|

Өмнөд Солонгост ажлын дөрвөн өдөртэй долоо хоногийг туршиж эхэлжээ

saikhnaa 2019/05/22 44 0

Өмнөд Солонгосын томоохон бизнес группуудын нэг SK Group ажлын дөрвөн өдөртэй долоо хоногийг туршиж эхэлсэн нь улсдаа анхны ийм оролдлого болж байна.

Өнгөрсөн оноос тус группын SUPEX Council, SK Holdings компаниудад цөөн ажлын өдөртэй горимыг нэвтрүүлэн туршиж эхэлжээ. Эдгээр компаниуд нь нийт 300 орчим ажилтантай, SK Group-ийн ирээдүйг тодорхойлох үүрэгтэй.

Харин SK Group бүхэлдээ 100 орчим компаниас бүрдэх, хэдэн арван мянган ажилтантай өнөр байгууллага юм.

Одоогоор дээр дурдсан хоёр компани сар бүрийн хоёр ба дөрөв дэх Баасан гарагуудад ажиллахгүй, амрах хуваарьтай ажиллаж байна.

Хэрвээ үр дүн сайн гарвал цаашдаа бүх групп даяар нэвтрүүлэхээр төлөвлөжээ. Сүүлийн жилүүдэд ажлын тав биш, дөрвөн өдөртэй долоо хоног нь хүмүүсийн сэтгэл ханамж, бүтээмжид сайнаар нөлөөлдөг гэсэн онол яригдах болж, дэлхийн олон оронд туршиж эхлээд байгаа.

SK Group-ийн ерөнхийлөгч Чэй Тэ Вон нь ажилтнуудын сэтгэл ханамжийг нэгдүгээрт тавих бизнесийн философитой хүн тул ийм туршилтыг эхлүүлсэн гэж тус компаниас мэдээлжээ.

Эх сурвалж: Korea Times

Санал болгох

Сэтгэгдэл

top