|

НУУЦ АМРАГУУДЫН ТҮҮХ өгүүллэг

saikhnaa 2019/05/07 2837 0

Энэхүү захидлынхаа гол санааг эртхэн хэлье дээ. Аав маань намайг 12-той байхад гэрт маань байдаг байсан ээжийн маань хамаатны охинтой явалдаж билээ. Мэдээж тэр нь анхных бөгөөд сүүлийнх нь явалдсан хүүхэн байгаагүй. Гэхдээ төрсөн эгч шиг минь санаж байсан тэр бүсгүй амьдралд минь чөтгөр шуламж шиг хар, хор, үзэн ядалт, аймшигтай зовлон үлдээнэ гэж хэн төсөөлөх вэ дээ. Одоо би 30-тай, залуу. Бас эхнэр хүүхэдтэй. Аав маань тэр хүүхэнтэй амьдарна гэж ээжийг минь биднийг их зовоосон доо. Байнга л архи ууж, агсан согтуу тавьж дуртай үедээ ээжийг минь биднийг зодож нэг хэсэг л амьдралыг минь там болгосон доо. Нөгөө хүүхэнтэйгээ амьдрана гэсэн боловч амьдраагүй ээ. Эд хөрөнгө, эсвэл ажил амьдрал нь зулгаасан уу эсвэл бид нар байсан болохоор орхиж явж чадаагүй юу аав маань ямар ч байсан яваагүй.

Би эхээс олуулаа. Тоог нь хэлээд яахав гэхдээ олуулаа тусмаа л бүгд зовсон доо. Аавдаа эхлээд үг хэлж чаддаггүй байлаа. Бүгд л орой болгон бөнжигөнөтөл айгаад л хэзээ орж ирж агсан тавих бол зодох бол гэсэн хар дарсан өдрүүд өнгөрч билээ. Одоо бодоход ёстой сэрж чадахгүй хар дарсан зүүд шиг амьдрал байж билээ. Ээжийг минь ясыг нь хугартал цусыг нь урстал зоддог байсансан. Заримдаа аавыг хөдөө явсан үед бүгдээрээ инээд хөөртэй аз жаргалтай амьдардаг байж билээ. Айх айдасгүй. Аав ирээд агсан тавьсан үед дүү нар маань хувцасны шкафанд ороод нуугдчихдагсан, бүх юм дуусаж унтасных нь дараа очоод онгойлгохоор нүдэндээ нулимстай, чичирчихсэн сууж байдагсан. Аавыгаа их үзэн ядаж өсөж билээ, харин ээж маань аавыгаа үзэн ядаж харааж болохгүй яаж ч байсан чиний аав, миний хүү тэгэж нүгэлж хурааж болохгүй гэдэгсэн.

Заримдаа ч аавыгаа алаад хаячихмаар нэвширтэл нь зодчихмоор үе байсан гэхдээ ээжийг минь нэмж л зовооно доо би л зовлонгоо үүрье гэх ээжийгээ үгэнд сэтгэлээ барьдаг байж дээ. Ямар ч байсан ээж аав маань одоо хүртэл хамтдаа байна. Ээж маань зааж сургадаг байсан болоод тэр үү аавыгаа өдөр ирэх тусам үзэн ядах нь багасаж өрөвдөх нь ихсэх болж дээ. Учир нь амьдралдаа хийсэн үйлийн үрээрээ өнөөдөр үр хүүхдүүдийнхээ дунд ямар ч нэр хүндгүй, хэн ч аавтайгаа ярьдаггүй, бараг харьцаа байхгүй. Бүгд л хол хөндий амьдрахыг хичээдэг болж. Эрх биш цагаан сараар л очиж золгохоос бусад үед хол байхыг л хичээдэг болж дээ. Өөрийнхөө хийсэн үйлийн үр нүглийг мэддэг болохоор бидэнд юм хэлж чаддаггүй ээ. Бидэндээ одоо хонь шиг номхон л хүн байж байдаг. Хааяа ээжид уурлаж агсан тавьдаг л гэсэн гэхдээ чиний өөрийн чинь нүглийн үр гэхээр дуугай болдог гэсэн. Энэ бүх зүйл болоод бараг 20 жил болох нь ээ гэвч яагаад ч юм тэр бүх аймшигт зовлон, тамлал, уй гашуун хэзээ ч надаас холдон явдаггүй ээ.

