Тухайлбал, Сонгуулийн тухай хуулийн 52.6-д Орон гарсан УИХ-ын гишүүний бүрэн эрхийн хугацаа дуусахад нэг жил хүрэхгүй хугацаа үлдсэн бол орон гарсан суудлыг нөхөхгүй гэж заасан. Өнөөдрийн хуралдаанаар нөхөн сонгуулийг зарласан УИХ-ын тогтоол цэц дээр унасан учраас 2020 оны сонгуулиас наана нөхөн сонгууль болохгүй ч байх магадлалтай боллоо.
Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Солонгын танилцуулсан шийдвэрийг товчилъё.
- УИХ-ын гишүүн Д.Гантулгыг чөлөөлсөн явдал нь Үндсэн хууль зөрчөөгүй байна. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 75 гишүүний 60 хувь нь түүнийг чөлөөлөхийг нууц санал хураалтаар дэмжсэн нь хуульд нийцсэн.
- УИХ-ын гишүүн өөрийг нь сонгосон иргэдийг төлөөлдөг императив буюу захирагдмал мандаттай бус. Харин нийт иргэн, улсын ашиг сонирхлыг хангахын тулд ажиллаж, түүний төлөө хариуцлага хүлээдэг чөлөөт мандаттай. Ийм учраас аль ч тойргийн сонгогч УИХ-ын аль ч гишүүнийг өөрийнх нь төлөөлөл гэж үзэх үндэслэл бүрдсэн. Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүн тойргоос сонгогддог хэдий ч нийт иргэдийн төлөөлөл болдог учиртай тул Хэнтий аймгийнхан төлөөлөлгүй болоогүй.
- УИХ-ын нийт гишүүний дөрөвны гурав буюу 57-оос доошгүй гишүүн сонгогдож, УИХ-ын гишүүний тангараг өргөсөн бол УИХ-ыг бүрэн эрхээ хэрэгжүүлэх бүрэлдэхүүнтэйд тооцно. Ийм учраас УИХ Д.Гантулгыг гишүүнээс нь чөлөөлөхдөө бүрэн эрхээ хэрэгжүүлэх ирцтэй хуралджээ.
- Сонгуульд оролцох нам нь санал авах өдрөөс 180 хоногоос өмнө Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн байна гэсэн нь Үндсэн хууль зөрчсөн байна. Эвсэлд нэгдсэн нам, бүх нам эвсэл санал авах өдрөөс 180 хоногоос өмнө Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн байна гэсэн нь Үндсэн хууль зөрчсөн байна. Иймд Сонгуулийн тухай хуулийн дээрх заалтууд өнөөдрөөс түдгэлзэнэ. Дээрх заалтууд Хэнтий аймагт нөхөн сонгууль товлохдоо иргэн, улс төрийн нам, эвслийг тэгш оролцох боломжгүй болгожээ.
- Үндсэн хуулийн цэц 2018 онд энэ хийдлийг засах талаархи шийдвэрээ УИХ-д хүргүүлж байсан. Гэвч Сонгуулийн тухай хуулийн хийдэл, дутагдлыг арилгахгүйгээр Хэнтий аймагт нөхөн сонгуулийг товлон зарлах, санал авах тухай УИХ-ын тогтоолыг баталжээ.
- Сонгуулийн эрх зүй нь сонгууль явуулах үе шат бүрийн эхлэх, дуусах хугацааг нарийвчлан тогтоохыг шаарддаг. Ийнхүү зохицуулаагүй тохиолдолд ерөнхий зохицуулалтыг баримтална. Энэ зарчмаар бол УИХ-ын нөхөн сонгуулийн санал авах өдрийг сонгууль болохоос 150-аас доошгүй өдрийн өмнө тогтоохоор байна. Үүнээс үзвэл УИХ нь Сонгуулийн тухай хуулийн дээрх зарчмыг зөрчиж 2019 оны хоёрдугаар сарын 2-ны өдөр 22 дугаар тогтоол гарган 148 хоногийн өмнө УИХ-ын 42 дугаар тойрогт нөхөн сонгуулийн санал авах өдрийг тогтоосон байна. Өөрөөр хэлбэл, УИХ-ын 42 дугаар тойргийн нөхөн сонгуулийн санал авах өдрийг тогтоосон тогтоол Үндсэн хууль зөрчжээ.
- УИХ-ын 23 дугаар тогтоолоор нөхөн сонгуулийн зардлыг Засгийн газрын нөөц сангаас гаргахыг Засгийн газарт даалгасан. Харин Сонгуулийн тухай хуульд сонгуулийн төсвийг УИХ-ын төсвөөс санхүүжүүлэх талаар хуульчилжээ. Засгийн газрын Тусгай сангуудын тухай хуульд нөөц сангаас урьдчилан мэдэх боломжгүй тохиолдолд санхүүжилт гаргах зохицуулалт бий. Гэхдээ УИХ-ын 42 дугаар тойрогт нөхөн сонгуулийг явуулах нь 2018 онд тодорхой байсан. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын 2019 оны төсөвт тодотгол хийхээс өөр аргагүй болж байна.
Үндсэн хуулийн цэцээс гаргасан дээрх шийдвэрийг УИХ 15 хоногт хэлэлцэх учиртай. Төсөвт тодотгол хийхийг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар дэмжихгүй байгаа. Хэрэв төсвийн тодотголын хаалгыг нээвэл санхүүгийн сахилга бат алдагдана гэж тэрээр үзэж байгаа юм. Нөгөө талдаа Сонгуулийн тухай хуулийн 180 хоногийн босгыг багасгавал сүүлд бүртгүүлсэн намууд сонгуульд өрсөлдөх эрх нь нээгдэх эрсдэл гарна гэдгийг эрх баригч МАН-ынхан ярьсан. Энэ шалтгаанаар хугацаа алдаж, нөхөн сонгууль явуулж болох хугацааг өнгөрөөж мэдэхээр байгаа юм.
Б.Дамдинжав
Эх сурвалж: newspress.mn