Харин эдийн засгийн хүндрэлтэй үед энэ
олон хүнийг ажилгүй болгохын оронд төрийн захиргааны төв байгууллагад
15 хувийн цомхотгол хийе, төрийн үйлчилгээ болон бусад байгууллагад
цомхотгол хийхээ больё гэж шийдсэн. Одоогийнхоор бол улсын хэмжээнд
төрийн албан хаагчдаас 1600 хүн цомхотголд өртөхөөр байна Цаана нь 10
мянган хүнийг ажилтай нь үлдээе гэж шийдсэн.
Ер нь төрийн
захиргааны байгууллага болон яамдад цомхотгол хийх хувь хэмжээ нь
адилхан байгаа. Гэхдээ тухайн байгууллагад хэчнээн ажиллаж байгаагаас
хамаараад хэдэн хүн ажилгүй болох нь тодорхой болох юм.
-Төсвийн
тодотголын хүрээнд төрийн албан хаагчид тэтгэвэрт гарахдаа авдаг
байсан 36 сарын цалинтай тэнцэх хэмжээний мөнгөнд өөрчлөлт оруулахаар
ярьж байна. 12 сар болгож бууруулах эсвэл ажилласан жилээр нь олгох
гэсэн хувилбарыг ярьж байгаа юм билээ. Таны хувьд аль хувилбарыг илүү
оновчтой гэж харж байна вэ
-Төрийн албаны тухай
хуулиар төрийн албан хаагчдад 36 сар хүртэлх хэмжээний буцалтгүй
тусламжийг нэг удаа олгох хуультай. Үүний дагуу төрийн захиргааны
жинхэнэ албан хаагчид олгох тусламжийг Засгийн газар баталдаг.
Үүнтэй холбоотойгоор өнгөрсөн оны 30-ны Засгийн газрын хуралдаанаар
журмыг нь шинээр батлуулсан. Үүний дагуу төрийн албан хаагчдад хамгийн
сүүлчийн сарын тэтгэмжийг боддог байсан бол хамгийн сүүлд хашиж байсан
албан тушаалынх нь гурван жилийн цалингийн дунджаар тэтгэмжийн хэмжээг
тооцдог болж байгаа. Нөгөө талаас төрийн захиргааны албан хаагчдын
цалинг 40 хувиар нэмэгдүүлж тэтгэвэрт тооцдог байсныг өөрчилж байна.
Ингэснээр төрийн захиргааны албан хаагчид улсад 10 жил ажилласан 10
сарын тэтгэмж, 20 жил бол 20 сарынх гэх мэтээр буюу төрд зүтгэсэн жилээр
нь тэтгэмж олгодог болж байгаа юм. Энэ нь төрийн албан хаагчдад
шударга зарчим гэж бид үзсэн.
-Уг нь Засгийн газрын
үндсэн үүргийн нэг бол жил бүр иргэдийнхээ цалин, тэтгэврийг тодорхой
хэмжээгээр нэмэх байдаг. Гэхдээ энэ жилийн хувьд эдийн засгийн
хүндрэлтэй байгаа учраас нэмэхээсээ илүү хасах танах бодлого барьж
байна л даа. Ер нь энэ жил цалин нэмнэ гэж хүлээх хэрэггүй гэж ойлгох
уу?
-Үе үеийн Засгийн газрын анхаарлын төвд байдаг
асуудал нь цалин нэмэх. Энэ ч утгаараа Засгийн газрын мөрийн хөтөлбөрт
жил бүр цалинг нэмэгдүүлэхээр тусгадаг. Гэхдээ улс орны нийгэм, эдийн
засгийн байдлаас болоод жил бүр нэмж чаддаггүй.
Тухайлбал,
2013 онд цалин нэмээгүй, харин өнгөрсөн онд бага хэмжээгээр нэмсэн
байдаг. Энэ оны төсөвт санхүүгийн нөөц боломж маш хязгаарлагдмал байгаа
учраас ний нуугүй хэлэхэд цалин нэмэх боломжгүй байгаа. Яг ийм
байдлаар төсвийн тодотгол орсон. Гэхдээ бид цалингийн санг нэмэгдүүлж
чадахгүй ч татварын хөнгөлөлт үзүүлэх замаар иргэдийнхээ орлогыг
бууруулахгүй байхыг бодож байна.
Цаашлаад төрийн албан хаагчдын
цалингийн сүлжээг боловсронгуй болгох замаар нэмэгдүүлэх, тухайн албан
хаагчийн ур чадвар, ажилласан жилээс хамаараад дотор нь ялгавартай
цалин авдаг байх боломжийг бүрдүүлэх. Төрийн байгууллагуудын орлого
олох боломжийг бүрдүүлж өгөх боломжийг хайж байна. Өөрөөр хэлбэл,
иргэдийнхээ орлогыг бууруулахгүй байх боломж байна гэж харж байгаа.
М.Өнөржаргал
Монголын үнэн сонин
|