Би одоо архи уучихсан согтуу хүн харахаараа өөрийн эрхгүй салгалаад л, хамаг бие чичрээд шууд л биеэ хамгаалах хэлбэрт шилждэг. Зүгээр гудманд согтуу хүн алхаж байхад алсаас хараад л мэддэг. Согтуу хүн байна. Холуур яв гэхээр найзууд маань гайхаад чи яаж мэдээд байнаа л гэдэг. Тийм болтолоо л зовж дээ. Бидний амьдралыг нус нулимс, цусанд хутгасан тэр бүсгүй нэг ханиа алдаж нөгөө ханьдаа зодуулж бас үр хүүхэд нь хорт хавдар тусаад их л зовж явдаг гэсэн. Тэр бүх зовлонг нь сонсохоороо хүнд үйлийн үр гэж үнэхээр байх юм даа л гэж бодогддог юм. Аргагүй дээ нялх үрс шөнөжингөө харааж хонодог байсан юм чинь. Төрсөн эгч шиг минь хүн биднийг тэгэж зовоосон гэж бодохоор зүрх сэтгэлийнхээ бүр гүндээ хараадаг байж ээ. Үйлийн үр эргэж ирсэн тохиолдол зөвхөн энэ ч биш миний мэддэг нэг хүүхэн нөхрөө хуураад л гүйгээд байсан, араар нь муулаад л тэгээд өөрөө хорт хавдар тусаад үс гэзгээ унатал шарлага хийлгээд л байж байна. Бас нэг эгчийг мэднэ. Нөхрөө их хуурсан даа. Одоо савны хорт хавдартай гээд өдөр шөнөө хүлээгээд сууж байна. Үйлийн үр төлөөс гэж заавал би тэр тусмаа нялх үрсийн нус, цусаар тоглосон бол өөдлөхгүй дээ.

Одоо ээж аавыгаа харахаар ямар ч аз жаргалгүй улс, яг л нэг хэвэнд зутгачихсан барьмал шиг л улс байдаг. Хайрлах, үзэн ядахын аль аль нь дууссан байх аа, одоо бол зүгээр л нэг зомби улс нэг нэг өрөөнд ТВ-үзээстэй суудаг. Ээж маань харин цаг ирэх тусам л ууртай уцаартай болдог болчихож. Арга ч үгүй биз дээ. Юм мэдэхгүй жаахан охин байхад нь хайрлана халамжилна гэж авч суучихаад амьдралыг нь там болгосон болохоор хүн эргэж харах бүртээ энэ амьдралдаа голдоо ортол тэр аавтай минь учирсандаа үхэн үхтлээ харамсдаг болохоор уурлахаас ч аргагүй биз. Одоо манай байранд яг нэг тийм хос байна аа, нөхөр нь шөнө 2-3 гэж ирээд л агсан тавьж эхлэнэ. Эхнэр хүүхдүүд нь үүр цайтал уйлж орилолдоно. Би тэр бүхнийг сонсоод шөнө унтаж чадах аа байж ээ. Хүмүүс цагдаа дуудаад л бариулна, орцоор хэн цагдаа дуудсан бэ та нарыг ална аа гээд л нөхөр нь орилно, цагдаа тус болдоггүйг би мэддэг ээ. Үсрээд л 3 хоног хорьж байгаад л гараад ирнэ тэгээд өмнөхөөсөө илүү тарчлана гэдгийг би мэднэ учир нь тэр амьдралыг би өөрөө туулсан болохоор мэддэг. Эхнэр нь 2 охин нь гэж нүдэндээ гүн хар зовлон тээсэн хүмүүс явж л байдаг, хараад яаж туслахаа ч мэддэггүй, хэн рүү яаж залгахаа ч мэддэггүй, учир нь надад манайд хэн ч тус болж байгаагүй. Нөхрийг нь барьж аваад нэвширтэл нь зодмоор байдаг ч тэр босоод дахиад л гэр бүлээ зовооно гэдгийг мэддэг.

Энэ бүхнийг яагаад бичсэн бэ гэхээр энэ сайтад хадам ээж, хамаатан охин, найз нөхөд ажлын залуу, хэнтэй ч хамаагүй нууц амраг болохсон, явалдахсан гэсэн хүмүүс их болж ээ. Би унших бүртээ хүн өөрөө өөрийнхөө зовлонг үргэлж эрж хайж явах юм даа л гэж бодогддог. Хүнд үйлийн үр, лай гэдэг юм заавал эргэж ирдэг юм шүү. Хэзээ хойно ч гэсэн эргэж ирнэ. Харин тэр үед хүн мянга уучлал гуйгаад, мянга буян үйлдээд хоцорсон байх биз дээ. Өнөөдөр хэн нэгэний зовлон, нус нулимсаар жаргал хийж яваа хүмүүсээ эсвэл тийм амьдрал хүсэгчдээ үйлийн үр заавал эргэж ирдэг юм шүү гэдгийг л хэлье. Заавал эргэж ирдэг…

Эх сурвалж: https://www.facebook.com/groups/thanks.literatura/permalink/346983902621166/?__tn__=K-R

Санал болгох

Сэтгэгдэл

top